| | USD/MNT 0₮

СУМЫН ЭМЧ М.ЛХАГВАЖАВ: НИЙГМИЙН БАТАЛГААГ НЬ ХАНГАЖ ӨГСӨН ЦАГТ Л ЗАЛУУС ХӨДӨӨ АЖИЛЛАНА

СУМЫН ЭМЧ М.ЛХАГВАЖАВ: НИЙГМИЙН БАТАЛГААГ НЬ ХАНГАЖ ӨГСӨН ЦАГТ Л ЗАЛУУС ХӨДӨӨ АЖИЛЛАНА

Залуус хотыг биш, хөдөөг сонгох нь нэмэгдэж байна. Нөгөө талаар эрүүл мэндийн салбарт ажиллах хүн хүч сум орон нутагт хамгийн их хэрэгтэй байна. Өөрийн төрөлх нутаг болох, Улаанбаатараас 1500 орчим километрт алслагдсан Увс аймгийн Тэс сумандаа очиж ажиллаж буй залуу эмч М.Лхагважавтай бид ярилцлаа. Тэрээр гурав дахь жилдээ сумынхаа эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байна.

Хаврын сар гарчихсан хэрнээ л танай сум хөр цастай л байна. Энэ жил сумын эмч нар  холын дуудлаганд явахад чанга байв уу?

Манай сум эрс тэс уур амьсгалтай. Өвөл, зундаа 40 хэм давдаг. Энэ жил цас ихтэй, цагаан зудтай байна. 30 сантиметр давсан цастай болохоор малчдад хүндрэл бэрхшээл багагүй гарч байна. Дуудлагаар хамгийн холдоо 120-160 километр явж тусламж үзүүлдэг.  Дуудлага ихэвчлэн шөнө ирдэг учраас хөр цасанд хүрч очих амар биш. Гэхдээ манай эмч, жолооч нар ийм хүнд нөхцөлд яваад сурчихсан. Өнөөдөр бид эмч нараа багуудаар явуулж, малчдад эрүүл мэндийн зөвлөгөө өгч, эргэлт, хяналт тавин ажиллаж байна. Үүний үр дүнд алсын зайн дуудлагын тоо харьцангуй багасч байна. Манай эрүүл мэндийн төвийн хувьд  төвдөө 30 ажилтантай. Хоёр багийн салбар эмнэлэгтээ тус бүр 9 ажилтантай. Нийт 48 ажилтан, албан хаагчидтайгаар Тэс сумын 10 багийн 5300 гаруй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

СУМАНД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ ДУТАГДАЛТАЙ БАЙНА

Эрүүл мэндийн салбарт хүний нөөц дутмаг байна. Ялангуяа, ажиллах сувилагч олдохгүй байна гэдэг асуудал байнга хөндөгддөг. Танай эмнэлэгт эмч, сувилагчийн хүрэлцээ хэр байна?

Манай сум аймгийн төвөөс 160 км алслагдсан, захын сум. Эмнэлэгт маань ирж ажиллах боловсон хүчин олдохгүй, хүний нөөц дутагдалтай, ялангуяа их эмч нар тогтохгүй байна. Үүнийг дагаад эмч, сувилагчид хөрвөж ажиллах, шаардлагатай тохиолдолд ажил үүргээ хавсарч гүйцэтгэх хэрэгцээ шаардлага их гардаг. Тэгж ч ажилласаар ирсэн.Миний хувьд ч эмнэлгийн удирдлагын ажлаа хийхийн хажуугаар өдөр тутам амбулаторийн үзлэг хийх, дуудлаганд явах, урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах гэх мэтээр аль болох тэр бүхэндээ хүрч ажиллахыг хичээдэг. Сум орон нутагт зохиогдох нийгмийн ажлаас ч хойш суух эрх байхгүй. Манай эмнэлгийн бүх ажилтнууд л ийм зарчмаар ажиллаж байна.

Манай эмнэлэг сум дундын буюу “А” зэрэглэлийн эмнэлэг гэдэг статустай явдаг. Бид ойрын хугацаанд хүний нөөц, багаж тоног төхөөрөмж, эмнэлгийн орчин нөхцлөө сайжруулж, тусламж үйлчилгээний тоогоо нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж байна. Одоогоор амбулаторийн тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо шинжилгээ, физик сэргээн засах тусламж үйлчилгээ, гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээ, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, түргэн, яаралтай тусламж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, гэмтлийн үндсэн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг тогтмол үзүүлэн ажиллаж байна.

Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж их чухал шүү дээ.  Танай эмнэлэг энэ тал дээр хэр анхаарч байна вэ?

Тийм ээ. Манай эмнэлгийнхэн сүүлийн жилүүдэд тоног төхөөрөмж сайжруулах тал дээр нэлээд анхаарч ажиллаж ирсэн. Шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмжөө 2023 онд шийдвэрлэхийг хичээж байна. Мөн багийн хоёр эмнэлэгтээ шаардлагатай зүйлсийг нь авч өгөх шаардлага бий. Эмнэлгийн тоног төхөөрөмж өртөг өндөр учраас  бид байгууллагын төсвөөр шийдвэрлэх боломжгүй. Тийм учраас улсын төсөвт өртгийг нь тусгуулах, орон нутгийн дэмжлэг авах,  олон улсын байгууллагуудтай хамтрах, хандив тусламж зэргээр ажиллахыг зорьж байна. Үүн дээр нэмээд нутгийн ард иргэдийнхээ төлөө хөрөнгө оруулалт хийдэг сайхан сэтгэлт хүмүүсийн тусламж ч эмнэлгийн үйлчилгээ, хүртээмж сайжрахад их дэм болж ирсэн байдгийг онцлох хэрэгтэй.

Хоёрдугаарт, ажиллах хүн хүч маш чухал гэдгийг зориуд дахин онцолж хэлмээр байна. Мянган сайхан аппарат хэрэгсэл байгаад ч ажиллуулахгүй, тоосонд дарагдаад байвал ямар ч хэрэггүй шүү дээ. Тэгэхээр эмнэлэг бааз сууриа өргөтгөхийн хэрээр ажиллах боловсон хүчээ нэмж авах, хүний нөөцөө улам зузаатгах шаардлага гарч ирж байгаа юм.

“НИЙГМИЙН БАТАЛГААГ НЬ ХАНГАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХӨДӨӨ ОЧИЖ АМЬДРААРАЙ ГЭЖ “МЯНГА” УРИАЛААД НЭМЭРГҮЙ”

Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж байна. Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд залуусыг аймаг, сумандаа очиж ажиллахыг уриалах боллоо. Өөрөө сумыг сонгож ажиллаж байгаа хүний хувьд энэ бодлогыг юу гэж харж байна вэ?

Төр "Хөдөө очиж амьдар" гэж уриалах амархан. Гол нь үүний цаана нийгмийн баталгаа байна уу гэдэг л чухал. Залуус "Би хөдөө л ажиллаж амьдаръя" гэж бодтол нь зөв хөшүүрэг хийж өгөх хэрэгтэй болов уу. Эрүүл мэндийн салбараар жишээ авъя л даа. Манай салбарт ажилтнуудаа сургах, хөгжүүлэх, нийгмийн баталгааг нь анхаарах чухал болсон. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн төвийн асуудал биш. Аймаг, сумын удирдлагууд энэ тал дээр дэмжиж, хамтран ажиллах чухал. Зөвхөн ажлын байр, цалин байх нь хангалтгүй. Бид хүн хүчээ аймаг, бүс, цаашлаад олон улсын хэмжээний сургалт семинарт явуулахад анхаарч чаддаг л байх хэрэгтэй. Ингэж хүнээ хөгжих боломжийг нь бүрдүүлж өгч байж л хүний нөөцөө хамгаалж, ард иргэдэд эмнэлгийн үйлчилгээ илүү шуурхай, чанартай хүрэх боломж бүрдэнэ. Бас, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгааг сайтар хангах, эдийг засгийн зөв хөшүүрэг, цогц бодлого хэрэгтэй гэж харж байна. Ер нь өндөр хөгжилтэй улс орнуудад эрэлттэй топ мэргэжлүүдийн жагсаалтыг эмч сувилагч нар л тэргүүлдэг. Монголд харин эсрэгээрээ. Угаасаа эмч сувилагчаа үнэлдэггүй болохоор “Буруу цаг үед буруу газар эмч болчихсон нь миний л өөрийн буруу ч юм уу даа” гэж бодогдох үе ч гарах юм.

Өнөөдөр эмнэлгийн залуу мэргэжилтнүүд сум орон нутагтаа, цэвэр агаарт очиж ажиллая, хэрэгтэй газар нь өөрийнхөө мэдлэг чадварыг зориулъя гээд явж байна. Засгийн газрын бодлоготой уялдаад “Сумандаа очиж амьдаръя” гэдэг давлагаа хүртэл өрнөж байна шүү дээ. Үнэхээр төр хотынхоо төвлөрлийг сааруулъя, хөдөө рүү хүн хүчээ чиглүүлье л гэж байгаа бол нийгмийн баталгааг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Жишээ нь, Булган аймгийнхан бодлогоо гаргаад “Манай суманд эмч, сувилагчид ирж ажиллавал газрыг нь шийдэж өгье. Өөрийн байр сууцтай болоход нь дэмжлэг үзүүлье” гэх мэтээр уриалга гаргаж байна. Яг ийм л тодорхой бодлого, амьдралд дэм болохоор бодит дэмжлэг байсан цагт л эрүүл мэндийн салбар хүн хүчээ өөр салбарт алдахгүй байж чадна гэж бодож байна. Олон залуу ийм бодолтой байгаа байх гэж бодож байна. Түүнээс биш хоосон уриалаад нэмэргүй. Мэдээж, төрийн дэмжлэг оновчтой байгаад ирвэл хөдөө амьдрах сайхан. Аймаг, сумандаа амьдрахад боломж их бий.

“ӨӨРИЙН ХҮСЭЛ СОНИРХОЛ, ААВ ЭЭЖИЙНХЭЭ УРМААР ЭМЧИЙН МЭРГЭЖИЛ СОНГОСОН”

Хоёулаа таны эмч болсон түүхийн талаар ярилцъя. Заримдаа халгамаар байдаг байх. Юу зоригжуулж, эмчийн мэргэжил сонгоход хөтлөв?

Би найман хүүхэдтэй айлын отгон нь. Аав ээж минь малчин хүмүүс байсан. Ах, эгч нар маань ч бүгдээрээ малаа маллан сумандаа амьдарч байна. Багын мөрөөдлөө биелүүлж эмч болсондоо баярладаг. Ээж аав хоёр минь ч намайг “Эмч болоорой” гэж урамшуулдаг байлаа. Хими, биологийн хичээлдээ дуртай, олимпиад уралдаан тэмцээнд оролцдог байсан минь мэргэжлээ сонгох нэг гүүр болсон.

“АНХНЫ ДУУДЛАГААРАА МОТОЦИКЛООР ЯВЖ, ЭГЭМНИЙ ХУГАРАЛТАЙ ХҮНД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН НЬ ИХ УРАМ ӨГСӨН”

Зураг. 2018 оны 02 сар. Харьяа багуудаар эргэлт, урьдчилан сэргийлэх хийх үеэр Тэс сумын Шар үзүүрийн застав дээр

Их сургуульд сурах нэг өөр. Практик дээр гарах бас ондоо шүү дээ. Чагнуураа зүүгээд анхны дуудлагандаа явах мэдрэмж ямар байсан бэ?

АШУҮИС-д сурч байхдаа эх барих эмэгтэйчүүдийн эмч болох сонирхолтой байсан. Бүр энэ чиглэлийн клуб, нийгэмлэгт хүртэл явдаг байлаа. Тухайн үедээ гэмтлийн чиглэлээр мэргэшвэл бас зүгээр юм байна гэж бас бодож үзсэн. Ингээд 2017 онд сургуулиа төгсөөд, Тэс сумынхаа Таван улиасны салбар эмнэлэгт эрхлэгч их эмчээр томилогдон ажилласан. Бригадын төв дээр эмч болоод очиход анхных болоод ч тэр үү, их л догдлолтой байсан.

 

Тэгээд анхны дуудлагандаа гарах үед тэр нь гэмтлийн дуудлага байж таарсан. Бригадаас гурван километр зайтай айлд мотоциклоо унаад очлоо. Дуудлага өгсөн хүн маань эгэмний ясаа гэмтээчихсэн байсан. Оюутны гэмтлийн номоо гаргаж тавьж байгаад л "үзэж тарсан" даа. Ингэж эгэмний хугарал байна гэдгийг нь оношлоод, боолт хийж өгөөд, аймгийн төв рүү явж зураг авхуулахыг зөвлөж байлаа. Дараа нь нөгөө ах таарчхаад “Гарын домтой сайн хүү вэ, чи. Би эдгэсэн” гэхэд нь их баярлаж байснаа санадаг юм. Жаахан сандралтай очсоныг ч хэлэх үү, анхны дуудлага, эмчийн ажлын минь эхлэл гэдэг мартагдахааргүй л дээ. Ингэж урам авч явсаар резидентдээ гэмтлийн эмчээр суралцаж төгссөн. Ер нь гэмтлийн эмчийн ажил, эмчилгээний онцлог нь үр дүн нь шууд л нүдэн дээр, хурдан хугацаанд гардаг.

Шинэхэн эмч баг удирдаж ажиллана гэдэг бас л нэг сорилт. Их хариуцлага мэдрүүлж, сүрдмээр санагдаж байв уу?

Оюутны ширээнээс гараад шууд ажлын талбарт, ялангуяа бүр 9 хүнийг удирдах эрхлэгч их эмч болно гэдэг маш их хариуцлага байсан шүү. Бригадын төвийн эмч болж, анхны дуудлагандаа явж байсан тэр үе гэсэн үг. Эмчийн үндсэн ажлаа хийхээс гадна, цалин хөлсөө олгох, ажилтнуудаа урамшуулах, төлөвлөх гээд л бүгд л шинэ санагдаж байлаа. Тэр туршлага маань одоо энд Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллахад их суурь болж өгсөн. Ажлаа авах үед маань “Ковид-19”-ийн дэгдэлт хүчээ авч байлаа. Багаараа, хамтдаа эрсдэлийг  давж гарцгаасан. Туршлагатай эмч, сувилагчид маань надад ч их нөмөр болсон.

“... Би юуны төлөө, яах гэж эмч болсон бэ? Ингэж ажиллах хэрэг байна уу гэж дотроо урам хугарах, шантрах тохиолдол гарч байх юм уу, ажиллах хугацаанд нь.

Мэргэжлийн түвшинд, ёс зүйтэй, эмчийн тангаргаа мөрдөөд ажиллаж явах сайхан. Түүнээсээ урам аваад л, урагшлаад байдаг юм. Харин анх ажиллаж эхэлж байх үед хүмүүсийн болгоомжгүй үг, шүүмжлэл, урам зориг мохоох тохиолдол нэг биш удаа гарч байсан. Гэхдээ хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, эмч, эмнэлгийн ажилтнуудын ачаалал, хүн хүчний хүрэлцээ, энэ бүхнийг ойлгож, хүлээцтэй ханддаг, соёлтой үйлчлүүлдэг болж байгаад нь баярладаг.

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЧУХАЛ

Танай суманд ямар өвчлөл зонхилж байна вэ? Халдварт бус өвчлөл нэмэгдэж байгаа шалтгаан нь юутай холбоотой байна?

Монгол улсын хэмжээнд  зүрх судасны системийн өвчлөл, хавдар, осол гэмтэл, хоол боловсруулах системийн өвчлөл зонхилон тохиолддог. Манай суманд ч мөн адил. Өвчлөлийг бууруулахад Засгийн газрын цогц, дорвитой бодлого хэрэгтэй байх. Хоёрдугаарт, ард иргэдийн өөрсдийнх нь эрүүл мэндийн боловсролын түвшин сул байгаа нь нөлөөлж байна. Ялангуяа, малчид маань хэдэн малынхаа хойноос явсаар өөрийгөө зөнгөөр нь орхичихдог, урьдчилан сэргийлэх үзлэг хамрагдах нь сул. Ингэж явсаар хүндэрсэн хойно нь ирэх нь олон. Иймээс манай сумын хувьд эрүүл мэндийн боловсрол олгох урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн сургалт сурталчилгааны ажлыг 2023 онд голчлон идэвхжүүлэхээр төлөвлөн ажлаа эхлүүлээд байна. Хамгийн наад захын жишээ нь, Увс аймагт давсны хэрэглээ хэт өндөр.  Энэ  мэтчилэн энгийн хэрнээ өдөр тутмын хортой зуршил, буруу хэрэглээг халах гэх мэт олон ажлыг өрнүүлж байна.

ТЭС СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН 90 ЖИЛИЙН ОЙ ИРЭХ НАЙМДУГААР САРД БОЛНО

Энэ жил Тэс сумын эрүүл мэндийн төв үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байгаа юм байна.  Ойн хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

Энэ онд буюу 2023 оны 08 сарын 04,05-ны өдрүүдэд байгууллагынхаа түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Манай сум 1924 онд байгуулагдсан.

Үүнээс 9 жилийн дараа буюу 1933 онд хошуу даргын шийдвэрээрАрдуудад эмчлэн туслах газар”-ыг байгуулсан түүхтэй. Энэ газар нь нэг эсгий гэртэй, нутаг хошууны бариач , домч зэрэг гарын дүй , авъяастай хүмүүсийг 3-5 лангаар хөлслөн , бичиг үсэг тайлагдсан Самбуугийн Банзрагч гэдэг охины хамт ажиллуулснаар Тэсийн эмнэлгийн түүх эхэлсэн гэдэг. Эмнэлэг маань анх 1 сувилагч , 3 ажилчин , 2 гэртэйгээр тулгын чулуугаа тавьж байсан бол , 1950 онд 4 өрөө бүхий барилгатай 7 орон тоотой бага эмчийн салбар , 1960 онд 14 өрөө бүхий барилгатай 14 орон тоотой их эмчийн салбар 1981 онд 3 блок , 3 барилгатай орчин үеийн тоног төхөөрөмж бүхий сум дундын эмнэлэг ашиглалтанд орж өнөөгий байдалд хүрэх орчин нөхцөл бүрдсэн.

Манай хамт олон түүхт ойгоо угтан маш олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал, Улаанбаатар хот дахь Тэс нутгийн зөвлөлийнхөнтэйгээ уулзалт хийж, хамтарч ажиллах боломжуудын талаар ярилцаж байна. Мөн түүхт 90 жилийн ойдоо зориулж ном бүтээх ажлаа эхлүүллээ. Аймаг, хотод буюу сумаасаа өөр газар амьдарч буй, эмнэлгийн ахмад үеийнхэнтэйгээ уулзалт зохион байгуулж үнэтэй сургаалийг нь сонсож туршлага судлах ажил мөн эхэлсэн. Түүнчлэн, байгууллагын гадна дотно тохижилт, аж ахуйн ажлаа эхлүүлэхээр төслөө бэлтгэж байна. Цахим орчинд ч ард иргэдийг уриалах, эмнэлгийн үүх түүхтэй холбоотой сайхан дурсамжаа хуваалцах аян өрнүүлж байна. Энэ мэт маш олон ажил хийхээр төлөвлөсөн. Нутгийн ард иргэд, ахан дүүс, тэс нутгаар овоглодог, эрүүл мэндийн салбарын хөгжлийн төлөө санаа тавьж явдаг хүн бүр ойн хүрээнд хамтран ажиллах байх гэдэгт итгэлтэй байна. Түүхт ойгоороо хувь нэмэр оруулсан таны оролцоо Эрүүл Монгол хүний төлөө зориулагдах юм шүү гэдгийг хэлмээр байна.

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.