| | USD/MNT 0₮

Алексей Навальныйн охин: Бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Оросын тэрс үзэлтэн, шоронд хоригдож буй Алексей Навальныйн охин Даша Навальная өнгөрсөн Баасан гаригт CNN агентлагийн Эрин Бурнеттэд ярилцлага өгөх үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан Украин дахь дайныг зогсоож, өөрийн эцэг болон улс төрийн хоригдлуудыг суллахыг уриалсан байна. Тэрбээр “Энэ хоёр зорилго биелэх хүртэл бид тэмцлээ зогсоохгүй” гэж хэлжээ.

Түүний аав Навальный Кремль болон Украин дахь дайныг илт шүүмжилдэг. Тэрбээр их хэмжээний мөнгө залилсан хэргээр өнгөрсөн жил Оросын шүүхээс есөн жилийн хорих ял сонсож, өдгөө Москвагийн зүүн хэсэгт байрлах чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа юм.

Түүнийг 2020 онд мэдрэлд сөргөөр нөлөөлдөг "Новичок" хэмээх бодисоор хордуулсан бөгөөд Навальный үүнд барууны хэд хэдэн албан тушаалтнууд болон Кремлийг илт буруутгасаар ирсэн. Харин ОХУ-ын тал үүнд ямар ч оролцоогүйгээ мэдэгдсэн билээ.

Хордлогын улмаас ХБНГУ-д хэдэн сарын турш эмчлүүлж, эдгэснийхээ дараа Навальныйг Москвад буцаж ирмэгц 2014 онд хөрөнгө шамшигдуулсан, тэнсэн харгалзах хугацааг зөрчсөн хэргээр шууд баривчилсан. Анх түүнд 2.5 жилийн ял оноож, дараа нь авлигатай тэмцэх сангаас мөнгө хулгайлсан гэх үндэслэлээр есөн жилийн ял оноосон билээ. Өмнө нь Оросын улс төрийн албан тушаалд нэр дэвшиж байсан Навальный Кремлийн “нүдэнд  орсон хог” болоод удаж буй.

Даша хэлэхдээ “Аавын минь ажил, Авлигатай тэмцэх сангийн "гол зорилго" "Оросыг чөлөөт улс болгох, нээлттэй сонгууль явуулдаг, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөгөө эдэлдэг орон болгох явдал юм” гэжээ.

Өөр ертөнцөөр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.