| | USD/MNT 0₮

ИХ ГОВИЙН ЗОРИГТНУУД ба АРХИВ СӨХӨХҮЙ...

         Алдарт бичин жилийн зуд. Монгол хүний тэсвэр хатуужил, нэгдэж чаддаг үндэстнийг бас нэгэн байгалийн шалгалт давахад хүргэсэн юм. Адуун сүргээ Улсын хил давуулахгүй гэсэндээ чармайн зүтгэж эх орныхоо морин эрдэнийг адгуулан тогтоосон баатарлаг ард түмэн. Их говийн зоригтны нутаг. Бичгийн суут хүмүүн, их эрдэмтэн, гүүш Б.Ренчин абугай “Их говийн зоригтнууд” алдарт нийтлэлээ бичин “Үнэн” сонины 1945 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №20 /2882/-т нийтлүүлснээр Дорноговь аймгийн Баянмөнх сум /одоогийн Өргөн/ “Их говийн зоригтнууд” хэмээн Монголын түүхнээ алдаршсан билээ. Харин үйл явдлын дараа юу болсон талаар архивын баримт сөхөхийг зорилоо. Уншигч Та тольдоно биз ээ.

ТУС ДОРНОГОВЬ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ

 ӨНГӨРСӨН ӨВЛИЙН 11 ДҮГЭЭР САРААС 12 ДУГААР САР ХҮРТЭЛХ

 ХҮЙТЭН ЦАСАН ШУУРГАНД УРУУДАН ОЧСОН ХЭДЭН 

АЙМГИЙН АДУУ, ҮХЭР ГОЛТОЙ МАЛУУДЫГ ТОГТООН 

МАЛЛАСАН БА БУСАД АЙМГИЙН ОТОР НҮҮДЛИЙН 

ТУХАЙ БАЙДЛЫН ЯВЦ ДҮН

 

МАХНамын Төв хороо-Ардын СнЗ-д

товчлон илтгэх нь...

1. Өнгөрсөн 1944 онд тус аймгийн хэмжээгээр нийтдээ ган тохиолдож ялангуяа хойд талын 10 шахам сумдын дэвсгэр нутагт өвс бэлчээр хомсхон ургасан учраас намар дээр цагаас Аймгийн намын хороо-Яамны хурлаар сумдын илтгэл авах, сумдын малчны зөвлөгөөний хурлыг хийлгэх, бэлчээрийг шилж сонгох, отор нүүдлийг зохиох зэрэг аймгийнхаа малыг хатуу улирлаас хамгаалах бэлтгэл ажлыг хийж байвай. Чингээд хойд талын Ихжаргалан, Даланжаргалан, Айраг, Дэлгэрхэт, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ зэргэмжийн долоон сумдын нэлээд ардууд аймгийн хойд тал ба баруун зүгийн өвслөг газрыг чиглэн нүүдэллэж байх үест 11 дүгээр сарын хуучдаар хүйтэн цасан шуурга хэдэн өдөр үргэлжилсэн учир аймгийн хариуцлагатан хөдөө сумдаар гарч ардын мал ажиллагаанд туслах ба танилцахаар явлаа. Иймд урд талын сумдаар онцын аюул гэмгүй харин хойд талын сумдаар бод малаа бүгдийг шахам алдаж байсан боловч тэр малууд нь нутаг ойролцоогоо байсныг сум багийн цугларуулга хийж эзэд нь бод малаа ялган авах ажлуудыг хийж үүсвэрлэж байтал огт санаж бодоогүй хөндлөнгийн хүнд шалтгаан тохиолдвой. 

Дорноговь аймгийн "Ялалт" сонины фото сэтгүүлч Л.Сандуйн төмөр барын бүтээл...

 

           Энэ нь чухам хаана аль газрынхыг мэдэхгүй, бодвол хойд талын аймгуудын бололтой эх зах нь мэдэгдэхгүй үлэмж тооны адуу өдөр шөнийн 24 цагт ялгалгүй хэдэн зуун мянгаараа оторлосон адууны бэлчээрт байдаг адууны хомоол шиг байдалтай өргөн хувь талуудыг бүрхсэн тоо хэмжээг барагцаалж ч болохгүй адуунууд тасралтгүй цувбай. Үүний хажуугаар бага бус тооны үхэр мөн хонь ямаа ч уруудаж ирэх болвай. Үүний зам дээр оршиж байгаа манай долоон сумууд нь барагцаалбал 60 гаруй мянган адуутай юм. Түүнийхээ хагасыг алдаж хагас нь гар дээрээ байтал тэр олон адууны их хөдөлгөөнд автагдан эдгээр 60 гаруй мянган адуу ба үхрээ хутгалдуулан сарниулж алдвай. Энэ зэрэгцээгээр нутгийн ардууд адуугаа олж авахын хойноос чармайж аль илүүдэхүйц чадалтай хүмүүс уургаа бариад хөөцөлдөв. Мөн Төв, Дундговь аймгуудаас ч эрэлчид ирж адуунуудыг тогтоохоор шөнө өдөргүй хөөцөлдвэй. Гэвч шуурга хүйтэнд адуу эх захгүй учир өглөө олсон адууг үдэд алдаж байлаа. Тэр ч байтугай адуугаа олж авах гэж хөөцөлдөж явсаар явгарсан ч хүн байсан. 

        Жишээлбэл: Алтанширээ сумын ард Доржцэдэн, Иххэт сумын Дарханы Шагдар гэх мэтийн хүмүүс юм. За ингээд хөөцөлдсөөр байтал олсон үр бүтээл ч үгүй аймгийн хойд талд тулж адууны ихэнх нь зүүн талаараа гарч гадаад улсын хилийн дотогшилсон гүн өөд чиглэсэн ба баганхи хэсэг нь баруун талаар гарч өвслөг газар өөд чиглэвэй. Үүний хойно барагцаалан үзвэл зүүн талын хилд ойр Баянмөнх сумыг чиглэсэн адуу 70 мянга орчим баруун зүгт явсан адуу 23 мянга болжээ. Аймгаас Баянмөнх ортол 90 километр ойрхон тул өдөр шөнөгүй цувж байсан адууны түрүүч яахын зуургүй хилийн шугамд тулж ирвэй. Чингэхэд аймгийн Намын хороо-Яамнаас хөдөө явсан хүмүүсийн зарим ба төвийн идэвхтний зөвлөлгөөн хийж түүний үндсэн дээр уруудсан бүх адууг хил давуулахгүйн тулд аймгийн хүчийг энэ зүгт татах тогтоол гаргаад аймгийн төлөөлөгч Үдэл, Дашдэндэв, Галдан, Нацаг, Жадамба нарыг Баянмөнх суманд явуулсан. 

Энэ зэрэгцээ Өргөн, Эрдэнэ зэрэг хязгаарын сумдад Дорж, Жанчивдорж, Самбуу, Содномдаш, Намсрай, Цэдэндаржаа, Ишзундуй, Гочоо, Эригзэндорж нарыг явуулахын зэрэгцээгээр харъяа 17 сумдаас 250 гаруй хүний хүчийг богино хугацаанд гаргах хуваарь үүргүүдийг өгч үүнийг биелүүлэх бие төлөөлөгчийг мордуулсан мөн хязгаарын ангиудаар энэ хүнд байдлыг цахилгаанаар мэдэгдэж туслахыг хүсээд төв яаралтай цахилгаан явуулсан.

Баянмөнх дээр бас л хүчин дутагдсан учир аймгийн орлогч дарга Гомбожавыг явуулаад аймгийн Намын хорооны дарга хойноос нь очсон энэ үест хилд очсон их адууны түрэлт хүйтний чанга үед нутгийн ард түмэн аймаг сумын ажилтны хориглон тогтоох ажиллагаа нь өдөр шөнийн 24 цагт тасралтгүй их тулалдаан шиг үргэлжилж байвай. Салхи намдах үест адууны ихэнхийг хэдэн километр дотогшлуулах ба салхи нэмэгдэх үест хэдэн километр түрэгдэх зэргээр байх завсар адууны тоо ч нэмэгдэж урьд зарласан туслах хүчин ч нэмэгдэн ирсээр байв. 

Уруудсан 70 мянган адууг тогтоон барьсан зоригтнуудын "Алдарын багана"-Өргөн сумын "Хөх булаг"-ийн застав...

 

Энэ их хөдөлмөрийн түүчээ нь болсон Баянмөнх сумын дарга нар ч шийдвэртэйгээр албан хаагчид ба ард түмнээ зохион байгуулж ажилласан байв. Үүнд: Сургуулийн багш коминдант хүртэл оролцжээ. Анхны үед хориглон тогтоох 50 орчим хүн байвай. Хязгаарын ангийн заставууд адууг тогтоох явдал дээр шийдвэртэй орсон. Энэ зэрэгцээгээр аймгийн байгууллагаас тусгай машин төлөөлөгч, гурил ачсан машин ба хуягт бригадын тусгай адууг хумих бригадын хамтаар хүчин нэмж очсон ба холын эрэлчид ирж нэг хэсэг нь энэ ажилд оролцвой. Иймэрхүү байдалтайгаар анх эхэлж адууг хилийн шугамын наадад яг тогтоовай. Аймаг, сумын бүх зорилго Монголын ард түмний энэ их адууг гадаадад өгөхгүйн тул бие хайрлахгүй тэмцлийг хийсэн явдал аймаг, сум шууд шийдвэрлэж байдгаараа ажилласан гэдгийг өөрийн дээд удирдлаганд шууд үнэнийг хэлмой. 

2. Энэ зэрэгцээгээр шийдвэрлэх асуудал гарч ирэв. Энэ нь олон адууг тогтоох хүн байвч уналгаар явгадахад хүрчээ. Хэрэв энэ байдалтай байх юм бол бүх адуу хэдэн цагийн дотор хил давах тул улсын хөрөнгө, ардын хөрөнгө түүний төлөө ажиллаж байгаа тул аргагүй дотроос нь унах зөвшөөрлийг хориглон тогтоогч ба сүрэглэн хариулагчдад аймгийн Намын хороо-Яамнаас олговай. Харин аятай гамтай хэрэглэхийг заан сургасан, энэ зэрэгцээгээр дотоод яамны сайд Шагдаржав ирж бидэнд заавар зөвлөлгөөн тусламжуудыг өгсөн.

         Адууг хэдийгээр тогтоосон боловч алс холоос шуурганд туугдсан өл хоолгүй хүйтэн чанга шуурга их байсан учир өвсгүй газар хөлдүү хар говь идэж өдий төдийгөөрөө үхэж байгаа нь нүд хальтирмаар бөгөөд чадалтайсан бол хэсэг хэсгээр цөөлж өвстэй газар тархаан хариулгах байсан билээ. Гэтэл түүнийг тархааж хариулах ч байтугай тогтоох чадлаараа ч бараг хүрэхгүй байвай. Энэ зэрэгцээ эрэл сурлын хүмүүс нь адуу малаа авах аймаг сумыг төлөөлж ирсэн нэрийдэлтэй боловч хувийн хэтээ харах маллахыг бодохоос биш малыг тогтоох сүрэглэх ажилд тэгш адилаар орж чадсангүй, тэгш адил оруулахын тул ухуулж ч үзсэн албадаж ч үзсэн. 

Аль нь ч тийм их тусыг олж чадсангүй. Гол төлвийг урьд бөөгнөрүүлсэн хүчинд дулдуйдаж аргацаан хорьж байх завсар эзэд нь авах газар дээрээ үхэх, Сүхбаатар өөд хошууруулж алдах зэрэг байдлаас адууны тоо цөөрч нэгэн үеийг бодвол хариглох явдал хялбар болж ирвэй. Тэр даруй хэсэглэх сүрэглэх, өвстэй газар хариулах ажлуудыг зохион байгуулж эхэлсэн. 

Энэ ажиллагааны үр дүнгээр 70 гаруй мянган адуунаас 42 мянгыг эздэд нь олгож 20 шахам мянгыг Сүхбаатар тийш алдан найм орчим мянган адуутай үлдвэй. Энэ ажил 1945 оны 02 дугаар сарын хагас хүртэл ихээхэн хөлтэй үргэлжилвэй.

3. Ийнхүү хүчин мөхөстөх, давчдах сандрах ажлын зэрэгцээгээр элдэв нэгэн танхай хүмүүс морь малыг гамгүй эдлэх, үхүүлэх, худал цуурхал тархаах, хулгай хийх, тарган морьдыг хөтлөх, бусдыг худал гүтгэх, хувийн ашгийг хичээх үзэшгүй муухай дутагдал өдий төдий гарвай. Баримтыг хэлбэл: Дундговь аймгийн Дэрэн сумын нэгдүгээр багийн Чойдор овогтой Ойдов хэмээгч нь Баянмөнхийн хумисан адуунд байсан Дэлгэрхэт сумын 6 дугаар багийн Адилбишийн 13 тооны адууг өөрийнхөө адуутай хамтаар хөөж нутагтаа Улаанбадрах сумын наад талаар хөөж явсныг эзэн нь есөн өртөө газар хөөж таньж авсан. Түүнчлэн тэрхүү Ойдов нь нутгийн бололтой эзэнгүй тарган зургаан морийг хамт авч явжээ. 

Үүнд Адилбишээс түүний адуунд “Хүний морь байна уу?” хэмээхэд “Эзэнгүй зургаан морь бий. Энэ нь манай нутгийн адуу биш. Би ганцхан нутаг хүртэл унаж эдэлж буцах зорилготой авч яваа юм” хэмээжээ. Нөгөөтэйгүүр Төв аймгийн Баянцагаан сумын гуравдугаар багийн Мөнхийн Данзанням хэмээгч нь Баянмөнхөөс 20 гаруй адууг хөөж Даланжаргалангийн нутгаар орж тэр сумын ард Чүлтэмийн хоёр морийг хамтаар аваад явсан.

4. Нөгөө Эрдэнэ сумын нутаг дахь найман мянган адууг хилийн орчмоос хумих сүрэглэх ажлыг аймгийн төлөөлөгч Дорж, Жанчивдорж, Самбуу, Нацаг сумын Намын үүрийн дарга Жигмэд, сумын дарга Гэндэндаржаа нар зөв сайн зохиосон. Өвс бэлчээр сайн адууны тоо цөөн сумын хүч их учир адууг алдсан ч үгүй үхүүлсэн ч үгүй зохих эздэд нь олгосон.

5. Өргөн суманд 23 мянган адууг тогтоох хориглох тухай аймгийн төлөөлөгч Цэдэндаржаа, Өргөн сумын Намын үүрийн дарга Цэдэв, сумын Лувсанцэдэн нар ард түмнийг зөв зохиосон. Бэлчээр өвс сайн адууны тоо цөөн хүний хүч их эдгээр сайн нөхцлөөс анх их хумиа хийж 10 орчим мянгыг эздэд нь олгон эзэнгүй үлдсэн 11 мянга 425 адууг найман суурь болгож хариулгажээ. Гурав нь Дорноговь аймгийн суурь, хоёр нь Дундговь аймгийн суурь байжээ. 

            Энэ отрыг Улсын сайн малчин Жигмэд, намын гишүүн Хасбаатар нар зөв сайнаар удирдан зохиож ажилласан. Нэгэн сарын дөрөвнөөс 02 дугаар сарын 10 хүртэл маллахдаа Дундговь аймгийн Эрээн, Дэрэн, Сайнцагаан, Гурвансайхан, Цагаандэлгэр, Төв аймгийн Угтаал, Дорноговь аймгийн Ихжаргалан, Сайхандулаан, Алтанширээ зэрэг сумдын 100 гаруй хүмүүст 8737 адууг өгсөн. Манай энэ оторчид нь цасны зөөлөн, өвсний сайхныг тохируулан зөөлөн хумиж зохистой эдлэн өвөр дулаан газар хариулж байснаас адуу нь төдийлөн үхсэн ч үгүй. Үүнийг аль ч аймгийн ард мэдэж байгаа юм. 

Алтанширээ сумын Дулмын хэлсэн нь: “Гүү нь хээлтэй, азарга нь унаатай, морьд нь хөлсгүй ийм отрыг бид сайн хэмээхээс өөр юу гэх вэ?”. Дундговь аймгийн Сайнцагаан сумын наймдугаар багийн Улсын сайн малчин Бавуу отроо эргэж үзээд сайн хэмээсэн. Ийм өгүүлэл яриа олонтой. Ер нь энэ отрыг шууд сайн болсон хэмээн хэлмой. 

Энэ ажил дээр дээр дурьдсан нөхдөөс гадна тэргүүн зэргийн сайнаар ажилласан хүмүүс Даваа, Түвдэнбалжир, Санзайдорж, Мөнхдорж, Ухна, Гомбосүрэн, Шарав, Жамба, Доной, Адилбиш, Балжаа, Пунцаг, Цэвээндорж, Балдан нарын зэрэг хүмсүүд болмой. 

6. Үүний зэрэгцээгээр зарим ажилчин хүмүүсийн ярьсан нь: Баянмөнх сумыг буй нь сум сүүл, сум Намын үүрийн дарга Дамбадаржаа, сумын дарга Балдан нар аашлагдан, загнагдан “Дорноговийн боржигиныхон салхины махтай болж байна. Манай адууг хувьд хядсан. Эрэлчдийг пасспортоор хавчсан” гэх мэтчилэнгийн яриа өгүүллийг гаргаж байсан байна. Баримт нь: Дундговь аймгийн Дэрэн сумын эрэлчин Цэнд-Аюуш хэмээгчээс ярьж байсан нь “Танай аймгийн ба Баянмөнхийнхөн адууг нэгэн үхүүлж байгаад арьс ширийг нь өөрсдөө авах хэмээж байгаа юм гэх буюу танай Баянмөнх сумаас бид нар үнэмлэх авах хэрэггүй гэх ба танай энд чинь салхины мах их идэж байгаа газар байна” гэх мэтээр ярьжээ. Үүнийг Даланжаргалан сумын эрэлчин Сүрэн хэмээгчид ярьжээ. 

                                                                                                                                             Баянмөнх сумын дарга Т.Балдан 
                                                                                                        Баянмөнх сумын Намын үүрийн дарга Д.Дамбадаржаа

 

         Тэр ч байтугай Дундговь аймгийн удирдлагуудаас уг газар нутаг дээр нь ганц ч хүн үзэгдэхгүй байсан атлаа “Дорноговь аймгийнхан өөрсдийнхөө алдуулыг манай эрэлчдээр маллуулж ард түмнийг хохируулав” гэх зэргэмжийн дүгнэлтийг хийж байсан баймой. Манай аймаг түүний ард түмэн Дундговь аймгийн ард түмний олон тооны адууг хилийн шугам гаргахгүйн төлөө өөрийн ба бусад аймгийн гэх ялгаваргүй байдгаараа тэмцэж бага ч болсон тусыг хүргэсэн байх. Гэтэл ийнхүү аймгийн удирдлагаас гүтгэн мушгиж байхад учир мэдэхгүй дам сонссон ард юу ч гэж ярьсан буруутай биш. Үүнийг Дундговийн Цэвэгмид гэдэг хүн цахилгаанаар бичсэн байсан. 

Ер нь үүгээр бол зуд гачгийн онцгой хүнд шалтгаанаас биш Дорноговь аймгийн удирдлага, Баянмөнх сумын удирдлагуудын үл бүтэх ажиллагаагаар адууг хядаж байсан юм шиг бид тийм ажил хийгээгүй. Бид улсаа ард түмнээ гэж ажлыг хийсэн. Дүндээ нэлээд тус болсон байх. Гэвч бид хүч хүрэлцэхгүй элдэвт тулгамдсан учраас малыг өвстэй бэлчээрт гаргаж чадаагүй. Бүх ард түмнийг дүүрэн зохион байгуулж чадаагүй дутагдлууд бий болой. 

7. Ийнхүү 1944 оны 11 дүгээр сараас 1945 оны хоёрдугаар сарын хагас хүртэл тус аймаг нь энэ ажил дээр бүх хүчээ тавьж бусад ажлаа шууд хийдүүлж байсан. Ингэж ажилласны хүчээр өөрийн аймгийн хэдэн сумын ардууд ба Дундговь, Төв аймгийн ардуудад 65 орчим мянган адууг гардан шилжүүлж өгсөн. Гэвч энэ хүлээлгэж өгсөн бүх адууг эзэд дээрээ буй гэвэл худал. Энэ адууг хүлээж аваад тэдгээр хүмсүүд нь маллаж байх зуур ихэнх хувийг үхүүлжээ. 

Жишээ нь: Дэлгэрхэтийн сайн малчин Дашдэндэв 90 шахам хоног 1000 шахам адууг маллаад 250 гаруйг үхүүлж 350 шахмыг алдаад дөнгөж 400 шахам адуутай үлджээ. Манай адуугаа алдсан долоон сумд нь алдаж үхүүлээд, олсноо үхүүлээд үлдэх нь байсан адуунаасаа 10, 20 хувь үлдвэл дээд зэрэг болоод байна. Өөрөө хэлбэл тус аймгийн долоон сум адууны ихэнх нь буюу түүнээс илүүг үгүй болгожээ.

8. Мөн үхэр нэгэн адил алдсан уруудсан. Баянмөнхөд 200 шахмыг малласан. Гэвч алдсан, алдаагүй ялгалгүй энэ долоон суманд үхэр бараг үхэж дуусахаас өөргүй болоод байна. Малаа махаар, сөл өвс, загсгал зүйл бүрийн юмаар тэжээж буй боловч тураалын хувиар бус даарсан буюу их хүйтнээс онцлог байдалтай болсон мал нэлээд хүчтэй ч байсан үхэж байна. 

Хоёр. Бусад аймгийн отор нүүдлийн тухай...

Дундговь аймгийн Луус, Их-Эрээн, Төв аймгийн Сүмбэр, Цагаандэлгэр, Хэнтийн Галшар, Буянт, Сүхбаатарын Өлзийт, Түвшинширээ зэрэг 13 сумын захиргаа ард олон ба мал сүрэгтэйгээр манай нутагт оторлосон. Аргалийн уул, Хөвсгөл зэргэмжийн нутагт отрын адуу орж ирсэн. Тэдгээрийн тоо хэмжээг томъёолон мэдэхгүй. Харин нутгийн ард ба гадны эрэлчид эв найрамдалтай бие биестээ туслан оршиж буй. 

Эдгээр гадны нөлөө шалтгааныг өөрийн аймгийн мал ажиллагааны дутагдал дээр холбогдуулах бус бид манай малын их үхсэний гол шалтгаан бол ажиллагааны муугаас болсон хэрэг бөгөөд нэгэнтээ гарсан дутагдлыг ганц ажлаар засахыг хатуу санаж ажилламой. Бид одоо төл сайн авах малыг үхлээс хамгаалах ажил дээр байдаг хүчээ дайчилмой.

Дорноговь аймгийн Намын хорооны 

Нэгдүгээр нарийн бичгийн дарга: Чойжамц 

Аймгийн захиргааны Ерөнхий дарга: Ёндонжамц

Нийлсэн: Санжмятав

   Зундуй 

Цохив.     Сүхээ

 

Дорноговь аймгийн ЗДТГазрын дэргэдэх Улсын архивын сан хөмрөг Ф№-1, Т№-2, Хн№-133, 232 хуудас бүхий баримтаас 116-124 хүртэл гар цохиворыг үндсэн Монгол бичгээс кириллд буулгав. 

Э.ЭРДЭНЭДАЛАЙ

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.