| | USD/MNT 0₮

ЦАГААН ДАГИНА

            Уушийн газрын тамхины мансуурам утаанд нүд арган хэн нэгний бухимдангуй агсрах нь хэвийн үзэгдэл. Пянз тоглуулагчны гунигт аяз бүүвэйлэн унтуулах шиг жигд чахран хүмүүсийн халамцуу яриа, шалны шажигнах чимээнд хаа нэг шар айрагны шилэн аяга тархийн хагарах нь үзэгдэнэ.

Хүчир ажлын хөлсөнд халаасалсан  хэдэн зоосоо шаналант сэтгэлээ тайтгаруулахын тулд шар айраг, хөнгөн зуушаар арилжсан идэрмэг эрийн асаасан янжуурын утаа сахлыг нь шатаачих вий гэмээр баагин замхарна.

Даг суусан цамцны энгэрээс сүүлчийн зоосоо гарган үйлчлэгчид өгөөд уушийн газрын хаалгыг түшин гоонь эр сулбайн гарч одно.

Галт уулын чулуулгаар шигтгэн хийсэн замаар хөл гуйван алхах эр амьдралын түмэн шуугианаас залхан амьсгал гүн авахаар үдшийн тэнгэр өөд онийн харах аж.

Шамтал дэнгийн гэрэл сүүмэлзэх гудамжны нөгөө талд үүл хөлөглөсөн мэт цагаан даашинзтай бүсгүй гунигт автан суухыг тэр олж харлаа. Бүсгүй хэтэрхий үзэсгэлэнтэй. Басхүү өрөвдмөөр гуниглангуй ажээ.

Бүсгүй түүнийг зорин ирж бүжгэнд урив. Азгүй эрд энэ завшаан бишгэж үү? Сэтгэлээ сэргээхийн тулд бужиглэхийг урьсан үзэсгэлэнт бүсгүй харагдаж байгаа шигээ гэнэн хонгор аальт биш байв. Тэр бол Цагаан дагина.

Европын суурьшмал нийгэмд үүл хөлөглөн хөвөх мэт цагаан даашинз өмссөн үзэсгэлэнт бүсгүйчүүд  идэрмэг эрсийг ийнхүү нүдлэн авч бүжгэнд урина. Залуухан эрсийн тамирыг тасартал, ясыг нь хугартал бүжиглүүлэн амийг нь авч оддог билээ. Үүнийг европчууд ЦАГААН ДАГИНА хэмээн нэрлэдэг.

Цагаан дагинас маш хүчтэй. Тэдний бүжигнээс барагтай эр амьд гарч чаддаггүй бөгөөд амьд мултарсан ч эцсийн амьсгал татталаа хэвтэрт байсаар дуусдаг билээ. Тэд хуучин орхигдсон гүүр, гол, цөөрмийн усанд очин уран яруугаар дуулан бүжиглэх ба түүнийг нь тасалдуулан хэн боловч өвчинд нэрвэгдэн үхэх, хараагүй дүлий болон зовсоор хорвоог орхидог юм.

Цагаан дагинаас болгоомжлохыг залуу эрст сануулах авч цагаан дагинасын хүчит ховс, урин бүжих налархай  хөдөлгөөнөөс хэн  татгалзах билээ.

Үзэсгэлэнт дагинас үүл мэт хөвсөлзөн намирах даашинзаараа гоён нисэлдсээр авай...

Өөр ертөнцөөр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.