| | USD/MNT 0₮

"Major-2022": Дэлхийг шуугиулсан "IHC" багийг гадны хэвлэлд онцолжээ

"EM Rio Major-2022" тэмцээний гайхалтай тоглолтуудын нэгд зүй ёсоор Монгол улсын IHC E-Sports CS:GO болон зохион байгуулагч орны "00NATION" багуудын хооронд болсон тоглолт нэрлэгдсэн билээ. Нийт гурван мап гарснаас хоёр нь нэмэлт цаг орж спорт сонирхогч, дэмжигчдэд гайхалтай тоглолт, өрсөлдөөнийг хоёр баг үзүүлсэн. Тус ширүүн өрсөлдөөнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон залуус 2:1-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авч тэмцээнийг цааш үргэлжлүүлэхээр болоод байсан юм. Тэгвэл тэмцээний Challenger's шатны "Round IV"-ийн хүрээнд Монгол улсын "IHC" баг Европ тамирчдаас бүрдсэн "OG" багийн эсрэг тоглож 0:2 харьцаатайгаар ялагдал хүлээснээр тэмцээнээ өндөрлүүлэх болсон. Гэхдээ "IHC" багийн бүтээсэн дээрх амжилт том ялалтын эхлэл бөгөөд тэдний тухай гадны hltv.com хэвлэлд ийн бичжээ. Орчуулгыг хүргэж байна. Тус хэвлэлд:

"IHC баг нь оны эхээр Антверп хотод болсон "PGL Major"-д шалгарснаар CS:GO-ийн (аваргын тэмцээн) "Major"-т оролцох болзол хангасан Монголын анхны баг болжээ. Тэд Антверпийн тайзнаа өрсөлдөхдөө "Renegades" багийг ялж, "Complexity" болон "Imperial" багуудад ойрхон ялагдаж, 1:3-ын харьцаатайгаар Challenger шатнаас хасагдсан нь тийм ч урам хугарах зүйл биш юм.  Азийн тэмцээнүүдэд шилдэг байр эзэлж, Азийн RMR (Regional Major Ranking)-н сүүлийн хоёр тэмцээнд түрүүлсэн зэрэг нь тэднийг бүсийн хамгийн хүчирхэг багуудын нэг болгосон.

"Major"-т оролцож байсан дөрвөн тоглогч, шинэ тоглогч-AWPer ‘Annihilation’ Н.Түвшинтөгс гэсэн бүрэлдэхүүн байгаа нь энэ баг CS: GO төрлийн том тэмцээний тэр дундаа Major тэмцээний туршлага бага гэдгийг харуулж байна. Зөвхөн ‘kabal’ Б.Бат-Энх 2016 оноос, багийн бусад тоглогчид 2019 оноос хойш HLTV-ийн тамирчдын бүртгэлд орсон гэж үздэг. Цаашилбал, тэдний хувьд Азийн бүсээс гарч тоглосон болон олон улсын тэмцээнд гарч дээгүүр өрсөлдөж байсан нь цөөн. Иймд энэ удаагийн тэдний амжилтыг үнэмлэхүй байсан гэж үзэх хангалттай шалтгаан бий бөгөөд дараа дараагийн тэмцээнүүдэд туршлагажин ахиж, хүчирхэгээр эргэн ирнэ хэмээн и спорт сонирхогчид итгэн хүлээж буй.

Бүс нутгийн ноёрхлын төлөө

"IHC" нь TYLOO, Rare Atom, Wings Up зэрэг багуудын хамт Азийн тэмцээнүүдэд сүүлийн үед тогтмол тулалдаж, APAC бүсийн шилдэг багуудын нэг гэдгээ тууштай бататгаж байна. Антверпаас хойш "IHC" нь "HLTV"-ийн арга хэмжээнд эхний хоёрт шалгарч чадаагүй ч Ази тивийн хамгийн шилдэг баг болохын төлөө хичээсээр.

Тэд энэ оны зургаадугаар сард болсон "MESA Pro Series" үндэсний тэмцээнд ялалт байгуулсан ч Азийн "RMR"-д ялах хүртлээ бүсийн тэмцээнд түрүүлээгүй. Гэхдээ Азийн RMR-ыг нэг ч газрын зураг алдалгүй тэргүүлж, APAC бүсийн түүхэнд цагтаа ноёрхож байсан "Gryahound" багийг төгсгөлийн тоглолтод ялсан нь IHC багийг нэлээд сайн бэлтгэлтэй байгааг нотлон харуулж буй юм.

Европ маягийн тоглолттой Азийн баг

Дээд түвшний "LAN" тэмцээнд Монголын баг оролцож байгаа нь өөрөө өвөрмөц үзэгдэл гэж хэлж болно. Учир нь "The Mongolz" баг 2016 онд "IEM Taipei"-д болсон Азийн "Minor"-т аваргалсан, олон улсын ганц хоёр томоохон "LAN" тэмцээнд оролцож байсан гэхээс өөр дурдчихмаар амжилт гаргаагүй буюу Монгол улсын CS:GO нь олон улсын түвшинд авч үзэхэд доогуур үзүүлэлттэй байсан. Ийм доогуур үзүүлэлттэй байсан улсын баг бүсээс гайхалтай ялалтад хүрч, дэлхийн шилдгүүдийн эсрэг өөрсдийн ямар байгаагаа сорьж үзэх боломж олдож, дэлхийд чансаагаа таниулж байгаа нь илүү чухал юм.

Тэд энэ удаагийн "Major"-т хоёр гайхамшигт ялалтыг үзүүллээ. IHC-ийн тоглолтын байдал нь тэднийг мэргэжлийн түвшинд хүрсэн гэдгийг тодорхой харуулж чадсан. Монголчуудын баг Европын багуудын адил тоглолтын тусгай аргачлалтай, хяналттай байгаа нь Азийн багуудын хурдтай, задгай тоглодог аргаас тэс өөр. Counter-Strike-ийн олон мянган шүтэн бишрэгчдийн дунд Азиас "TYLOO" танигдаж байсан бол, IHC баг жил ирэх тусам зам мөрөө өөрөөр гаргасаар байна.  

"IHC"-ийн CT (Counter Terrorist) тал нь тоглолтын нөхцөл байдлаас шалтгаалан довтлогоог түрэмгий маягаар эсвэл бүр идэвхигүй байдлаар хийх чадвар, олон төрлийн довтлогоо, галлах тактик зэрэг өөрийн гэсэн тоглолтын арга технологитойгоороо ялгарч харагдана. Тэднийг бүсийнх нь бусад тоглогчдоос ялгах хамгаалалтын арга нь тоглолтын дунд хийх тактик юм. "IHC" тоглолтод хүнээ алдахдаа ихэвчлэн шийдвэр гаргах, тоглолтын явцыг эргүүлэхдээ буруу үйлдэл хийдэг тал мөн ажилглагдсан.

"IHC"-ийн террор тал нь нөгөө талтайгаа (CT) адил биш ч, эсрэг багийн хувьд “аюултай”. Тэдний тоглолтын арга нь Европын багууд шиг бат бэх биш ч ‘⁠bLitz’ Б.Гарьдмагнай, түүний багийнхан байрлал, солилцооны үед зөв цагтаа, зөв гүйцэтгэлийг чадварлагаар хийдэг.

IHC-г үзэж байхад хамгийн сэтгэл хөдөлгөм зүйл нь "TYLOO"-той адил өндөр түвшний механик ур чадвар байлаа. Азийн "RMR"-ийн хамгийн өндөр үнэлгээтэй хоёр тоглогчид болох1.33 болон 1.32 үнэлгээтэй ‘⁠bLitz’ Б.Гарьдмагнай, ‘sk0R⁠’ Б. Тэнгис нар тэдний бүрэлдэхүүнд бий. Залуухан AWPer, ‘Annihilation’ Н.Түвшинтөгс оноогоороо шилдгүүдийн эгнээ рүү дөхсөөр байгаа бол, ‘kabal’ Б.Бат-Энх өөрийн тоглолтын өвөрмөц ялгаатай байдлаа хадгалсаар л байна. Тоглолтын Европ хэлбэр, үнэхээр гайхалтай  механик түвшин нь IHC-ийг ямар ч багийн хувьд аюултай өрсөлдөгч болгож байна. 

LAN тэмцээнд бүхнийг орвонгоор нь эргүүлэхийг хичээж байна

Монгол Улсаа төлөөлөх нь IHC-ийн хувьд хамгийн том түлхэц байх болно. Монгол Улсаас оролцож буй анхны баг болж байгаа маань ч үнэхээр гайхалтай зүйл. Одоо бид илүү сайн тоглохыг л хүсэж байна. Манай баг үүнээс ч ихийг хүсэж байна’ хэмээн Г.Есөнтөмөр Антверпийн "Major"-т шалгарах үедээ өгсөн ярилцлагадаа ч дурдсан байна.

Удахгүй болох Rio Major нь "IHC"-д улс орон, бүс нутгийнхаа нэр хүндийг өсгөх дахин нэг боломжийг олгож байгаа төдийгүй, "CS"-ийн дээд зэрэглэлд орох боломжийг олгоно. "APAC" бүсийн багуудад дэлхийн шилдэг 20 багийн эсрэг өөрсдийгөө сорих боломж маш цөөхөн олддог. Тэд туршлага, ур чадвар, дадлага эзэмшихээр Европын багуудын эсрэг үргэлж 100 ping-тэйгээр online тоглож, сүүлийн тоглолт дээрээ шалгаруулалтад тэнцэж юу чаддагаа батлан харуулсан билээ. 

Жижиг бүсээс ирсэн гэдэг утгаараа IHC-ийн хувьд хүлээлт бага, гэхдээ  Антверпийн тэмцээний үеэр оноогоор биш, газрыг зургаар ялалт байгуулж байсныг санах хэрэгтэй. "Rio"-гийн тоглолтод тэд амжилтаа улам ахиулах нь л илүү бодитой байх болов уу. Гэхдээ "Major"-т ирэхээсээ өмнө бэлтгэл сургуулилтаа сайн хийж, ур чадвараа дээшлүүлсэн бол Монгол баг анх удаагаа Швецарийн системээр тоглох шатыг давж, дахин түүх бүтээх үүд хаалга нээлттэй. Тийм боломж, амжилт тэдний хувьд маш бага. Европынхны парти болдог "Major Legends Stage"-д гайхалтай чадварлаг тоглогчид, мэргэжлийн өндөр түвшний тоглолтоороо санаанд оромгүй ялалтад хүрч чадах битүү морьд бол "IHC" баг юм" гэжээ.

 

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.