| | USD/MNT 0₮

МАН-аас Монгол банкны шинэ ерөнхийлөгчөөр 250 мянган ам.долларын хэргээр шалгагдаж буй Б.БАТДАВААГ томилно гэв үү

      Монгол банкны ерөнхийлөгчийн суудалд шинээр томилогдох ээлжит хүний таамаг ил боллоо. Гэвч улсын эдийн засгийн бодлогыг тодорхойлогч төв банкны үе үеийн удирдлагууд авилгал, албан тушаалын томоохон хэрэгт яллагдагчаар татагдаж, гэмт хэрэгтэн гэх нэр зүүдэг нь нууц биш. Тиймдээ ч ард түмэн энэ удаагийн шинээр томилогдох Монгол банкны ерөнхийлөгч хэн байх вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна юм. Цаашлаад нэр цэвэр, хариуцлагатай нэгэн Монголын ирээдүйн эдийн засгийн бодлогыг тодорхойлж, удирдаж явахыг хүснэ. Ядаж наад зах нь Улсын төсвөөс хумслаагүй, үндэслэлгүйгээр үлэмж их хөрөнгөжөөгүй, Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж хуулийн байгууллагын үүдийг сахиагүй салбартаа мэргэжлийн гэгдэх хүн томилогдох нь Улсын том эрх ашигт хамаатай асуудал.

       Гэтэл үүнийг... Ард түмэн бус, МАН-ын толгой л шийдэх асуудал. Тухайлбал, МАН-ын томилгоогоор үүрэг хүлээсэн ерөнхийлөгч нараас одоогийн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь “Бэрэн групп” ХХК-ийн чанаргүй зээлийн асуудалд холбогдуулан яллагдагчаар татагдаж, Эрүүгийн хуулийн 22.1.2 буюу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр шалгагдаж байсан ч хэрэг нь эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй л явна. Мөн Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг Эрүүгийн хуулийн 22.1.2-оор яллагдагчаар татсан бөгөөд “Пирамид орд ”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс”, “Инжир”, “Ганхүдэр орд”, “Болоршүр”, “Газ импорт”, “Бэрэн”, “Баруун баян транс” зэрэг аж ахуйн нэгжүүдийн авсан зээлд холбогдуулж байгаа юм. Харин яллагдагчаар татах санал оруулаад байгаа хэргүүд дээр Г.Дөлгөөнийг мөн л Эрүүгийн хуулийн 22.1.2-оор “Монгол драй милк” ХХК-ийн зээлд холбогдуулан шалгаж эхэлсэн. Гэх мэт Монгол банкны удирдлагууд ээлж, ээлжээрээ хэрэгт холбогдон шалгагдсаар байна.  

        Харин энэ удаа МАН, Монгол банкны ерөнхийлөгчөөр Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдавааг томилох эсэх талаар шуугиан дэгдээлээ. Тэгвэл өнгөрсөн оны зургадугаар сард Эрүүгийн цагдаагийн алба, АТГ-аас хийсэн нэгжлэгээр Б.Батдаваагийн гэрээс 250 мянган ам.доллар олдож, авилгалтай тэмцэх газарт шалгагдаж байжээ. Тэрбээр энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ мөнгө тийм ч их мөнгө биш” хэмээж байв.  Түүнчлэн Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, нүүрс тээврийн “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд БНХАУ руу хууль бусаар нүүрс гаргасан хэрэгт хамтрагчаар холбогдсон байж болзошгүй гэх шалтгаанаар гэрт нь нэгжлэг хийсэн гэх мэдээлэл ч байсан юм.

Бидний дунд хүлээлт үүсгэсэн Монгол банкны шинэ удирдлагын үнэн төрх ийм. Хэрэв түүнийг МАН томилбол үе үеийн авилгал, албан туушаалын хэрэгт холбогдсон дарга нарын буухиа тасрахгүй нь бололтой.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.