| | USD/MNT 0₮

Утааг арилгах 456 ТЭРБУМ ТӨГРӨГ утаарсан уу?

[1]Засгийн газар 2017–2020 оныг хүртэл утааг бууруулахад аль хэдийн нийт 456 тэрбум төгрөг зарцуулчхаад байна. Үүний 287.2 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс буюу бидний халааснаас гаргасан гэсэн үг юм. Гэвч бидний татварын мөнгө УТААГ АРИЛГАХАД БИШ өөр зүйлд зарцуулагдсаны нотолгоо өнөөдрийн Улаанбаатарын саарал төрх. “Улаанбаатарын агаарын бохирдлоос улбаалж жилд дунджаар 1400–4000 орчим хүн амь насаа алддаг. Үүний 15% нь буюу 210-600 нь хүүхэд. ДЭМБ-ын явуулсан судалгаагаар уушгины үрэвсэл, хатгалгаанаас нас барсан хүүхдүүдийн 50% нь утаанаас улбаатай” гэжээ

АГААРЫН БОХИРДОЛ БА ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛАЛТУУД

Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах төсөв жилээс жилд нэмэгдэж байгаа ч энэ нь үндсэн авах арга хэмжээнд бус түүнийг хийхэд зарцуулагдах урсгал зардалд зориулагдахаар тусгагдсан. (Нийслэлийн төсөв 2023).

Дээр дурдсанчлан утааг бууруулах мөнгө олон эх үүсвэрээс бүрддэг. Улсын төсөв, гадаадын зээл тусламж болон нийслэлийн төсвөөс тодорхой хувийг гэх мэт. Үүнээс зөвхөн нийслэлийн төсвөөс 2021 онд 30.9 тэрбум төгрөг 2022 онд 34.5 тэрбум төгрөг байсан бол  2023 оны хувьд 39.2 тэрбум төгрөг төсөвлөсөн нь урьд урьдын жилүүдийнхээс өссөн дүнтэй харагдаж байна. Утааг багасгах шийдэл бол гэр хорооллын иргэдийн түлшний хэрэглээг бууруулах, холын шийдэл нь орон сууцжуулах гэдгийг энэ салбарын судлаачид онцолж байгаа ч яг энэ чиглэлээр хийгдсэн дорвитой ажлууд байхгүй байгааг Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Орчны бохирдолтой тэмцэх үндэсний хорооны тайлан мэдээллүүд илтгэж байна.

Түүнээс гадна Орчны бохирдол тэр дундаа агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ түүнд зарцуулсан мөнгөн дүн, он оны тайланг хайхад чиг үүргийн газар, хороод болох Орчны бохирдлыг бууруулах хорооны мэдээллийн сан, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын мэдээллийн сангуудад тайлан мэдээлэл, шилэн дансны мэдээлэл хамгийн сүүлд 2019,2020 онд шинэчлэгдсэн дүр зурагтай байна.

Тайлан мэдээлэл болон төсвийн мэдээлэл ил тод байх буюу Төсвийн тухай хуулийн 5.1-т “Төсөв нь Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх бөгөөд төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад ил тод байдлыг хангасан байх зарчмыг баримтална” гэж заасан. Гэвч энэ үйл явц далд хэвээр байсаар. Мэдээллийн сайтууд дээр байршсан албаны эх сурвалжаас авсан мэдээллүүдээс нягтлахад Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэхэд зарцуулагдах төсвийн дийлэнх нь олон нийтэд чиглэсэн сурталчилгаа, постер видео зэрэг богино хугацааны үр ашиггүй зардал хэлбэрээр зарцуулагдаж байгаа нь энэ тал дээр тавих хяналт шаардлагатай байгааг илтгэж байна.

ЧИМЭЭГҮЙ СУУСААР БҮХ ЗҮЙЛЭЭ АЛДСААР БАЙХ УУ?

Манай улс алсдаа иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулна хэмээн Алсын хараа-2050 бодлогын баримт бичигт Зорилт 2.5-ын хүрээнд Амьдралын хэрэгцээг хангасан эрүүл, ая тухтай, таатай орчныг бүрдүүлж баталгаат хүнсээр хангана. Ингэхдээ “Агаар, ус, хөрс, дуу чимээний бохирдлыг багасгаж, цэвэр, ногоон байгууламж бүхий” орчинтой болно хэмээн баталсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл зарцуулсан олон тэрбум төгрөг болон хийгдсэн ажлын үр дүн хоёр улам холдсоор. “Хэрэв агаарын бохирдлын эсрэг эрс шийдэмгий, цогц арга хэмжээ авахгүй, одоогийн байдлаар үргэлжилбэл 2017–2024 он гэхэд 13 мянга орчим хүн агаарын бохирдлоос шалтгаалан нас барах тооцоолол гарч байна. Засгийн газар энэ мэтээр иргэдээ чимээгүй алсын замд нь үдсээр байх уу? Иргэд нь хүлцэн тэвчсээр эрүүл мэнд, эд хөрөнгө, ирээдүйн боломжуудаас ухарсаар байх уу?

Бидний төлсөн татвар эргээд бидний амьдралын сайн сайханд зарцуулагдах ёстой ч бид хэтэрхий хайнга хандаж, төсвийн хяналт огт тавьдаггүй нь ч өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн шалтгаануудын нэг мөнөөс мөн. Тиймээс төсөвт хяналт тавьж, ХЭРСҮҮ ИРГЭН БАЙХ ЦАГ ИРЛЭЭ!

[1] ("Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө” сэдвээр хийсэн аудитын тайлан)

Эх сурвалж:  Ikon.mn

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.