| | USD/MNT 0₮

Карим Бензема Ballon D'or-н эзэн боллоо

-Хөлбөмбөгийн ертөнцийн 2022 оны шилдгүүд тодорлоо-

 

"Алтан бөмбөг 2022" хөлбөмбөгийн энэ оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа өнгөрсөн шөнө Францын нийслэл Парис хотноо болж өнгөрлөө. Энэ удаагийн дэлхийн шилдгийг шалгаруулах ёслол түүхэндээ анх удаа жилийн биш, улирлын үзүүлэлтийг /хөлбөмбөгийн улирал намар эхлээд зун дуусдаг/ харгалзсанаараа онцлог байв.

 

Онцлог энэ шалгаруулалтын хамгийн нэр хүндтэй шагналыг Францын шигшээ, Испанийн “Реал” Мадрид багийн тоглогч Карим Бензема хүртлээ. Тэрээр арын өрсөлдөгчдөөсөө хол тасарч, ямар ч эргэлзээгүй шилдгээр шалгарсан юм.

 

Шилдгийн төлөөх өрсөлдөөн сүүлийн хэдэн жил ийм хол зөрүүтэй болж байгаагүй. Өнгөрсөн жил л гэхэд Роберт Левандовски эцсийн мөч хүртэл найдвараа хадгалсан ч яг ёслол дээр Лео Месси урдуур нь орчихсон билээ.

 

КАРИМ БЕНЗЕМА ӨНГӨРСӨН УЛИРАЛД:

 

“Аваргуудын лиг”-т түрүүлсэн /замналдаа тав дахь удаагаа/

“Аваргуудын лиг”-ийн шилдэг довтлогч болсон. Үзүүлэлт нь 12 тоглолтод 15 гоол

Испанийн АШТ-д түрүүлсэн /Замналдаа дөрөв дэх удаагаа/

Испанийн АШТ-ий шилдэг довтлогч. Үзүүлэлт нь 27 гоол

“Реал”-ын бүрэлдэхүүнд 46 тоглож, 44 гоол оруулжээ.  

КАРИМ “АЛТАН БӨМБӨГ” ХҮРТСЭНЭЭР БИЙ БОЛГОСОН СОДОН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

 

Карим Бензема оны шилдгээр тодорсноор дараах содон үзүүлэлтийг бий болгожээ.

 

Карим Бензема замналдаа анх удаа Дэлхийн шилдгээр тодорч байна. Үүнээс өмнө тэрбээр санал асуулгад дээд тал нь дөрөвдүгээрт /өнгөрсөн жил/ орж байв.

Тэрбээр “Дэлхийн оны шилдэг хөлбөмбөгч”-өөр тодорч “Алтан бөмбөг” хүртсэн тав дахь Франц тоглогч болсон. Түүнээс өмнө 1958 онд Раймон Копа, 1983, 1984, 1985 онд Мишель Платини, 1991 онд Жан-Пьер Папен, 1998 онд Зинедин Зидан нар хүртэж байв. “Алтан бөмбөг” 24 жилийн дараа санаачлагчдадаа буцаж ирэх нь энэ.  

Карим 34 настайдаа /ирэх арванхоёрдугаар сард 35 хүрнэ/ “Алтан бөмбөг” хүртсэн. Мэдээж дээд амжилт биш, 1956 онд сэр Стэнли Мэтьюз 40-тэйдээ энэ шагналыг авч байсан түүхтэй. Гэхдээ орчин үеийн хөлбөмбөгт, тэр тусмаа дээд түвшний хөлбөмбөгт 35 бол бараг л зодог тайлах нас билээ.

КАРИМЫН АРД БИЧИГДСЭН ШИЛДГҮҮД

 

Шалгаруулалтад дараах шилдгүүд нэр дэвшсэн байна.

 

2.  Садио Мане («Ливерпүүл»)

 

3. Кевин де Брюйне («Манчестер Сити»)

 

4. Роберт Левандовски («Бавари», «Барселона»)

 

5. Мохамед Салах («Ливерпүүл»)

 

6. Килиан Мбаппе («ПСЖ»)

 

7. Тибо Куртуа («Реал»)

 

8. Винисиус («Реал»)

 

9. Лука Модрич («Реал»)

 

10. Эрлинг Холанд («Борусси» Д, «Ман Сити»)

 

11. Сон Хын Мин («Тоттенхэм»)

 

12. Рияд Марез («Манчестер Сити»)

 

13. Себастьян Аллер («Аякс», перешел в «Боруссию» Д)

 

14. Фабиньо («Ливерпүүл»)

 

15. Рафаэл Леау («Милан»)

 

16. Вирджил ван Дейк («Ливерпүүл»)

 

17. Каземиро («Реал», «Ман Юнайтед»)

 

18. Душан Влахович («Ювентус»)

 

19. Луис Диас («Порту»/«Ливерпүүл»)

 

20. Криштиану Роналду («Манчестер Юнайтед»)

 

Дээрх 20-иос гадна Харри Кейн, Бернарду Силва, Трент Александер-Арнолд, Фил Фоден, Жоау Канселу, Йозуа Киммих, Майк Меньян, Кристофер Нкунку, Дарвин Нуньес, Тони Рюдигер нар санал авчээ. Лионеля Месси бүр байхгүй.

 

БУСАД ШИЛДГҮҮД

 

Оны шилдэг эмэгтэй тоглогч: Алексия Путельяс «Барселона» «Алтан бөмбөг»

 

 

Оны шилдэг залуу тоглогч: Гави «Барселона». Копагийн цом, “Golden boy”

 

Оны шилдэг мэргэн бууч: Роберт Левандовски «Барселона». “Бавари”-д өнгөрүүлсэн улирлынхаа төлөө Герд Мюллерийн нэрэмжит шагналыг хүртлээ.

 

Оны шилдэг хаалгач: Тибо Куртуа, «Реал». “Лев Яшины цом”.

 

Оны нийгмийн зүтгэлтэн: Садио Мане, «Ливерпүүл». Хөлбөмбөгийн талбайгаас гаднах үйл хэргээрээ Сократесын нэрэмжит шагналыг хүртэв

 

Оны шилдэг баг: «Манчестер Сити»

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.