| | USD/MNT 0₮

ЖҮЖИГЧИН Б.ШИНЭБАЯР: Өөрийн сэтгэл дотроо эмзэглэж явдаг бүхнээ кино урлагаар дамжуулан харуулахыг зорьдог

       Тайз, дэлгэцийн олон уран бүтээлд өөрийн шинэлэг дүрээр бусдад танигдан, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж яваа залуу уран бүтээлч бол УДЭТ-ийн жүжигчин МУСТА Б.Шинэбаяр юм. Тэрбээр хамгийн анх “Аав” МУСК-ны гол дүрд ажиллаж, үзэгчдийг байлдан дагуулаад зогсохгүй алдарт сонгодог жүжиг болох Ромео Жульетта жүжгийн Ромеогийн дүрд тоглосон гурав дахь уран бүтээлч. Түүнээс гадна хэд хэдэн тайз, дэлгэцийн уран бүтээлд өөрийн гол дүрийг бүтээж, эчнээ олны танил болсон залуу уран бүтээлч гэдгээр нь хүмүүс андахгүй мэдэх бизээ. Харин өдгөө УДЭТ-ын тайзнаа цаашдын уран бүтээлдээ шамдан ажиллаж буй түүнийг бид энэ удаагийн “MY CAREER” буландаа онцолж, уншигч танд хүргэж байна. 

-Тайзны бүтээлүүдээс гадна та дэлгэцийн хэд хэдэн уран бүтээлд тоглосон. Тэр дундаас “Аав” киноны дүрээр хүмүүс таныг андахгүй мэддэг. Тухайн дүрийг анх хэрхэн амилуулж байв?

             -Аав МУСК-д тоглох санал 2015 онд ирж байсан. Энэ киноны санал бол миний анхны дэлгэцийн уран бүтээлийн гол дүрд тоглох санал байсан гэдгээрээ сэтгэлд ойр байдаг. Тэр ч утгаараа тус кинонд дүр бүтээх явцад олон зүйлийг сурч ойлгосон. Уг кино, зохиол нь хүний амьдралд илүү ойр, дотно байдаг учраас хүмүүс маш эерэг, сайхнаар хүлээж авдаг л даа.  Аав байна гэдэг асар өндөр хариуцлага. Одоо бол би аав гэдэг хүн үрсийнхээ амьдралын хамгийн том утга учир нь юм болов уу гэж бодож байгаа. Кино бол кино. Үзэгчдэд үзүүлэхээр зорьсон юмаа л үзүүлнэ. Амьдрал дээр илүү нарийн.

-Уильям Шекспирийн “Ромео Жульетта” жүжиг хэдэн зуун дамнан тайзан дээр тавигдаж байгаа. Та Драмын театрын гурав дах Ромео гэж яригддаг. Ромеогийн дүрийг бүтээх анхны мэдрэмж ямар байсан бэ?

           -Ромеогийн дүр бол миний тайзны уран бүтээлийн анхны гол дүр. Жүжигчин болох мөрөөдөлдөө хөтлөгдөж, СУИС-д элсэж орсон цагаасаа л энэхүү дүрд тоглохыг мөрөөддөг байлаа. Одоо харин мөрөөдлөө биелүүлчихсэн зогсож байна. Энэ бол нэгэн бахархал гэж боддог. Мөн энэ төрлийн сонгодог жүжиг дээр ажилласан хүн их сургууль төгссөнтэй дүйцэхүйц туршлага, боловсрол хуримтлуулдаг гэлцдэг. Тэр ч утгаараа энэ дүрдээ шимтэн дурлаж, маш их хичээл зүтгэл гаргасан. “Ромео Жульетта” жүжгийг Монголд анх 1996 онд хүргэж байсан бол энэ удаад арай илүү модерн чиг хандлагаар орчин үеийн залуучуудын сэтгэхүйд нь тааруулахаар шигтгэж өгсөн гэдгээрээ XXI зууны Ромео Жульетта нь онцлог.

-Таны сүүлийн үеийн дэлгэцийн уран бүтээлүүдээс “Тэгри Чину” кино нь илүү содон, сонирхолтой байж үзэгчдийг нэлээдгүй байлдан дагуулж байна. Тухайн киноны дүр дээр ажиллах нь таны сэтгэлд хэр ойр байсан бэ?

         -“Тэгри чину” кино нь өмнө нь гарч байсан дэлгэцийн уран бүтээлүүдээс мэдээж бүх талаараа өөр байсан. Ялангуяа дүрийн хэллэг маш олон хүний судалгаан дээрээс үндэслэн гарсан учраас бага зэрэг хэцүү байсан. Миний хувьд Мэхлэн гэх залуугийн дүр дээр ажилласан. Манай уран бүтээлчид дүрийн хэллэгийг илүү орчин үеийн хэв маяг руу оруулахаар чамгүй хугацаанд ажилласан. Мөн байгалийн зураг авалтууд болон бусад орчин зэрэг нь илүү шинэ, шинэлэг байж чадсанаараа гайхалтай уран бүтээл болсон гэж боддог. Үзэгчид ч үүнийг анзаарсан байх.

 -Уран бүтээлч хүн бүрт өөрийн гэсэн зорилго байдаг байх. Таны хувьд цаашид юунд илүү зорьж ажиллахаар төлөвлөж байна вэ?

         -Орчин үеийн кино уран бүтээл нь миний анзаарч байгаагаар илүү сэтгэлгээний болоод хувь хүний төсөөлөл, оюун санааны мэдрэмж дээр тулгуурласан байдлаар өөрчлөгдөж байна. Тэр чинээгээр ч манай дотоодын кино уран бүтээл хувьсаж байх ёстой гэж боддог. Тийм учраас миний хувьд өөрийн эмзэглэж явдаг болон төсөөлж, мэдэрч байдаг бүхнээ кино урлагаар харуулахыг хичээнэ. Цаашлаад ганц дотоодын уран бүтээл бус гадаадын кино урлагт өөрийгөө сорихоор төлөвлөж байгаа. Уран бүтээлч хүн бүр л илүү өндөрт гарахыг хичээж байдаг шүү дээ.

 ДЭЛГЭРЭНГҮЙГ ДАРААХ ЛИНКЭЭС ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ - https://fb.watch/jHdDAh_XqP/

 

 

My Career

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.