| | USD/MNT 0₮

П.Мөрөн: Өвчнөөс үл хамааран дуртай спортоороо эргэн хичээллэж эхлэхэд эрүүл мэндэд минь эерэг өөрчлөлт гарсан

АНЭУ-д болсон Abu Dhabi Desert challenge 2024 олон улсын раллид мотоциклийн төрөлд оролцсон Монголын тамирчин П.Мөрөн /2024.03.02/-ны өдөр шилдэг 10-т шалгарсан. Abu Dhabi desert challenge ралли нь алдарт “Дакар Ралли”-д оролцох эрхийн оноо олгодог цуврал уралдааны нэг юм. Тэгвэл бид энэ удаад Монгол Улсын Мотоспортын ОУ-ын хэмжээний мастер П.Мөрөнтэй тус уралдааны явцын тухай ярилцлаа.

-Анх яагаад энэ спортоор сонгон хичээллэх болсон талаар манай уншигчдад хэлж өгнө үү?

-Би яг 2008, 2009 онд тэрнээс өмнө 5 6 настай байхдаа унадаг байсан. Шалтгаан нь гэвэл аав юм болов уу? Аав өөрөө ОУ-ын хэмжээний мастер яг бид нар мотоциклтой өссөн гэж хэлж болно. Тийм болохоор илүү ойрхон дээрээс нь энэ спорт маш гайхалтай шүү дээ.

-Абу дабид болсон уралдаанд оролцох гол зорилго тань Дакарт хүч сорих уу?

- Тийм ээ. Дакар ралли бол дэлхийн аваргын нэгдүгээр шатны тэмцээн юм. Харин Абу-даби дессерт нь хоёрдугаар шатны тэмцээн билээ. Миний зорилго бол Дакар Ралли тэмцээнд орох юм. Тухайн Дакарт орохын тулд заавал хоёрдугаар шатны тэмцээнд топ 10 юм уу 15-д орсон байх  шалгуур үзүүлэлттэй байдаг.

- Абу дабид болсон уралдааны үйл явцын тухай дэлгэрэнгүй хэлж өгч болох уу? 2000 км замыг таван өдрийн турш уралдаж дуусгана гэдэг мэдээж яггүй даваа шүү дээ

-Миний сая орсон Абу-Дабугийн тэмцээн маань 2000 гаруй км-ийн урттай нийт зургаан өдрийн турш үргэлжилсэн. Нэг өдөр нь гарааны байрлал тогтоох тэмцээн болсон. Монголын элсэн дунд уралдаж үзсэнээс биш бүтэн элсэн дунд уралдаж үзээгүй. Бүр 200-300 км дан элсэн манхан байсан. Тэгээд би анх гарахдаа багынхандаа томроод л. Манай баг бол Монголоос дөрвүүлээ явсан. Монголд бол 600 км асуудалгүй явдаг. 200км амархан гэж бодож байсан. Тэгээд яг гартал 200 км чинь Монголын 600 км-ээс илүү цаг туулсан. Бас л хэцүү юм билээ. Эхний өдөр элсэн манхан дунд ороод зарим нь дунд, жижиг, төгсгөлгүй заавал харайж буудаг ч юм уу. Дасаагүй газар маш хэцүү байсан. Эхний хоёр өдөр лайв дээр үзсэн байх. Бараг сэтгэл санаагаар нэлээн буугаад өгсөн байсан гэж хэлж болно. Ийм хэцүү юм байдаг юм байхдаа гээд л бодчихсон. Эхний өдөр л гэхэд гар цэврүүтсэн байсан. Мотоциклын үрүүлийг базахад хэцүү болсон байсан. Хамаг хөлс гоожоод л. Тэнд 30 градустай байсан ба элснээс, дээрээс нар, мотоцикл халуу шатаад. Тэгээд ус хоол бодогдоод л больчихмоор ч юм шиг санагдаад. Тэгж байснаа хоёр дахь өдөр ямар ч гэсэн гарна гээд л. Аав ээжтэй яриад урам зориг аваад л үргэлжлүүлсэн. Харин гурав дахь өдрөөсөө бол Монгол хүн гэхээр ч тэр үү. Дасах нь хурдан санагдсан. Гурав дахь өдрөөсөө ажлаа хийж байгаа юм шиг өглөө 4 цагт босоод л бүх юм аа бэлдээд л ажил аа хийж байгаа юм шиг байсан. Тэгээд элс нь гайгүй санагдаж эхэлсэн. 7, 8 давхар байшин шиг манхнууд ч байна. Сүүлдээ манхнаар явмаар санагдсан шүү. Тэгээд боломжтой юм байна гэж бодсон.

-Дакар Раллигийн тэмцээндээ хэзээ оролцохоор явах вэ?

-Дакар раллигийн тэмцээндээ ирэх нэгдүгээр сард оролцоно. Монголд Ралли төрлөөр урдуур орж байсан түүх байхгүй. Нэгд түүх болж байгаа мөн уралдаж буй залуус эсхүл сонирхогч дүү нарт бүх зүйл боломжтой гэдгийг харуулсанд баяртай байна.

-Мотоспортыг ихэнх хүмүүс эрсдэл ихтэй аюултай талаас харж, дүгнэдэг шүү дээ. Харин эрүүл мэнд болон, сэтгэл санааны хувьд эерэг өөрчлөлтийн тухай дурдана уу?

-Мөн би мотоспортыг эрүүл мэндийн хүнд байдлаас болж дөрвөн жил орхисон. Энэ хугацаанд гадаадад сурч төгсөж ирсэн юм. Эх орондоо ирээд шинжилгээ өгөхөд эрүүл мэндийн байдал дээрдээгүй байсан. Харин үүнээс үл хамааран дуртай спортоороо дахин хичээллэж эхэлсэн. Гэтэл шинжилгээгээр өвдөж байсан элэг минь сайжирсан юм. Тэгээд л хүн ер нь дуртай зүйл ээ хийж, түүнээсээ аз жаргал мэдрэх нь бүх зүйлд эергээр нөлөөлдөг болохыг анзаарсан. Иймд залуус дуртай спортоороо уйгагүй хичээллэж түүнээсээ аз жаргалыг мэдрээсэй гэж уриалмаар байна.

Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.