| | USD/MNT 0₮

Засгийн газар хүчээр үнэ тогтоож байсны уршгаар түлш тасархад хүрлээ

Манай улс дизель түлшний хомсдолд ороод нэлээн хэд хонож байна. Цаашлаад энэ байдал удаан үргэлжилвэл улсын эдийн засагт болон ард иргэдийн амьдрал нийтийн тээвэрт том эрсдэл үүсч, эдийн засаг бүхэлдээ зогсох аюулд хүрнэ. Сүүлийн нэг жилийн хугацаанд шатахуун дизель түлшний үнэ 2800-5000 хүртлээ өссөн. Өнөөдрийн байдлаар ард иргэдэд дизель түлш болон АИ-92 шатахуун олдохгүй байна. Зарим ШТС-иуд лимт тогтоосон, шатахуун дууссан гэдэг шалтгаанаар өгөхгүй байна. Тухайлбал, МТ колонкийн ихэнх салбар шатахуун өгөхөө больсон. Ажилчдадаа ч цомхтгож байгаа гэх албан бус мэдээлэл байна. Манай улс шатахуунаа ОХУ болон бусад улсаас импортоор оруулж ирдэг. Өөрөөр хэлбэл, нефтийн бүтээгдэхүүнийг эцсийн болгож боловсруулдаггүй, “айл”-ын гар хардаг гэсэн үг.

Сүүлийн үед яагаад түлш тасрах болов гэдэг асуудал. Салбарын сайд нь хэд хэдэн шалтгаан хэлж байгаа. Нөгөө л ОХУ-ын дотоодын нийлүүлэлт тасалдсан болон улс хоорондын дайн дажинтай холбож тайлбарлаж байгаа ч түлш тасрахгүй хүнд байдалд орохгүй ээ, түр зуур л тасарч нөөцгүй боллоо эргээд хэвийн болчихно гэсэн үгээр ам таглаж, тайвшруулж байгаа ч нөхцөл байдал үнэхээр хүндэрчээ. Нийтийн тээвэрт дизель түлшгүйгээс болж үйлчилгээнд гарч чадахааргүй болжээ. Хэдхэн хоногийн нөөцтэй, хэрэв тэр нөөцөө дуусвал цаашид яах эсэхээ мэдэхгүй тул арга барахдаа АМГТГ-т албан шаардлага хүргүүлсэн байгаа талаар Нийтийн тээврийн газрын техник технологийн хэлтсийн газрын дарга Ч.Батсуурь мэдээлэл өгсөн. Эндээс харахад Орос улс крантаа хаахад, Монгол Улс Хятадыг царайчилж, машинаа, автобусаа түрж явах нь.

Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 80 мянган тонн байдаг. Үүнийг 60 орчим хувийг Роснефт компан нийлүүлдэг бөгөөд үлдсэн 40 хувийг бусад трейд компаниуд нийлүүлдэг. Тодруулбал, 100 хувь импортоор шатахууны хэрэгцээгээ хангадаг тул цар тахлын жилүүдэд болон сүүлийн нэг жилд Засгийн газраас үнэ тогтвортой барих бодлого нь энэ салбарт болчимгүй алдаатай бодлого болов. Тодотговол Засгийн газраас шатахууны үнийг хүчээр барьсны горыг өнөөдөр амсч, түлш тасарч, Монгол Улс энэ өвөл тэг байдалд орж, царцаж мэдэх нь. Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажил бүхэн ард түмэндээ таалагдах, амалсан амлалтаа биелүүлэхийн тулд ирээдүйд үүсэх эрсдлээ тооцохгүйгээр хэсэг хугацаанд шатахууны үнийг хүчээр барьж, эцэст нь импортлогчид нь дампуурч байна. Тиймээс түлш шатахууны үнийг чөлөөлж, зах зээлд нь даатгах нь зөв. Монгол Улсын эдийн засаг хувийн хэвшлийн нуруун дээр явдаг гэдгийг эрх биш мэдэх байх. Гэтэл хувийн хэвшлийнхнээ, шатахуун импортлогчдоо байнга сүрдүүлж, тусгай зөвшөөрлийг нь хурааж авна, цуцална, торгоно гэж дарамталдаг учраас импортлогчид үнэ тогтвортой барьж байх үедээ гаднаас үнэтэй түлш авах боломж байсан ч авдаггүй байжээ.

Энэ сард дэлхий нийтэд нефтийн үнэ буурна гэж байгаа ч ам.доллартай харьцах төгрөгийн ханш өссөн хэвээр байвал Монгол дахь үнэ буух ямар ч боломжгүй юм.

Засгийн газар Роснефт компанитай гэрээ хэлэлцээр хийж, АИ-92 автобензинийг 2027 он буюу 5 жилийн хугацаатай тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттй үнээр худалдан авахаар тохирсон гэдэг. Гэхдээ энэ гэрээ нь шатахууны үнийг өнөөдрийн түвшинд барина гэсэн үг биш. Олон улсын хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагддаг газрын тосны үнэ дэлхий нийтэд өрнөж байгаа үйл явдлуудаас шууд хамаарна. Үүнд ОХУ Украйны дайн ч нөлөөлнө. Тэгэхээр манай улсын Засгийн газар таван жилийн гэрээтэй, бид нэг үнээр шатахуун авна гэдэг үлгэрт найдахтай адил юм. Таван жилийн хугацаанд хийсэн гэрээ хүчинтэй байж, нэг үнээр авна гэж хэзээ ч байхгүй. Тэгэхээр шатахуун импортлогчдыг чөлөөт зах зээлийнх нь зарчмаар ажиллуулж, шатахууны үнийг чөлөөлөх зайлшгүй шаардлагатай байна. Төр засаг хүчээр барина гэж хэзээ ч байхгүй, амжилт ч олохгүй. Хүчээр барьсаар байгаад эцэст нь энэ салбарыг сөхрүүлж мэднэ. Яаралтай арга хэмжээ авахгүй бол хэдий болтол хүчээр үнэ тогтвортой барьж байгаа нэрээр дизель түлшгүй болж, лимттэй олдож байгаа шатахуун нь тэнгэрт тулсан үнэтэй болж ард иргэдийн, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр хүнд ачаа болж буух вэ.

 

Эдийн засаг

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.