| | USD/MNT 0₮

А.МӨНГӨНЧИМЭГ: GOGO DANCE, НАДАД СЕКС ХИЙХЭЭС ИЛҮҮ МЭДРЭМЖИЙГ ТӨРҮҮЛДЭГ

 

       Бүжгийн олон төрлийг би мэднэ гэж боддог байсан минь алдаа байжээ. GOGO DANCE. Айн??? гэж өрөөсөө асуув. Шөнийн клуб дэх бүжгийн өөр хэмнэл, DJ-ийн тавьсан аянд миний нүд үл захирагдах ажээ. Өөрийгөө зоригтой илэрхийлэн, бүсгүй хүний биеийн гоо сайхныг урлагт, аянд, мэдрэмжиндээ захируулан бүжих түүнийг gogo dancer А.Мөнгөнчимэг гэдэг. Хорооллын шөнийн клуб CASTLE-ийг зорьсон хэн бүгд түүнийг мэднэ. Тэр “Цайзан дотор” эрх чөлөөг жинхэнэ мэдэрдэг нэгэн.

       -Би 10 жилийн өмнө энэ урсгалыг сонирхон миний явах, бусдад өөрийгөө илэрхийлэх төрөл гэдгийг мэдрэн gogo dance-ээр бүжиглэж байна гэж тэрээр яриагаа эхлэв.

       GOGO DANCE бол club урсгал. Шөнийн клубт зорин ирсэн хүмүүсийг хамтдаа бүжиглэцгээе хэмээн уриалсан утгатай үг. Дотроо хоёр урсгалтай.

       Дэглэсэн gogo-Шөнийн клубт DJ ямар сэт ая тавьж байгаад нь бүжигчин биеийн хэлэмжээрээ тохируулан үйлчлүүлэгчид таашаал, мэдрэмжийг өгөхийг хэлнэ.

       Дэглээгүй gogo-Сонгосон нэг аян дээр бүжгийн элементүүдээ оруулан нэгэн цогц үзүүлбэр үзүүлэхээр ойлгож болно.

       Өндөр өсгийт дээр бүжихийг шаарддаг энэ урлагийг гоо сайхан төрсөн эмэгтэй бүр бүжиглэж чадамгүй. Хагас нүцгэн байхыг шаарддаг энэ урлагт эргэлт буцалтгүй татагдахын тулд зориг хэрэгтэй. Мөнгөөнөөд тийм зориг илт мэдрэгдсэн. Үр дүн нь түүний 10 жилийн түүх. Арван жилийн өмнө хүмүүс түүнийг яг юу хийгээд явааг ойлгодоггүй байжээ. Түүнийг эрх чөлөөгөө илэрхийлэн бүжих ТАЙЗ ч байсан. Одоо тэр өөрийн ЦАЙЗ-д, өөрийн ТАЙЗАН-д биеийн хэлэмжээрээ эрх чөлөөгөө илэрхийлэн бүжиж байна. Энэ бахархалтай биш гэж үү?

       -Би цар тахлын үеэр Монголдоо ирсэн. CASTLE шөнийн клуб надад санал тавьсны үндсэн дээр би өөрийн багаа бүрдүүлэн бүжиглээд жил гаруй болж байна. Энэ надад бас нэгэн боломж байсан. Одоо л энэ урлагаа Монголдоо таниулах боломж гэж харсан гэдгээ Мөнгөөнөө өгүүлэв. Анхандаа үйлчлүүлэгчид ямраар хүлээж авсан тухай асуухад:

       -Анх CASTLE-д орос бүжигчид байлаа. Энэ төрлийг гадаад бүжигчид л чадна. Монгол бүжигчид чаддаг юм уу? гэсэн хандлага ажиглагдаж байсан. Эхний хоёр гурван сар мэдээж гайхна. Энэ үеэс би өөрийн цахим хуудас хаягаараа gogo dance бүжгээ ойлгуулахын тулд байнга бичлэг хийж эхэлсэн. Энэ бас л зоримог үйлдэл байсан шүү. Үүний дараагаас хүмүүс ойлгож, бүр зорьж ирж үздэг болсон доо хэмээн бахархан өгүүлнэ.

       Маш сайхан сэтгэгдлүүд бичдэг тухай, жилийн өмнөх хүмүүсийн хандлага, одоо хүлээн авч байгаа хүмүүсийн хандлага тэс өөр болсон тухай, тэрбээр өөрийгөө ялан дийлж чадсан тухайгаа ярихад түүнээс зориг мэдрэгдэнэ. Урлагийн мөн чанарыг ойлгон зүтгэсэн түүний хөдөлмөр яриагаар нь илэрхийлэгдэнэ.

       Мөнгөөнөө чи юу золиосолсон бэ? гэхэд тэрээр инээмсэглэн:

       -Зөндөө олон зүйл байгаа. Мэдээж энэ цаг хугацаанд олон хайр дурлалтай учирлаа шүү дээ. Хүнтэй суугаад хүүхэд төрүүлэн гэрийн эзэгтэй болох сонголт байсан. Англи хэлний орчуулагч мэргэжлээрээ ажиллах уу? гэр бүл, хамаатан садны хандлагыг зөв чиглүүлж ойлгуулах гээд асуудлуудын дундуур золиос их гаргасан гэв. Чи харамсаагүй юу?

       -Хамаагүй ээ. Энэ бүхнийг ардаа хийгээд бүжиглэсэндээ би харамсахгүй ээ? Яагаад...?

       -Одоо сууж байгаа би тайзан дээр гараад шал өөр Мөнгөөнөө болдог. Секс хийхээс илүү мэдрэмжийг бүжиглэж байхдаа мэдэрдэг гэж болно. Тэгэхээр тэр олон хайр дурлалыг даваад энэ сонголтыг хийсэн гэж боддог. 

       Тэр мэдрэмж, тэр мэдрэмж, тэр мэдрэмж...

       Тэрээр аавынхаа эсэргүүцлийг ялан дийлээд сонголтдоо үнэнч үлдсэн нэгэн. Ахлах сургуулиа төгсөөд бүжгийн мэргэжил сонгох байсан ч “Урлагийн хүн хоолоо олж идэхэд хэцүү” гэсэн гэр бүлийнх нь үг бяцхан хана болж Мөнгөөнөө Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Англи хэлний орчуулагчийн ангийг амжилттай төгсчээ. Аавынхаа зарчимч занд нийцүүлэн сурсан Мөнгөөнөө:

       -Ааваа таны хүссэн мэргэжлийн дипломыг алган дээр чинь тавилаа. Одоо охиноо эрх дураар нь чөлөөтэй явуулаач хэмээн хүсчээ. Ингээд тэрбээр эрх дураараа ниссэн байна. Эрх дураараа байхыг хэн бүхэн хүсдэг биз дээ. Мөнгөөнөө хүслийнхээ зүг нислээ...

       Энэ тухайгаа дурсахыг хүсэхэд:

       -Аав минь одоо намайг хүлээн зөвшөөрдөг. Намайг бүжиглэж байхыг зорьж ирээд харж байсан тухай өгүүлнэ. Охиныхоо хүслийн өмнө ямар ч аавын зарчим уян болдгийн тод жишээ. 

       Мөнгөөнөө цар тахлын өмнө Хөх хот болон Тяньжинд gogo бүжгээрээ бүжиглэж байх хугацаандаа орос, украйн бүжигчдээс маш их туршлага судалжээ. Ямарваа нэгэн зүйл хүсэл тэмүүлэл, туршлага чадварын нийлэмжээс бий болдог нь туйлын үнэн билээ. 

       -Хүмүүс намайг бааранд бүжиглэдэг гэхээр миний ард нэгэн ивээн тэтгэгч, магадгүй “БАЯН ӨВӨӨ” байгаа даа гэж боддог. Хувь хүмүүсийн л ойлголт, тэдний л бодол. Энэ бол хардалт л даа. Гэхдээ надад САНАЛ ирдэггүй биш ирдэг. Гэхдээ тийм зүйл байхгүй учраас би өөртөө итгэлтэйгээр бүжиглэдэг. Цахимд ч чөлөөтэй бичлэгээ оруулдаг шүү!!! 

       Бүдүүлэг үг хэллэгийн дундуур, хэн нэгний уусан зүйлээ цацсан бусармаг үйлдлийн дундуур, биед нь хүрэх гэсэн эрээ цээргүй авирлагчдын дундуур, үл ойшоогчдын дундуур тэр зүгээр л бардам бүжиглээд л гарч ирсэн. Энэ тухайгаа одоо бахархан ярьж байгаа ч хэн бүхэн сонсоод түүний тэвчээрийг гайхна. Чи эмэгтэйчүүддээ хандаж юу гэж хэлэх вэ?

      -Чи тарган байна уу, туранхай байна уу, хөхтэй байна уу, хөхгүй байна уу, өгзөгтэй байна уу, өгзөггүй байна уу??? ХАМААГҮЙ ЭЭ. Чи хэн бүхэнд таалагдах албагүй. Чи өөртөө л итгэлтэй байгаарай гэж хэлэв. Тиймээ хэн бүхэн таалагдах амархан. Тэр, тийм замыг сонгоогүйгээр өөрийгөө бүтээж явна. Өөрийгөө илэрхийлэн бүжиж байна.

     -Намайг одоо хүмүүс их таньдаг болсон. Гудамжинд явахад “gogo” хэмээн дуудах, “бахархаж байна шүү” гэж урам өгөх зэргээр дэмждэгээ илэрхийлдэг. Энэ урлагийг би хөгжүүлэх гэж л зорьсон. Түүндээ хүрч яваа гэж боддогоо Мөнгөөнөө хэлж байна.

      Шөнийн соёл, шөнийн клубын соёл дэлгэрч яваа манай оронд энэ төрөл шинэ мэт боловч бусад орнуудад хэвийн үзэгдэл билээ. “Тайчигчтай бар орох уу?” хэмээн бярддаг халангар эрчүүдээс илүү эмэгтэйчүүд түүнд илүү баяр хүргэн урам хайрладаг нь энэ бүжгийн төрлийг ухааран ойлгож байгаагийн том МЭНДЧИЛГЭЭ.

     Одоо бид шөнийн соёлд нэвтрэхийн тулд “Hi gogo” хэмээн бардам хэлэх зоригтой болсон. Мөнгөөнөө чамд амжилт хүсье. Чи эрх чөлөөтэй бүжиглэсээр л байгаарай...

Хүндэтгэсэн: ASU.MN

 

 

My Career

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.