| | USD/MNT 0₮

ТОМИЛОЛТ: Нутгийн иргэдийн эсэргүүцлээр Халзан бүргэдэй орд газрын хайгуулыг түр зогсоосон

-Халзан бүргэдэй ордод мэргэжлийн байгууллагууд ажиллаж хүн мал, ургамал байгаль орчинд хортой нөлөөлөл байхгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ-

Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах Халзан бүргэдэй ууланд хайгуул хийж хууль бус зөвшөөрөл олгосон гэх асуудал нийгэмд нэлээд шуугиан тариад намжсан. Тодруулбал, тус орд газрыг өрөмдөж, хайгуул хийх ажлыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас түр зогсоосон байгаа юм байна. Учир нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас ийнхүү түр хугацаагаар зогсоосон байгаа ажээ. Тэгвэл Халзан бүргэдэйн асуудлыг өнгөрсөн долоо хоногт Ховд аймагт болсон Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцсон албаныхан хөндсөн билээ. Тус хайгуулын орд газрын төслийн удирдагч Ц.Пүрэвтүвшин болон Мянгад сумын Засаг дарга М.Баатартай ярилцлаа.

Ц.Пүрэвтүвшин:Халзан бүргэдэй төсөл хайгуулын түвшинд байна, эдийн засгийн хувьд үр ашигтай эсэхийг судалж тогтооно

Халзан бүргэдэй төслийн удирдагч Ц.Пүрэвтүвшин “Уул уурхайн үндсэн ашигт малмтал бол гуравхан ашигт малтмал байна. Нүүрс зэс, алт гэх мэт. Алтыг бол Монгол банк худалдаж авдаг, жилдээ 20-22 орчим тонн алт худалдаж авч байна. Нүүрс зэсийг урагшаа экспортолж байна. Цаашлаад 4 болон 5 дахь ашигт малтмалыг төрийн бодлогоор бий болгох ёстой. Эдгээрийн нэг нь газрын ховор элемент. Монгол Улс хөгжиж байгаа улс учраас олон улсын зах зээлийн трендийг тогтоож чадахгүй байна. Жишээлбэл өөрсдийнхөө хүслээр маркетинг хийж чадахгүй. Халзан бүргэдэй төсөл бол олон улсын анхааралд бий, хүн болгон анхаарч байгаа нь үнэн. Олон улсын санхүүгийн байгууллагууд ч энэ төслийг дэмжих сонирхол байгаа. Санхүүжилт дээр харьцангуй боломж бололцоо байгаа тул энэ дээр нэлээд далайцтай шуурхай зоригтой ажиллах ёстой. Ганц энэ төсөл биш өөр илэрцүүд зөндөө бий. Тэр болгон дээр нь хайгуул хийж, ойрын таван жилдээ ганц уурхайтай болохыг зорих хэрэгтэй. Тэгвэл тэр хэмжээгээр экспортын орлого өснө, газрын ховор элементийн хувьд нүүрс зэс шиг бэрхшээл харьцангуй бага байдаг. 2020 оноос хойш газрын ховор элементийн үнэ өсөлттөй байна. Энэ цаг үед тогтвортой үнэ өсөлттэй байх болов уу” гэлээ. Ингээд түүнээс сонирхсон асуултад хариулт авлаа.

-“Халзан бүргэдэй” төсөл ямар түвшиндээ явж байгаа вэ. Төслийн хөрөнгө оруулалт хэдэн төгрөг вэ?

-Одоогоор хайгуулын түвшинд явж байна. Нийт төслийн хөрөнгө оруулалт 325 сая ам.доллар гэж урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа. Хайгуулаа хийнэ, эдийн засгийн хувьд үр ашигтай байх уу гэдгийг нь судалж тогтооно.

-Эдийн засгийн хувьд үр ашигтай байж чадах уу?

-Би түрүүн хэллээ, 2020 оноос хойш газрын ховор элементийн үнэ өссөн хэвээрээ байгаа. Гэхдээ өрнөж байгаа процесс болон цаг хугацаа шаардлагатай. Халзан бүргэдэй төсөл эдийн засгийн хувьд ач холбогдолтой байх уу, цаашдаа газрын ховор элемент хэрэгжих үү, явах уу явахгүй юу гэдгийг тодорхойлох үндсэн түүчээ төсөл яах аргагүй мөн. Байгаль орчин хордуулахгүй. Хэрвээ хордуулаад байгаа хэрнээ үйл ажиллагаа явуулна гэж хэзээ ч байхгүй.

-Энэ төсөл хэрэгжснээрээ орон нутагт яаж үр өгөөжээ өгөх вэ. Ажлын байр хэрхэн нэмэгдэх вэ?

-Төсөл маань зөвхөн Ховд аймаг төдийгүй Монгол Улсын хэмжээнд томоохонд тооцогдох том төсөл. Суурь дэд бүтцийн асуудлууд бий, жишээлбэл цахилгаан зам, усан хангамж, үйлдвэр эко цементийн үйлдвэр гээд байна. Шууд ажлын байр гэвэл өнгөрсөн хугацаанд 500 гаруй шууд бусаар төслийн хугацаанд маш олон ажлын байр бий болно.

-Яг энэ газрын ховор элементтэй газар нутаг дээр нутаглаж байгаа малчид хортой уран гэж ойлгоод байгаа. Ухуулаад эхэлдэг үнэхээр хор уршиг нь мал болон хүүхэд дээр илрэх вий гэсэн болгоомжлол байх нь зөв биздээ?

-Малчид  иргэд урантай гэж ойлгоод байгаа. Сошиалаас маш буруу мэдээлэл авах юм. Зориуд худал мэдээлэл тарааж байгаа хэсэг бүлэг хүн ч бий. Энэ нь тэс ондоо хоёр ашигт малтмал. Хар цагаан гэсэн үг. Уран бол цацраг идэвхт ашигт малтмал, Цөмийн энергийн тухай хуулиар тусдаа зохицуулагддаг. Газрын тухай ховор элемент бол Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр үүнийг зөвөөр ойлгуулахын тулд иргэдэд маш их цаг хугацаа хүч зарцуулж байна. Үл ойлголцол их байсан. 2022 оны 11 сард Байгаль орчны яам Цөмийн энергийн комисс, Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналтын газар олон төрийн байгууллагаас 7 хүний бүрэлдэхүүнтэй газар дээр нь хэмжилт хийгээд, дээж аваад дүгнэлтээ гаргасан.

-Дүгнэлт нь юу гэж гарсан юм бэ?

-Дүгнэлт 12 сарын 25-нд албажиж гараад хайгуулын явцад цацрагийн илэрц байхгүй, хүн мал, ургамал эргэн тойрны байгаль орчинд ямар нэгэн хортой нөлөөлөл байхгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлт аймгийн удирдлага болон сумын Засаг даргад нь албажиж очсон байгаа. Төрийн байгууллагууд иргэдийн дунд үүссэн эргэлзээ зангилааг тайлсан томоохон үйл явдал болсон гэж ойлгож болно. Мэргэжлийн хүмүүс хоргүй гэдгийг баталлаа. Хортой үйл ажиллагаа байхгүй гэдгийг иргэд ойлгох ёстой. Ховд аймаг уул уурхай харьцангуй багатай. Энэ төслийг явуулахын тулд бид бүхэн бүхий л чадлаараа ажиллаж, иргэдтэй уулзаж зөв мэдээ мэдээлэл өгсөөр байгаа.

-Хайгуул хийхийг түр зогсоосон байгаа юм байна. Яг хэзээнээс эхэлж ажил хэрэг болгох вэ?

-Бид бүхэн шийдэж хийж чадахгүй. Аймгийн Онцгой комиссоос хуралдаад өнөөдөр хайгуулыг явуулаа гэх юм бол бид маргаашнаас эхэлж ажиллахад бэлэн. Одоо ажиллаж байгаа хүмүүс бий. Гэр кемп бий ид үедээ 86 хүн ажиллаж байсан. Одоо үргэлжлүүлээд ажиллах боломжтой.

Засаг дарга М.Баатар:Халзан бүргэдэй төрийн тахилгатай уул, эрт дээр үеэс тахиж шүтэж ирсэн учраас нутгийн иргэд ухуулахгүй гэж эсэргүүцдэг

Мянгад сумын Засаг даргын байр суурийг сонирхлоо.

-Сумын иргэд малчдын эсэргүүцэлтэй тулгарснаас болж "Халзан бүргэдэй" төсөл зогссон байгаа гэлээ. Иргэд юу гэж эсэргүүцдэг вэ?

-Халзан бүргэдэй төсөлд байгалийн ховор элемент гэдэг утгаараа анхаарал татдаг. Ард иргэд химийн хортой бодис нөлөөлөл ихтэй гэж эсэргүүцээд байгаа.

-Химийн хортой бодистой гэдгийг хэн хэдэн онд судалж шинжилсэн юм бэ?

-1984 онд ОХУ-ын эрдэмтэн судалсан байдаг. Тэрнээс хойш манай эрдэмтэд ч судлахад хүнд металууд байх ёстой хэмжээнээсээ хэд дахин их байна гэсэн шинжилгээ гарсан. Тийм учраас хүн мал болон ургамал эко систем болон их нууруудын хотгор болон Хар ус нуурын ай сав газарт сөрөг нөлөө үзүүлнэ гэж болгоомжилсон.

-Засаг даргын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ард иргэдийнхээ бодол саналыг дээд шатны удирдлагуудад уламжилсан байгаа. Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн дээд байгууллагуудад хандсан гэсэн үг. Сумын иргэдийн хурлаас болон багийн иргэдээс гарсан хүсэлтийг дээшээ өгсөн.

-Төрийн тахилгатай уулыг ингэж ухаж хөндүүлэх нь зөв үү буруу юу?

-Төрийн тахилгатай Алтан хөхий уул. Эрт дээр үеэс өвөг дээдэс шүтэж тахиж ирсэн тахилгат уул учраас иргэд эсэргүүцэж байгаа нь үнэн. Гэхдээ хайгуул хийх асуудлыг шат шатандаа дээд шатны байгууллагуудад уламжилсан. Ард иргэд эсэргүүцэж байгаа учраас хүндэтгэх хэрэгтэй.

-Хайгуул хийхийг хаанаас зогсоосон юм бэ?

-Аймгийн Онцгой комисс хуралдаад хайгуул хийхийг зогсоосон. Шинжилгээний хариу эцсийн байдлаар аймгийн Засаг даргад ирсэн байгаа ч албажсан шийдвэр хариу нь бид нарт хараахан ирээгүй байна.

-Гэхдээ уул уурхайг дагаж улс орон сум орон нутаг хөгжиж боломжтой. Танай сумын хувьд уул уурхай газрын ховор элементээс гадна өөр юугаараа хөгжих, аялал жуулчлалаа хөгжүүлэх боломжтой вэ?

-Ганхан Халзан бүргэдэй биш өөр уул уурхайн хайгуулын түвшинд явж байгаа ажлууд бий. Мянгад сум газар зүйн байршил онцлогоороо жуулчин татах боломжтой. Тийм ч учраас аялал жуулчлалын маршрутаа гаргаж хөрөнгө оруулалтын чуулга уулзалт дээр танилцуулж, хөрөнгө оруулагчдыг хайж олсон. Ганцхан уул уурхай дээр хөгжлийг тодорхойлж болохгүй. Сум орон нутагт үйлдвэрлэл болон бусад арга замууд бий. Ажлын байр нэмэгдүүлж амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой.

-Мянгад сум хэчээн хүн амтай бэ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх өөр боломжууд бий гэлээ. Яг юугаараа жуулчдыг татах вэ?

-Манайх 3700 гаруй хүн амтай. Манай нутаг төрийн тахилгат уул овоотой. 2023 онд тав дахь удаагийн тахилга хийх гэж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын дэд бүтэц нь манай Мянгад сумын нутаг дээр нэлээдгүй бүтээн босголт хийгдэж байгаа. Ажлын байр нэмэгдэнэ. Энэ цахилгаан станц нь өөрөө жуулчин татах томоохон обьект болно. Эмчилгээний рашаан ус байна. Хар ус нуур байна. Гол нууруудыг түшиглээд усан аялалаар жуулчдыг татах, түүхийн нэлээдгүй дурсгал биет болон биет бус өв хөшөө дурсгал бий дээ.

Газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг чухалчилж байгаа ч “Халзан бүргэдэй” ордыг оруулах дээр тодорхой бодлого баримтлаагүй гэжээ

Мянгад сумын нутгийн зөвлөлийн дарга, ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан Халзан бүргэдэй уул бол "Хар ус" нуур, Алтайн сав шим газарт ойр байршилтэй, байгалийн чухал эко системийг хадгалагч байршил. Орос эрдэмтдийн хийсэн судалгаагаар энэ орд дахь ураны агууламж нь өндөр байдаг. Миний бие Ерөнхий сайдтай энэ талаар уулзахад “Бид хэдий Газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг чухалчлан харж байгаа ч “Халзан бүргэдэй” ордыг тухайлан оруулах дээр тодорхой бодлого баримтлаагүй. Ер нь уул уурхайг орон нутгийн иргэдийн зөвшилд тулгуурлан явуулах зарчмыг Засгийн газар баримтална гэсэн” гэж ярьсан.

Дашрамд сонирхуулахад, Халзан бүргэдэй хэмээх газрын ховор элементийн орд бүхий ууланд уул уурхайнхан 2000 оноос эхлэн эзэн суусан гэдэг. Халзан бүргэдэй уул ч гэсэн нутгийн иргэдийн тахин шүтэж ирсэн шүтээн уулын нэг. Ховор элементийн ордоос гадна түүхийн үнэт дурсгал олонтой. ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгээс тус газарт хүрэл зэвсгийн үед хамаарах 60 гаруй булш, эд өлгийн зүйл олдсныг бүртгэсэн байдаг.

Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.