| | USD/MNT 0₮

Өсвөр насны охид өндрөөс унаж амиа ХОРЛОХ ШАЛТГААН юу байв

      Манай улсад сүүлийн жилүүдэд “Чимээгүй тахал” болоод буй өсвөр насны хүүхдийн амиа хорлолтын тохиолдол улам бүр нэмэгдсээр байна. Энэ нь нийгмийг томоохон цочирдолд оруулж, эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал халамж ямар хэмжээнд хүрсэнийг тод сануулав. Тэр чинээгээрээ өсвөр насны хүүхэд нийгэмд хэрхэн аюулгүй амьдрах эрхээ эдэлж, амьдралаа даван туулж буйд санаа зовох цаг нь болсон гэдгийг  анхааруулсаар байгаа юм. Цаашлаад тэдний амиа хорлох сэдэл юунаас үүдэж, юу нөлөөлөх болов.

 

       Тэгвэл өнгөрөгч гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 120 мянгатад байрлах 12 давхар орон сууцнаас өсвөр насны хоёр охин амиа хорлосон ноцтой хэрэг бүртгэгдсэн. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас шалгахад 16 настай “Н” “Г” нар тус барилгын дээврээс унаж амиа алдсан байдалтай өглөөний 9:10 минутад олдсон байдаг. Гэвч амиа хорлосон хоёр охины амьдран суух хаяг Хан-Уул дүүрэг биш болох нь тогтоогдсон бөгөөд учир битүүлгээр тус орон сууцанд зорьж ирэн өндрөөс үсэрсэн байж болзошгүй гэв. Охид зөвхөн тус орон сууцанд ирж амиа хорлох болсон нь ямар нэг шалтгаантай байв уу. Цаашилбал, 16 настай өсвөр насны охидыг 12 давхараас хамтдаа үсэрч амиа хорлоход юу тэгтэл зовоох болов.

        Манай улсад амиа хорлох явдал өмнө нь цөөнгүй тохиолдож байсан ч ихэнх нь тэдний сэтгэл зүйн тогтворгүй байдал, хайр дурлалын асуудал гэх зэрэг өөрсдийнх нь буруутай үйлдлээс болсон мэтээр харлуулаад өнгөрдөг байсан юм. Гэвч өөрөөр хардах хангалттай үндэслэл бидний дунд бий. Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн дарамт, үе тэнгийнхний дээрэлхэлт гэх мэт нийгмийн бусармаг явдал манай улсад өдөр бүр нүднээс далд өрнөж байдаг нь нууц биш. Үүнд томчуудын хараа хяналт дутмаг байдал, эсхүл хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэж байдаг явдал нь өсвөр насныханд хамгийн ихээр нөлөөлж байна. 

      Ийм ч учраас харамсалтайгаар амиа алдсан өсвөр насны охидод хэн нэгний буруутай үйл явдал нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Тэд тэвчихийн аргагүй байдлаас өөрсдийгөө аварч үлдэх цор ганц шийдвэр нь “Амиа хорлолт” байсан уу. Зөвхөн тэд бус жил бүр харамсалтайгаар амиа хорлосон бяцхан хүүхдүүдийг юу зовоох болсон бэ. Түүнийг нийгэм илчлэх бизээ.

Нийгэм

Сэтгэгдэл (20)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.