| | USD/MNT 0₮

СОЛИОРСОН УЛС ТӨРЧИД, ХОРЛОНТОЙ УЛС ТӨР

“Би шинэ сар эхэллээ, амжилт дүүрэн байг ээ, шинэ долоо хоногийн ажил үйлсэд тань амжилт хүсье” гэх мэтээр хуанлигийн нэг хуудсыг билэгт сайхан үгээр эхлүүлэх дуртай.Энэ л уламжлалаараа хэдхэн хоногийн өмнө “ Аравдугаар сар, Монголд тавтай морил” гэсэн нүүр номын ерөөлөөр шинэ сараа угтсан.

Гэвч аравдугаар сар тавтай морилж чадсан эсэхийг хэлж чадахгүйд хүрэв. Учир нь сар эхлэхтэй зэрэгцээд Улаанбаатар хотын иргэд сайжруулсан шахмал түлшиндээ угаартаж, бөөн бөөнөөрөө эмнэлэгт очин, хэдхэн хоногийн дотор зургаан хүн амиа алдсан эмгэнэлтэй үйл явдлаар аравдугаар сарын эхний долоо хоног өнгөрөв.

 Хэвлэлийнхэн, сөрөг хүчин, улс төрчид энэ явдлыг “шүүрч” аваад хүчтэй мэдээлж, нийгмийн сүлжээнд уухайлан шуугилаа.

Иргэд угаартаж нас барсан нь үнэн. Хэрэглээг нь хангалттай хэмжээнд зааж өгөөгүй нь үнэн. Өнөөдрийн байдлаар утааг бууруулах ганц арга шахмал түлш хэдий ч иргэдээс илүүтэй сошиалын багийнхан хоорондоо дайтаад байгаа нь сонин байна.

Эмнэлэгүүд нь угаартаж хордсон иргэдээр дүүрч, нийслэл шахмал түлш судлаачдаар дүүрэв. Иргэд түлшиндээ угаартаж амиа алдах явдал жил бүр гардаг.

Ялангуяа цаг агаар дулаахан ч биш хүйтэн ч биш байдаг завсрын үе болох аравдугаар сар, дөрөвдүгээр сард угаартах эрсдэл нэмэгддэгийг эмч мэргэжилтнүүд мэдээллээ.

"Утааны эсрэг ээж аавуудын холбоо" ТББ-т ЦЕГ-аас гаргаж өгсөн мэдээллээр 2014 онд 19 хүн, 2015, 2016 онуудад тус бүр 13 хүн угаартаж амиа алдсан гэдгийг харууллаа. 

Угаартаж нас барсан иргэдийн гэрт очиж үзэхэд зуух нь онгорхой, яндан нь таталтгүй, хөө тортог дүүрсэн, яндангийн хавхлагаа хаасан зэргээр хэрэглээ талаасаа асуудалтай байсныг холбогдох албаныхан хэлж байв. Өмнөх жил нь нүүрс түлээд болоод л байсан зуухандаа энэ жил шахмал түлш түлснээр амь насаа эрсдэлд оруулжээ иргэд, үнэхээр харамсалтай.

Манай дарга нар түлшээ рекламдаж, ийм ч сайхан зүйл хийж байна, шинэ технологи нэвтрүүлж байна, Улаанбаатарыг утаагүй болгох гэж байна гэж ухуулга хийж биш иргэддээ хэрэгтэй мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх, соён гэгээрүүлэх ажлыг хийлгүй орхисны хар гайгаар эрдэнэт хүний алтан амь үрэгдлээ. Энэ бол хатуу үнэн.

Шахмал түлш бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын, цаашлаад МАН-ын ирэх сонгуулийн гол хөзөр.Үнэхээр Улаанбаатар хотын утаа энэ өвөл багасаж гэмээнэ ирэх сонгуульд том оноо болж ирэх нь тодорхой.

Ерөнхий сайдаараа иргэдэд чихэр тараалгаж, түүнийгээ нийгмийн цахим сүлжээнд оруулж рекламддаг, Суданд аавыг нь дагуулж очиж хүүтэй нь уулзуулж цэргийн албан хаагчдийг уйлуулдаг, байсхийгээд хэн нэгний толгойг цавчих тухай мэдэгдэл хийлгэдэг /цавчиж байсан удаагүй/ Ерөнхий сайдын пиарчид гол ажлаа хийсэнгүй.

Хотын дарга С.Амарсайхан ч ялгаагүй. Үе үе хариуцлага тооцох тухай сүржин мэдэгдэл хийж, авто машины зогсоолоос эхлээд хувийн өмчинд өгсөн газар, байшин барилгыг хураана, нураана гэж айлгаж байхын оронд иргэддээ мэдээлэл өгч, ирж болох аюулыг урьдчилан тооцож, угаар мэдрэгч суурилуулах ажлаа аль зун хийчихсэн байсан бол эрдэнэт хүний амь эрсдэхгүй байв.

Хариуцлага тооцох тухай яригдаад эхлэхээр дүүрэг хороодын дарга нартай хариуцлага тооцох тухай ярьж байна.  Ичдэггүй ширэн нүүртнүүд шүү. Та бүхний туршлага судалдаг гадны улс оронд бол У.Хүрэлсүх нь биш юм гэхэд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, Хотын захирагч С.Амарсайхан нар аль хэдийн уучлал гуйгаад огцорчихсон.

Эрчим хүчний сайд Ц.Даваассүрэн хариуцлага хүлээнэ гэдгээ телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлж байсан удаатай.Тэгвэл хариуцлага хүлээнэ гэсэн үгэндээ эзэн болох үгүйг харах болж байна.

Бичлэгийн хэсгээс: Эх сурвалж:"Ам нээвэл" нэвтрүүлгээс....

Манай 10 хувийн тендерчид, ЖДҮ-чин, нүүрсчин, Туулын бургас сүйтгэгч сайд, дарга нарт даанч ичих булчирхай, эмзэглэх сэтгэл байхгүй л дээ. Ичих булчирхай гэснээс улс төрд орсон нөхдүүд ер нь энэ эрхтнээ “гээчихдэг” бололтой.

Шахмал түлшинд хүн эндсэн эмгэнэлт явдлыг хүртэл улайстал улс төрдөө ашиглаж байгаа нь тэд. Шахмал түлшинд хүн хордсон явдлыг АН-ынхан, Ерөнхийлөгчийн аппарат, бас МАН дахь сөрөг хүчин 60 тэрбумынхан боломжоор нь сэвж, нийгмийг хөөсрүүлэх ажлыг гардан хариуцав.

Ерөнхийлөгчийн зөвлөх, гишүүн асан Г.Уянга, түүний нөхөр А.Баатархуяг, хэвлэлийн албаны дарга асан Ж.Цэсэн гэхчилэн Ерөнхийлөгчийн хэвлэл сошиал багийнхан, АН-ын УИХ дахь зөвлөлийн ажлын албаны даргаас эхлээд ажилтнууд нь, хэвлэл, сошиал хариуцсан дарга нар нь, баг нь хүчтэй ажиллав.

 

Халах, цаазлах хүмүүсийн нэрсийг нэгийг ч үлдээлгүй тэд бэлдэж өглөө. Сөрөг хүчний хувьд эрх баригчдийн алдааг шүүмжилж, засч залруулахыг шаардах нь зүй. Гэхдээ өөр хандлага, зүгээр л асуудлыг хөөсрүүлэх, нийгэмд шуугиан айдас дэгдээх зорилготой нь илт анзаарагдахаар ажиллав.

“Химийн зэвсэг хийчихэж, гэр хорооллынхныг санаатайгаар алах гэж ийм түлш хийсэн юм биш үү. Улс төрийн бодлогоор гэр хорооллыхныг хороох нь. Хөнжилд нь хөнөөх нь” гэх зэргээр тэд сошиалд хийрхэн шуугиж байна.

Үнэн хэрэгтээ тэдэнд хүний амь нас, иргэд хохирох хамаагүй ээ. Дахиад ч илүү олон хүн угаартаж, амь насаа алдаж, У.Хүрэлсүхийн болон МАН-ын нэр хүн улам их унаасай л гэж тэд хүсч, “Урьд шөнө хэдэн хүн угаартав, хэд үхэв” гэдэг л чухал. 

Шахмал түлш хэрэглэснээр энэ өвөл утаа багасч, утаа багасгасан амжилтаар МАН сонгуульдах нь тодорхой учраас олдсон далим дээр нь тэд улс төржиж, эрх баригчдыг муулж нэр хүндийг нь унагах л чухал байгаа. Улс төрчдийнхөө занг бид андахаа больжээ. Ерөнхийлөгч нь хүртэл энгийн нэг эмгэнэл илэрхийлчихэж чадахаа больсон нь Монголын эмгэнэл юм. 

Улс орны төлөө, иргэд, ард түмний төлөө гэдэг үг улс төрчдийн ам хэлнийх нь үзүүрт л байхаас ухаан бодолд нь байхгүй байгааг өдөр бүр харж байна.

 

Дөрөвхөн жилийн өмнө МАН сөрөг хүчин байхдаа мөн л ийм байсан. Гэр хорооллыг барилгажуулах ажлыг шүүмжилж эсэргүүцэн, аль болох гацаахыг зорьж явсан. Иргэд байртай болохоос илүү энэ ажил гацаж, иргэд байр ч үгүй, хашаа байшин ч үгүй бухимдаж үлдвэл МАН-д ашигтай байсан учраас тэр.

Эргээд шахмал түлшрүү оръё. Нийгэм даяараа шуугисных алдаа оноогоо овоо мэдээд авах шиг боллоо. Ямартай ч шахмал түлш химийн зэвсэг биш гэдгийг мэдэж авлаа.

Тэр ч байтугай жирийн нүүрснээс утаа угаар, хор нөлөө хамаагүй багатайг мэддэг боллоо. Зуухаа, яндангаа бүрэн бүтэн, таталт сайтай байлгах ёстой, түлшээ хэрхэн зөв түлэхийг ойлгож авлаа. Шахмал түлш гэлтгүй нүүрсэндээ угаартаж, жил бүр хэдэн арваараа хорвоог орхиж байсныг олж мэдлээ.

Цаашлаад амь наснынхаа төлөө иргэд өөрсдөө анхаарал болгоомжтой, хариуцлагатай байх шаардлагатайг, ядахнаа утаа угаар мэдрэгч дохиолол /detecter/ авч суурилуулах ёстойг ухаарлаа. Энэ л гол амжилт. Түүнээс солиорсон улс төрчдийн хорлонтой улс төр, хийрхсэн  мэдэгдэл, мэдээлэл, дүгнэлтүүдийг бол зүгээр л “За зайл аа цаашаа” гээд хая, орхи.

 

 

 

 

М.Билгүүн 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.