| | USD/MNT 0₮

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн хэлэлцүүлгийн ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

        Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын өргөн барьсан "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль" УИХ-ын хуралдаанаар яаралтай горимоор хэлэлцэн батлагдаж, иргэдийн дургүйцлийг хүргээд байсан.

     Тухайлбал, гуравхан хоногт хэлэлцээд баталчихсан энэ хууль нь хүний эрхийг зөрчсөн хэд хэдэн дагалдах хуультай, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлэх эрхгүй боллоо гэх шүүмж нийгэмд өрнөсөн юм. Харин мэргэжлийн хүмүүсийн дүгнэж байгаагаар нэг талаасаа зөв хууль, нөгөө талаас хүний эрхэд ноцтой халдсан хууль хэмээн эсрэг байр сууринд хуваагдаад байна. Гэвч нийгэм даяар ингэж маргаж суух зуур хоёрдугаар сарын 01-ны өдрөөс тухайн хууль хэрэгжиж эхлэхээр зэхэж байгаа юм. Хэрэв энэ хууль хэрэгжиж эхэлбэл цахим орчин дахь аливаа шүүмжлэл өрнүүлсэн шууд дамжуулалт, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх орчин үгүй болно гэж үзэж байгаа аж. Харин энэ тухай NTV телевиз "Өөр өнцөг" нэвтрүүлгээрээ хуульчид болон олон нийтийн төлөөллийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, байр суурь сонсжээ. Тэгвэл бид хэлэлцүүлэгт оролцсон албан тушаалтнуудын байр сууриас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.   

Ж.ЭРЭМБААТАР: ӨМНӨ НЬ Ч ИНТЕРНЕТ СҮЛЖЭЭ УНАГАХ ЖУРАМ БАЙСАН. ҮҮНИЙГ ИЛҮҮ ХЯНАЛТТАЙ БОЛГОХООР ХУУЛЬЧИЛСАН 

       Тус хуулийг өргөн барьсан Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлэхдээ "Троллуудтай тэмцэнэ. Хэн дуртай нь шууд дамжуулалт хийж бусдыг гүтгэж, доромжлохыг зогсооно" гэсэн юм. Харин хэлэлүүлцэгт хуулийн төслийг өргөн барьсан яамыг төлөөлж Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Ж.Эрхэмбаатар оролцжээ.

     Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар: "Энэ хуулийн 13 зүйлийг оруулахаас өмнө үзэмжээр бүхнийг шийддэг байсан. Хэн нэгэн үзэл бодлоо илэрхийлсэнийх нь төлөө, жагсаал цуглаан хийснийх нь төлөө энэ постыг устгая гэдэг шийдлийг үзэмжээр шийддэг байсныг бид судалж тогтоосон. Өмнө нь сүлжээг хязгаарлах, тоног төхөөрөмж байрлуулах журам байсан. Тухайн үед журмандаа тусгасан байсан учир энэ ажиллагаа хийгдэж л байсан. Тэр үед хуульч нар юу ч хэлдэггүй байсан. Хуулиар зохицуулдаг болгоё, шийдвэр гаргах түвшинг Ерөнхий сайдын хэмжээнд хүргэе гэсэн ийм л зорилготой хууль" 

ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВИЙН ХУУЛЬЧ Б.ПҮРЭВСҮРЭН: ХҮЧ ТҮРЖ, ХУУЛЬ ЗӨРЧИЖ ХУУЛЬ БАТАЛДАГ БАЙДАЛТАЙ ЭВЛЭРЧ БОЛОХГҮЙ

Хуулийн байгууллагыг төлөөлж Глоб интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсайхан байр сууриа илэрхийллээ. 

       Хуульч Б.Пүрэвсайхан: "Энэ их сайхан нэртэй хууль. Хүний эрхийг олон нийтийн сүлжээнд хамгаалах. Угтаа бол бид нарын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх, эрх чөлөөг хамгийн ихээр хязгаарлах эрсдэлтэй. Үүн дээр Монгол Улсад НҮБ-ээс өгсөн зөвлөмж тогтсон олон ойлголтбй. Гэтэл эдгээр зөвлөмж, тогтоосон журмыг эвдэж гарч ирсэн хууль бол энэ. Энэхүү хуулийг батлахдаа хулгайн арга замаар, нэн яаралтай хэлэлцүүлгээр оруулж ирсэн нь өөрөө асуудалтай. Мөн энэ хууль өөрөө ямар ч тооцоо судалгаагүй басан гэдгийг товчилж хэлбэл зөрчилтэй контент гэдэг нь 13 агуулгаар орж ирсэн. Энэ дотроо бусдын нэр төр, алдар хүнд, яс үндэсийг гүтгэх, доромжлохтой холбоотой агуулга байхгүй байсан. Гэх мэт хэд хэдэн агуулга байхгүй байсан нь тооцоо судалгаагүй гэдгийг илтгэж байгаа юм" 

ХУУЛЬЧ Г.ЭРДЭНЭБАТ: ХУУЛЬ БАТЛАХАД ТОГТСОН ДЭГ ЖУРАМТАЙ. ГЭТЭЛ ЯАГААД ЭНЭ ХУУЛИЙГ ДЭГГҮЙГЭЭР БАТАЛСАН НЬ АСУУДАЛТАЙ БАЙНА

Хуульч Г.Эрдэнэбат: "Монгол Улсад хууль тогтоомжийн тухай хууль гэж байдаг. Тухайлбал, хууль боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх гэх мэт. Үүний дагуу ард иргэдийн санал болон иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авдаг. Түүний дараа хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Мөн мэргэжлийн шинжээчид дүгнэлт гаргадаг. Гэтэл энэ хуулийн төсөлд ийм баримт, мэдээлэл огт байгаагүй. Юунд үндэслэж, яагаад хууль тогтоомжийн тухай хууль, журмыг зөрчиж энэ хуулийг баталсан болох нь тодорхойгүй байна" 

СЭТГҮҮЛ ЗҮЙН ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ҮҮР ТӨВ ТББ-ЫН ХАМТРАН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Э.НАРАНТУНГАЛАГ: БУСАД ХУУЛИАР ЗОХИЦУУЛАГДДАГ ХАРИЛЦААГ ЭНЭ ХУУЛИНД ДАВХАР ТУСГАСАН НЬ ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА

      Э.Нарантунгалаг: Монгол улс хууль ёсны зарчмыг хүндлэх ёстой. Хууль тогтоогчид ч мөн хүндлэх ёстой. Гэтэл яагаад үүнийг илт зөрчсөн юм бэ. Хамгийн гол нь бусад хуулиар зохицуулж байгаа харилцааг яагаад энэ хуулиар зохицуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Хуульчид энэ хуулинд явагдаж байгаа харилцааг харахад бүгд л бусад хуулиар зохицуулагдаж байдаг. Хуульогтоогчид энэ давхацсан харилцааг зохицуулах ёстой байтал яагаад энэ хуулинд давхар тусгаж өгч байгаа нь ойлгомжгүй байна. 

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМНЫ САЙДЫН ЗӨВЛӨХ С.ТЭНГИС: ИРГЭДИЙГ ЦАХИМ ХАЛДЛАГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ЭНЭХҮҮ ХУУЛЬ ДЭЭР БИД АЖИЛЛАЖ БАЙГАА

С.Тэнгис: Олон нийтийн сүлжээгээр дамжуулан цөөнгүй асуудал үүсдэг нь зөвхөн манай оронд ч биш бусад оронд ч үүсдэг. Харин энэ хууль нь иргэдийг ахим гэмт халдлагаас хамгаалах болон бусад аюулаас хамгаалах зорилготой. Бид үүн дээр л тулж ажиллаж байгаа. 

ЭХ СУРВАЛЖ: NTV

Улс төр

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.