| | USD/MNT 0₮

Б.Энхбаяр: "Буян" компани Хөгжлийн банкнаас авсан 14 тэрбумын ХҮҮГҮЙ зээлдээ нэг ч төгрөг төлөөгүй байна

      Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөлд Голомт банкинд олгосон зээлийн талаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайханы компани "Буян" ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлээ есөн жилийн хугацаанд төлөөгүй байгаа аж. Сонсголын үед багагүй маргаан болж УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар түүнийг өрөөнөөс гарахыг шаардсан юм.

Хурал даргалагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
- "Буян" ХХК муу зээлдэгч хэмээн шаардлага хангаагүй байхад ч зээл авчээ. 2013-2022 он хүртэл
есөн жил зээлийн эргэн төлөлтөө ч хийгээгүй байна. Ихэнх зээл чинь хүүгүй байжээ. Та төрийн хайр хишгийг сайн хүртжээ, Жаргалсайхан гуай. та энэ үед УИХ-ын гишүүн байжээ. Муу зээлдэгч гэсэн хэр нь Хөгжлийн банкнаас Голомт банкаар дамжуулан 14 тэрбум төгрөгийн зээл авчээ. Шүүх хуралдаан болдоггүй юм уу, банк нь араас явдаггүй юм уу, Жаргалсайхан гуай та зээлээ төлөхгүй юм уу.

"Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан:
- Би өнөөдрийн хэлэлцүүлэгт зориуд ирлээ. Хэлэлцэхээс илүүтэй таниас асуулт асуумаар байна. Та УИХ-ын гишүүн болохоосоо өмнө юу хийж байсан бэ. Би асуултад хариулахын тулд хэнтэй ярьж байгаагаа мэдмээр байна. Би шүүх хуралд ирээгүй.

Хурал даргалагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
- Манай зарим улс төрч, бизнесмэнүүд нэг арга хэрэглэдэг юм. Тэд хамгийн сайн хамгаалалт бол хамгийн сайн довтолгоо байдаг гэж боддог. Та асуултад хариулахгүй байх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Бид чөлөөт мэтгэлцээн хийгээгүй. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой, 14 тэрбум төгрөгийн зээл одоо хүүтэйгээ 17 тэрбум төгрөг болсон зээлдээ нэг ч төгрөг буцаан төлөөгүй байна. Монголын ард түмний гадаадад бонд босгож, өр тавьж бий болгосон зээл. Үүнийгээ та төлөхгүй юм уу гэсэн ганцхан асуулт асууж байна.
"Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан:
- Монгол Улсад ямар ч бизнес хийгээд мөнгө олох боломжгүй. Өнөөдөр нэг л банкны асуудал яриад байна. Угтаа бол бүгд хэцүү байгаа шүү. /тэр асуултаас өөр зүйл яриад байв/

Голомт банкны Эрсдэл хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч Т.Нямсүрэн:

-Зээлдэгч "Буян" ХХК есөн жилийн хугацаанд зээлээ төлөөгүй нь үнэн. Голомт банк бүх шатны шүүхээр дамжин маргаантай явж байгаа. Голомт банк гэрээнд заасан үүрэг хүлээсний дагуу Монголбанканд хариуцлагагүй зээлдэгчийн өмнөөс зээлийг төлсөн. Харин харилцагч зээлээ бидэнд төлөөгүй байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.