| | USD/MNT 0₮

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж Францын Бордо хотын захиргааны барилгад гал тавьжээ

Францад тэтгэврийн насыг 62 байсныг 64 болгон нэмэгдүүлсэн Засгийн газрын шийдвэрээс үүдэлтэй эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилсээр байна.

Пүрэв гарагт улс даяар нэг сая гаруй хүн тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалд оролцжээ. Дотоод хэргийн яамны мэдээлснээр Парист 100 мянга гаруй жагсагч гудамжинд гарч, цагдаа нартай мөргөлдсөн байна. Мөн Бордо хотод хотын захиргааны хаалгыг шатаажээ. Тус үймээн самуунтай холбогдуулан орон даяар 80 хүнийг баривчилсан байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэтгэврийн шинэчлэлийг зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа бол үүнийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал ес дэх өдрөө үргэлжилж байгаа юм. Тэтгэврийн шинэчлэлийн талаар өнгөрсөн нэгдүгээр сард хэлэлцэхээр санал болгож байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт тус улсын Ерөнхийлөгч парламентын санал хураалтгүйгээр баталсан нь хямралыг улам хурцатгасан юм.

Пүрэв гарагт Парисын гудамжинд 800,000 орчим хүн цугларсан гэж Францын үйлдвэрчний эвлэл болох Хөдөлмөрийн ерөнхий холбоо мэдэгджээ. Харин цагдаа нар жагсагчдын тоог түүнээс хэд дахин бага буюу 119,000 хүн гэж тооцоолсон байна.

Парисын зарим хэсэгт эмх замбараагүй байдал үүсэж, жагсагчид цагдаа нар руу чулуу шидсэн бол цагдаа нар хариуд нь нулимс асгаруулагч хий цацжээ. Францын бусад хотуудад ч эсэргүүцлийн жагсаал өрнөж, эмх замбараагүй байдал үүссэн байна.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.