| | USD/MNT 0₮
Энэтхэгийн Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын зургаадугаар өрөг өчигдөр явагдлаа. Өмнөх өрөгт ялагдал амсаад байсан манай шатарчид энэ өрөгт ялалт байгуулсан юм. Эрэгтэйчүүд Марокко улсын шигшээг 4:0-ээр хуурай хожсоноор чансаагаараа 38 дугаарт бичигдэж байна. Их мастер С.Билгүүн энэ удаад өнжсөн бол Д.Батсүрэн Ильяс Мселлекийг, Г.Амартүвшин Адел Чоукриг, Б.Гүндаваа Яссер Ходж Халтиг, С.Ган-Эрдэнэ Нассим Зрикемийг тус тус хожжээ.
Харин эмэгтэйчүүд Норвегийн багийг 2.5:1.5-аар буулган авлаа. Их мастер А.Энхтуул өнжиж Б. Мөнгөнзул Алена Айзенбергийг, Д.Мөнхзул Моуд Родсмэнийг хожиж, Т.Мөнхзул Жозефин Хейнемантай тэнцжээ. Зургаан өргийн дараах дүнгээр эмэгтэй шатарчид 162 орноос 12-23 дугаарт бичигдэж байна.