| | USD/MNT 0₮

“БОЛОР ЦОМ 37” НААДАМД ТҮРҮҮЛСЭН “ЖАМЫН ЦАС” ШҮЛЭГ

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр яруу найргийн наадам болох “Болор цом” наадмыг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ жилийн “Болор цом-37” яруу найргийн наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Багануур дүүрэг буюу Д.Нацагдоржийн Гүн галуутайд амжилттай болж өнгөрлөө.

Энэ жилийн тэргүүн байранд залуу яруу найрагч Б.Жамбалдорж түрүүллээ. Харин наадмын дэд байранд Б.Энхжаргал, гуравдугаар байранд Т.Баянсан шалгарсан бол тусгай байранд Э.Гантулга, О.Цэнд-Аюуш нар шалгарчээ. Энэ жилийн наадмын хувьд олонхи нь залуу яруу найрагчид байгааг шүүгчид онцолсон билээ.

Яруу найрагч Б.Жамбалдорж нь Монголын радиогийн эфирийн найруулагчаар ажилладаг бөгөөд Г.Сэр-Одын шагналт яруу найрагч төдийгүй зураач нэгэн юм. Мөн Б.Жамбалдорж “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” нэртэй шинэ номоо хэвлүүлсэн байна. 

“Болор цом 37” наадмын эзэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Б.Жамбалдоржийн цомын эзэн болохдоо уншсан шүлгийг сонирхуулж байна.

 

ЖАМЫН ЦАС

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж

Бусдын дээгүүр будрууланхан байхдаа

Үүдээр цухуйх аавынхаа дээрээс

Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас

Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн

Хааш яайш цацан бужигнуулсан цасан дор

Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон

Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж

Өдөр явах замаа гаргаж зогсдог сон би

Шинэхэн цас орсон өглөө

Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа

Тийм дотно мөр, харалгүй удаж ээ
Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой

Зөөлөн гишгэх алхаан дундаасаа

Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ

Явган хүний ганц нарийхан жимээр
Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ

Дээрээс хэн нэгэн харж байгаа бол
Дэрсэн шүүрээр би бурхны тиг татаж харагдана

Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү

Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно

Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад

Мөн чиг хүнд санагдаад ажин түжин

Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас

Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана

Огторгуй өөд ширтэн ширтэн хэвтэхэд

Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана

Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад

Жаргал зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно

Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд

Нээрээ л би чинь будраад өнгөрөх цас аа

 

руу найрагч Б.Жамбалдорж нь Монголын радиогийн эфирийн найруулагчаар ажилладаг бөгөөд Г.Сэр-Одын шагналт яруу найрагч төдийгүй зураач нэгэн юм. Мөн Б.Жамбалдорж “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” нэртэй шинэ номоо хэвлүүлээд байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.