| | USD/MNT 0₮

С.Батсайхан: Хорих ангиас Э.Бат-Үүлийг бичгийн цаасаар хангахгүй гэх мэтээр “ЭРХИЙГ НЬ ХЯЗГААРЛААГҮЙ"

Э.Бат-Үүлийн цагдан хоригдсон хугацаанд захидал бичих, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарласан эсэх асуудлаар ШШГЕГ-ын харьяа Хорих 409-р хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Батсайханаас тодрууллаа.

- Э.Бат-Үүлийн захидал харилцааг хязгаарлаж, эрхийг нь зөрчиж байгаа мэдээлэл хэвлэлээр гарч байна. Хорих ангийн зүгээс энэ эрхийг нь хязгаарласан юм уу?

-Тус хорих байгууллагаас Э.Бат-Үүлийн захидал харилцааг нь хязгаарласан асуудал байхгүй. Өнөөдрийн байдлаар нийт 6 удаа гэр бүлийнхэн рүүгээ баталгаат шуудангийн хаягаар захидал илгээсэн байгаа.

Э.Бат-үүл нь захидал харилцаа илгээх, илгээмж авах, мөн өмгөөлөгч, ар гэрийнхэнтэйгээ уулзах зэрэг хуульд заасан эрхээ зохих журмын дагуу эдэлж байгаа. Хорих анги хариуцсан прокурорууд тогтмол хяналт шалгалт явуулж, хоригдож байгаа хүмүүсийн ахуй нөхцөл, эрх, эрх чөлөө хангагдаж байгаа эсэхтэй танилцдаг. Прокурорын байгууллагаас ч түүний эрхийг нь хязгаарлаж, зөрчсөн асуудал байхгүй.

- Хоригдогч ямар хууль журмын дагуу захидал харилцааны эрхээ эдэлдэг вэ?

-Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд заасны дагуу тухайн хоригдсон хүн өөрийн зардлаар захидал харилцаагаар харьцах эрхтэй. Тэднээс явуулсан захидал цахилгааныг хорих байрны захиргаанаас заавал хянана гэж тус хуульд заасан. Э.Бат-Үүлийн хувьд захидал харилцаа нь баталгаат шуудангаар зохих эзэндээ хүрсээр ирсэн. Хорих ангиас бичгийн цаасаар хангахгүй ч гэдэг юмуу өөр байдлаар эрхийг нь зөрчөөд байгаа асуудал байхгүй.

- Өлсгөлөн зарласан гэсэн мэдээлэл гарч байна. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Яг одоогийн байдлаар өлсгөлөн зарласан асуудал алга.

- Э.Бат-Үүлээс хорих байгууллагад болон прокурорт эрхийг нь хязгаарласан асуудлаар гомдол гаргасан уу?

Хорих ангийн удирдлагад болон захиргаанд ямар нэгэн эрх хязгаарлагдсан гэсэн өргөдөл, гомдлыг гаргаагүй. Прокурорын байгууллагад ч эрх нь хязгаарлагдсан асуудлаар өргөдөл, гомдол бичиж уламжлагдсан зүйл алга.

- Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр өнөөдөр /2022.03.24/ хийсэн хэвлэлийн бага хурал дээр “хэвлэн нийтлэх эрхийг нь хязгаарласан, түүнийг прокурортой уулзах хүсэлтээ удаа дараа тавихад одоо болтол прокурор уулзахгүй байгаа” гэж мэдэгдсэн. Энэ үнэн үү?

- Прокурорын байгууллагаас буюу тус ангийг хариуцан ажилладаг  прокурорууд Э.Бат-Үүлтэй байнга уулзаж, санал хүсэлтийг нь авч байгаа. Хамгийн сүүлд гэхэд энэ долоо хоногийн даваа гаригт буюу 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ирж уулзаад, санал хүсэлтийг нь авсан. Прокуророос Э.Бат-Үүлтэй очиж уулзахгүй байгаа гэдэг нь ташаа мэдээлэл байна. Өнгөрсөн хугацаанд тухайн хоригдогч 22 удаа илгээмж хүлээн авч, 23 удаа өмгөөлөгчтэйгээ уулзаж, ар гэрийнхэнтэйгээ 30 удаа зохих зөвшөөрлийн үндсэн дээр уулзалт эргэлт авсан.

Э.Бат-Үүлийн цагдан хоригдсон хугацаанд захидал бичих, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарласан эсэх асуудлаар ШШГЕГ-ын харьяа Хорих 409-р хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Батсайханаас тодрууллаа.
Ярилцлага

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.