| | USD/MNT 0₮

Б.ЛАКШМИ: Томсгосон тойргоор аль их хүн амтай нь өөрийн нутгийн хүнийг сонгох цаашлаад нэр дэвшигч нэг аймгийг хөгжүүлэхэд түлхүү анхаарах сөрөг үр дагавартай

Хөдөө орон нутгийг хөгжүүлэх чиглэлд хангалттай ажил хийхгүй байгаа тул Засгийн газар 2024 оны бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Мөн татвар төлөгчдийн нэг тэрбум төгрөгийг Бүсчилсэн нэг форум хийхэд зарсан гэдэг мэдээлэл бий. Гэтэл бүсчилсэн форум орон нутгийн эдийн засагт үр нөлөөгүй ба зөвхөн сонгуулийн бүсчлэл маягаар хийсэн гэж эдийн засагчид дүгнэж байна. Энэ талаар эдийн засагч Б.Лакшмигаас дэлгэрэнгүй мэдээлэл авъя.

-Бүсчилсэн хөгжлийн эдийн засгийн үр нөлөө нь юу байна вэ?

-Өнөөдөр бүсчилсэн форум гээд нэлээн олон хэлэлцүүлэг зохион байгуулаад явж байна. Бүсчилсэн форумыг эдийн засгийн бүсчлэл гэдэг талаасаа харахгүй илүү сонгуулийн бүсчлэл, шоу хэлбэрээр харж хийгээд байна гэж харж байгаа. Яагаад гэхээр бүсчилсэн форумуудыг сонгуулийн тойргоор нь бүсчлээд зохион байгуулаад байгаа болохоор тийм үр дүнд хүрч байгаа. Бид дөрвөн жил тутамд сонгууль явуулахдаа, сонгуулийн тогтолцоог өөрчилдөг. Хоёрдугаарт сонгуулийн тойргийг байнга өөрчилж ирдэг. Тэгэхээр энэ удаагийн сонгуулийн онцлог бол томсгосон тойрог буюу нэлээн хэдэн аймгийг нийлүүлчихсэн юм. Энэ нь сонгуулийн тойрог болохоос эдийн засгийн бүсчлэл гэдэг утгаар харагдахгүй байгаа.

-Эдийн засгийн үр нөлөөгөөр нь харах ёстой болохоос биш сонгуулийн бүсчлэл маягаар хийчихсэн гэж хэллээ шүү дээ. Та үүнийг дэлгэрүүлэн тайлбарлаж өгнө үү?

-Тойргуудыг хараад үзэхээр аймгуудыг нэгтгэчихсэн. Нэгтгэхдээ яг ямар зүй тогтлоор нэгтгэсэн нь ойлгомжгүй гэж би харж байна. Үүн тухайлбал хэлбэл, Баян-Өлгий дангаараа гурван мандаттай, ямар ч бүсэд харьяалагдахгүй харагдаж байна. Баруун бүсэд орж буй дөрвөн аймгийг нэгтгээд Увс, Ховд, Говь-Алтай Завхан дөрвөн аймгийг нэгтгээд нэг тойрог болгосон. Энэ тойрогт арван хүн сонгогдоно. Арван мандаттай. Үүнийг эдийн засгийн бүс гэхээр буруу гэж харагдаж байгаа. Яг ямар төрлийн эдийн засгийг тэнд хөгжүүлэх, ажлын байр, аж ахуй бий болгох гэдэг нь тодорхой бус байна. Энэ дөрвөн аймгийн төсвийг нэгтгээд аваад үзэхээр Баян-Өлгийгөөс илүү хамаагүй өндөр байх болно. Тэгээд Хөвсгөл, Орхон, Булган аймгийг аваад үзэхээр долоон мандаттай долоон хүн сонгогдоно. Учир нь аль их хүн амтай аймаг нь томсгосон тойргийн хүнийг сонгочихно. Эргээд гурван аймгаа үлдээн, өөрийн аймгийн эдийн засагт түлхүү анхаарах хор уршигтай юм. Дараагийн дөрвөн жил тойрог 21 аймаг болоод жижиг болчихвол, аймагтаа сонгогдохыг хүссэн гишүүд өөрийн нутагт л илүү зүйл хийнэ гэсэн үг. Жигд дөрвөн аймагт хөрөнгө оруулалтаа татан, юм хийнэ гэсэн зүйл байхгүй юм.

-Таны өнөөдөр өгсөн судалгааны танилцуулгад Дундговь аймаг бусад 21 аймаг дунд эдийн засгийн хөгжлөөрөө сүүлдсэн гэдэг мэдээлэл өгсөн. Тухайлбал Дундговь аймгийн хувьд эдийн засгаараа яагаад сүүлдэж ордог вэ?

-Дундговийн хувьд бүс нутгийнх нь хувьд аваад үзвэл ашигтай. Яагаад гэвэл хажуудаа Дорноговь түүнчлэн Өмнөговь аймагтай хил залгаа байрладаг. Сонгуулийн бүсчлэлээр нэг тойрогт орчихсон байгаа. Гэхдээ нөгөө хоёр аймгийг харахад эхний тавд орж байгаа атал Дундговь аймаг 21 дүгээрт орсон. Сүүлийн жилүүдэд ч нэлээн доогуур эрэмбэлэгдсэн. Дундговь аймаг Дорногвь, Өмнөговь аймагтай хамтран хөгжлийн бодлогоо боловсруулахгүй байна. Нягт уялдаа холбоотой, бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэхгүй байна гэж харагддаг. Ялангуяа Дундговь хамгийн өндөр татаас авдаг аймаг шүү дээ. Бизнес эрхлэлтийн орчныг таатай болгож, ажлын байр байр бий болгох шаардлагатай юм.

-Ярилцсан танд баярлалаа. 

 

Сэтгүүлч: А.Булганчимэг 

Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.