| | USD/MNT 0₮

О.Мөнгөнцэцэг: Хийж үзээгүй ажил гэж байхгүй ,орцны шатан доор унтаж байхдаа заавал АМЖИЛТАНД хүрнэ гэж амласан

МY СAREER булангийнхаа энэ удаагийн зочноор бизнес эрхлэгч О.Мөнгөнцэцэгийг урьж оролцууллаа. Тэрбээр "Хийж үзээгүй ажил гэж байхгүй. Орцны шатан доор унтаж байхдаа заавал амжилтад хүрнэ гэж өөртөө амалж байсан. Амжилтанд хүрсэн явж байна" хэмээн ярьсан билээ.

Мөн түүнчлэн тэрбээр "Өмнө нь мөнгөгүй байх үеэ харьцуулж үзэх юм бол хэцүү байсан үе бий. Эгч маань ТҮК-д ажилладаг, би эгчийндээ амьдарч ажил хийдэг байсан. Эгчийн өрөөнд багтахгүй орцонд хаалттай шатны дор унтдаг байсан. Нийгмийн эмзэг давхрагын хүмүүс анхнаасаа ийм давхрагатай байгаагүй, анхнаасаа тэгээсээ эхэлсэн болохоор тэр хүмүүсийг чиглэж харж чаддаг.

Амьдралын эрч хүчээ ганц охиноосоо авдаг. Ээжээсээ авдаг байсан бол ээж минь бурхан болсон. Одоо охиноосоо авч байна даа. 

Манай дэлгүүр Гранд плазагийн зүүн урд талд байдаг. Төв салбар, оффис, агуулахтайгаа нэг дор байрладаг. Миний хувьд өдөржингөө эндээ хүмүүстэй ажиллаж арьс арчилгааны зөвлөгөө өгч, бараагаа хямдруулаад лайваа хийгээд байж байдаг даа. Өдөр болгон бараагаа багцлаад бөөнөөр нь гаргаад хүмүүст өгөхөөр их амар байдаг. Хүмүүст ч таалагддаг. Дансаар хүмүүсийн гүйлгээ орж ирнэ, хаяг утсыг нь наагаад хөдөө орон нутаг руу явуулчихдаг. 

Онлайн дэлгүүрээс тав тухтай тохилог дэлгүүртэй болчих гээд л үзээд байна даа. Бас Солонгосын агуулахуудыг цөм цөм хоосолж байгаа манайх. Манайх маш их юм зарна. Бүх төрлийн ашигтай бактерууд ирдэг. Мөөгий онлайн шопоо Мөөгий брэнд болтол нь хөгжүүлж яваа, манайх зургаан салбартай, 15 ажилтантай. Бүсгүйчүүдийн гоо сайхны төлөө өдөр шөнөгүй зүтгэж явна даа. Хөдөө орон нутгийнхаа бүх хэрэглэгч нарт өдөр бүр хүргэлт гаргадаг. Жижиг онлайн шопуудад бараагаа нийлүүлдэг. 

Би гоо сайхны тал дээр мэдлэггүй эмэгтэй байлаа. Өглөө босоод нүүрээ угаачихаад гараад явдаг. Багаасаа хүнс ногооны бизнэс хийж, гурил буузны цех ажиллуулсан. Солонгос явж ирснээсээ хойш гоо сайхны өндөр мэдлэгтэй болж ирсэн. Таван жил хараар ажилласан. Солонгосын үйлдвэрүүдтэй хамтарч ажилладаг. Одоо Мөөгий брэндтэй болно. Хүн бизнес эрхэлж байгаа л бол зээл авдаг. Зээл авч байж хоосон чөлөөтэй байгаа талбайнуудаа бизнес эрхлэх гэж байгаа хүмүүст түрээслүүлж болно. Нэг номерт миний найз залуу байгаа, ар талын бүх зүйлийг хийдэг. Эрэгтэй хүнгүй бол энэ бараа таваарыг нааш цааш болгож чадахгүй. Хоёрдугаарт найз ээж болж чаддаг бизнесийн хамтрагч чиглүүлж зөвлөж өгдөг төрсөн эгч байна. Дундговь аймгийн төв дээр төрсөн. Айлын гурван хүүхдийн бага нь дээрээ хоёр эгчтэй. Их эрх охин байлаа. Манай ээж аав хоёр хөдөө нүүж гараад би хотод ирж ажил хийж бизнесийн гараагаа эхлүүлж байлаа. Маш олон төрлийн юм хийж үзсэн.

Хамгийн их хийсэн бизнес ногооны бизнес. Барсаас ногоо худалдаж аваад Дамбадаржаа, Дарьэхэд гудамжинд зардаг байлаа. Тэр үед мөнгийг цүнхээр нь олдог байлаа. Аав минь хөдөө малчин, ээж минь өвчтэй. Том эгч насаараа ТҮК-т ажилласан. Дунд эгч хүүхэдтэй нөхөртэй байсан. Тэгээд ээжийгээ аврах ганц гарц гаргалгаа би байсан. Яагаад гэвэл ганц бие эмэгтэй ээжийгээ аврахын тулд мөнгө олохын тулд өдөр шөнөгүй ажилласан. Миний зорилго хорт хавдартай хэрнээ мөнгөгүй хэцүү байгаа айлуудад туслах сан байгуулах юмсан гэж боддог. Хорт хавдартай хэрнээ эрүүл саруул болох хэмжээний айл өрхийг л ивээн тэтгэх хэмжээний мөнгөтэй болох юмсан гэж боддог. 

Хувийн бизнэс эрхэлж байгаад дамдуурсан. Ээж минь өвдөөд маш их мөнгө хэрэгтэй болсон. Бүх төрлийн хорт хавдар туссан байдаг. Тэр үед мөнгөгүй байснаас болоод гадагшаа явж мөнгө хураахаар явсан. 10-аад жил гадаадад ажиллаж байгаад ирсэн. Ганцаархнаа галт тэргэнд суугаад Орос руу явж байлаа. Олон улс руу явсан. Хамгийн сүүлд надад Солонгос улс үр өгөөжтэй санагдсан.  Монгол эмэгтэйчүүдийнхээ арьсанд таарсан бүтээгдэхүүн авчраад багцлаад зардаг. 

Монголын ирээдүй болсон залуу гадагшаа гарахыг хүсдэг.  Гадаадад ажиллаж байгаад эх орондоо ирсэн ч амьдрахад хэцүү байна. Бүх зүйл нь хаалттай. Одоо тэр бизнес дэмжих зээл нь олдоход хэцүү. Ер нь бүх юм танил талаараа хахуулаар явдаг болжээ. Бор зүрхээрээ явж байгаа бидэнд асуудал байдаг. Хэцүү зүйлийг их туулсан учраас эмзэг бүлгийнхэн амьжиргааны түвшин доогуур хүмүүсийг их ойлгож хардаг даа. Бор зүрхээрээ явах хэцүү ч зоригтой би чадна гэж бодож байвал бүх зүйл болно доо гэдэгт итгэдэг" гэж ярьжээ. 

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.