| | USD/MNT 0₮

Б.Чойжилсүрэн:Ард түмэнд үнэнийг хэлсэн нь дээр байх, Нийслэлийн дулааныг аргалаад явах бүх нөөц шавхагдсан

Баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар "Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Ерөнхий сайдын мэдээлэл сонслоо. 

Энэ үеэр УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгөх үеэрээ Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах хариултыг өглөө. Тэрбээр "Эрчим хүчний асуудлыг аргалаад яваад байж үнэхээр болохгүй. Аргалах бүх нөөц одоо шавхагдаж дууссан. Ард түмэнд үүнийг шударга хэлсэн нь дээр. Улаанбаатарт дөрвөн эх үүсвэрээс дулаан нийлүүлж байгаа. 2024-2025, 2025-2026, 2026-2027 онд галлагааны улирлын дутагдаж байгаа хүчин чадлыг тархмал зургаан эх үүсвэрээр нэмж байгуулахаар зураг нь хийгдээд дуусаж байна. Эхнийх нь төслийг эхлүүлсэн. Энэ бол Амгалан дулааны цахилгаан станцыг өргөтгөх төсөлд гүйцэтгэгч нь шалгарсан. Чадвал ирэх өвлөөс өмнө нь холбоно. Улаанбаатар дулааны шугам сүлжээний борлуулж байгаа өртөг нь үйлдвэрлэж буй өртгийнхөө 40 орчим хувьтай л байна. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК энэ онд хүлээгдэж буй дүнгээр 130 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ. Ийм доогуур үнээр энэ салбарт ямар нэгэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийх ойлголт байхгүй. Тийм учраас бид саяхан үнэ нэмэх ажлыг хийсэн. Харин ахуйн хэрэглээний эрчим хүчний үнийг нэмж чадаагүй. Дулаан болон цахилгаан эрчим хүчний хувьд ч тэр. Шалтгаан нь цар тахал болон ОХУ, Украины байдал үнийн өсөлтөд нөлөөлж байна. Иргэдийн хэрэглэж буй дулаан, цахилгааны үнийг эдийн засгийн уналт зогсоод, өсөлт гарсан нэг жилийн дараах жилээс нэмэхгүй бол хэрэглэгч нарын төлбөрийн чадвар хангалттай биш байгаа. Аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудын тухайд эрчим хүчний үнийг нэмсэн" гэлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Одоо байгаа үнийг хэд болгож нэмэх юм бол энэ салбар өртгөө нөхөх юм. Аргалдаг байдлуудаа нэг мөсөн шийдэх цаг болсон юм биш үү. Ойролцоогоор тэрбумаас хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэг болох нь. манайд байгаа нь нүүрсний эх үүсвэр л байна. Олон Улсын байгууллагаас санхүүжилт авах боломжгүй, дотоодоосоо санхүүжүүлэх боломж байхгүй. Энэ санхүүгийн дутагдлыг хойшид яаж шийдэх юм. Тавантолгойн дулааны станцын ажил ямар шатандаа байгаа юм. Аргалсан, аргацаасан бодлогоо засаж эрчим хүчний салбараа аврах цаг хэзээ вэ" гэлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Тавантолгой цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг яаж шийдэж байгаа вэ. Энэ өвөлдөө цахилгаан, дулаан тасалдаж хөлдчихгүй биз дээ. Ер нь цаашид Эрчим хүчний үнийг тогтворжуулахын тулд Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлэх вэ. Нийслэлчүүд оаагаа бэлдэх үү" гэв. 

 
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.