| | USD/MNT 0₮

Гүнжийн нуураар тойрч яваа Н.Амаржин, Г.Очирбат хоёр СХД-т нэр дэвшихээр ЗЭХЭЖ БАЙНА

Ардчилсан залуучуудын холбооны гишүүн Г.Очирбат нь өөрийн цахим хуудаснаа “ахмадуудтайгаа уулзахаар сайхан байлаг шүү. Гүнжийн нуур дээр гүнж нартай болзсон мөч” гэж бичин хоёр настан хөтөлсөн зургийг нийтэлжээ.  Мөн залууст комедиан гэдгээр олны танил болсон Н.Амаржин хоёр хоногын өмнө сошиал хуудаснаа “Гүнжийн нууран дээр 24/7, намайг Амёон гэж дуудаарай” гэсэн гарчигтай нуурын дэргэд авхуулсан зургыг нийтэлсэн. Тэгвэл Гүнжийн нуурын эргээр эргэлдсэн хоёр СХД-ийн 11 дүгээр тойрогт АН-ыг төлөөлж нэр дэвших магадлалтай байна.

2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нутаг дэвсгэрийн төвийг тогтооход нийт 13 тойрог гэж хуваасан. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд БЗД 8-р тойрог, БГД 9-р тойрог, СБ Чингэлтэй дүүргийг нэгтгэн 10-р тойрог, СХД дангаараа 11 дүгээр тойрог байхаар тооцсон. СХД-ийн тухайд Монгол Улсын нийт хүн амын 11.6 хувь, Нийслэлийн нийт хүн амын 22.8 хувь, орон сууцны хорооллын 27.1 хувь, гэр хорооллын 72.9 хувь тус дүүрэгт байдаг. Ер нь гэр хороолол болон, хүн амын хувьд нягтаршил өндөр гэсэн үг. Тэгэхээр тухайн бүсэд дэд бүтцийг хөгжүүлэх их ажлууд байх нь гарцаагүй. Тэдний боловсрол болон улс төрийн туршлагыг харьцуулъя.

Г.ОЧИРБАТ: Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд 28-р тойрогт АН-аас нэр дэвшсэн ч харамсалтай нь сонгогдож чадаагүй. Мөн тэр үе үе талбай дээр суулт хийж, эсэргүүцэл зарладаг. Тухайлбал, 2022 онд  С.Эрдэнэ болон Х.Баттулга нарыг “ардчилсан намын байр сууриар ажиллаагүй, төвийг сахиж, ах нар эвлэрэхгүй байна” гэсэн шалтгаанаар шалгуулах хүсэлтийг  АТГ-т хүргүүлж байв. Өмнө сонгуульд нэр дэвшиж байсан туршлагатай тул эрт сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн. Энэ оны 12-р сард Өд брэндийн 10 жилийн ойг тохиолдуулан нойлын цаас, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл иргэдэд бэлэглэхдээ өөрийн зурагтай мэндчилгээг хавсаргасан нь олны дургүйцлийг хүргээд амжсан. “Өд” ариун цэврийн цаас, “Тоди” хүүхдийн живхээрээ хэдийнэ танил болсон “ТНГРИ Инвест” группийн захирал тэрбээр ШУТИС-ийн КТМС-ийн “хүний нөөцийн удирдлага”-ын ангид суралцжээ.

Н.АМАРЖИН: Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн зөвлөх тэрбээр Universal англи хэлний сургалтын төвийг ажиллуулаад 9 жил болсон. Харин энэ удаагийн УИХ-ын сонгууль түүний анхных. 2003 онд түүний гэр бүл АНУ-г зорьж, тэнд хүүхэд насаа өнгөрөөжээ. 2012 онд Колорадогын Их сургуулийг улс төр шинжлэх ухаан, эдийн засгийн хос дипломтойгоор төгссөн байна. Тэрбээр комедиан хийн олны танил болоод багагүй хугацаа болсон юм. Хуримаа хийж нэртэй цуутай бүхнийг урьсан ч хэдхэн сарын настай байв. Түүнийг Лу.Гантөмөрийн зөвлөх болсноор нь олон нийт шүүмжлэн хүлээн авч буй. 

 

 

Сэтгүүлч: А.Булганчимэг

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.