| | USD/MNT 0₮
2023 оны Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч өдрүүдэд болов. Тэмцээний үеэр Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимп, дэлхийн медальтан Монголын жүдоч Х.Цагаанбаатар зодог тайлжээ.
Тэрбээр энэ жил -90 кг-д зодоглон хүрэл медаль хүртсэн юм. Зодог тайлсан талаараа Х.Цагаанбаатар “22 жилийн золтой өдрүүдийн хором бүрт надтай хамт байж дээлийн минь захыг мушгиж уухайлсан дэндүү өгөөмөр Ард түмэн та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр албан ёсоор дэвжээндээ хүндэтгэл үзүүлж санаа амарлаа. Баярлалаа, жүдо баярлалаа. Хамтын хүч, амжилт. Амжилтын төлөө хамтдаа” гэжээ. Өдгөө 38 настай түүний хувьд гаргасан амжилт арвинтай.
Хашбаатарын Цагаанбаатар нь 1984 оны гуравдугаар сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. 1995 оноос анх жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн. 2004 оны Афины олимпоос 60кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн, 2009 оны дэлхийн аварга, 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт. Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар цолтой, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, самбо бөхийн дэлхийн хошой аварга. Монгол Улсын оны шилдэг тамирчны "Бөртэ чоно" цомыг гурван удаа (2004, 2006, 2009) хүртсэн нэгэн билээ.