| | USD/MNT 0₮

Гишүүдийн шүгэл хүүхдийг хүчирхийллээс аварч ЧАДАХ УУ

       Манай улс хүүхэд хүчирхийллийн эсрэг жил бүр доривтой арга хэмжээ авч чадахгүй байсаар өдийг хүрсэн. Тиймдээ ч жилд зуу, зуун хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж, бусдын гарт хэрцгийгээр хүчирхийлүүлж байсан нь нууц биш. Гагцхүү үүнд төрийн нөлөө бүхий томоохон бодлого л дутагдаж байлаа. Гэтэл УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Баярсайхан нар өнгөрөгч өдрүүдэд хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Шүгэл төсөл” гэх ажиллагааг зохион байгуулахаар мэдэгдсэн нь нийгмийг бухимдалд хүргээд амжлаа. Гишүүдийн танилцуулсан “Шүгэл төсөл” нь иргэдийн ойлгосноор шүгэлдсэн газар нь хэн нэгэн гүйж очоод хүүхдийг хамгаалах юм гэнэ.

      Энэ талаараа УИХ-ын гишүүн Х.Булгантуяа мэдээлэл хийхдээ “Хүүхэд хүчирхийлэлд өртсөн үед дуу гарахгүй, хөдөлж чадахгүй болдог. Шүгэл бол үр дүнтэй арга юм” гэв. Ингэж хэвлэлийнхнийг хүрээлүүлж зогсоод камерийн өмнө шүгэл үлээж, түүгээрээ хүүхдийг аюулаас аварна мэтээр эцэг эхчүүдэд шүгэл авахыг санал болгосон. Гэвч сонгосон шүгэл нь дугардаггүй, дугарсан ч тусламж дуудаж чадах хэмжээнд хүрэхгүй байсан нь цахим орчинд иргэдийн доог тохуу болж орхилоо. Мөн дугардаггүй шүглээ улс орон даяар тараана гэж мэдэгдсэн нь иргэдийг бүр ч ихээр бухимдуулав. Хүүхдээ гэсэн төрийн шийдвэр эцэстээ ийм.

     Хэрэв шүгэл үлээгээд л хүүхэд хүчирхийллээс аврагдах байсан бол өнөөдөр мянга, мянган хүүхэд балмад хэрцгий нэгний гарт амь тэнцэхгүй байлаа. Үүнийг ч ойлгох ухаан тэдэнд баймаар гэж ард түмэн итгэдэг.  Гэвч сайд, гишүүн хоёр төрийн ордонд шүгэл үлээн тоглож, хүүхдүүд цоожтой хаалганы цаана хүчирхийлэлд өртсөөр байгаа нь тун харамсалтай. Наад зах нь гуравхан настай хүү хаалганы цаана хойд эцэгтээ үхлүүт болтлоо хүчирхийлүүлж, хоёр хоног амь тэнцэж байсан нь саяхан.

    Энэ мэтээр тэд хүүхэд хүчирхийллийн гол шалтгаан, бодит байдал, нүднээс далд өрнөх бүхнийг ч мэдэхгүй болтлоо ард түмнийхээ “Ул”-ны амьдралаас тасарсан бололтой. Иргэдийн амьдрал өдөр ирэх тусам доройтож, сульдахын хэрээр хүүхэд хүчирхийлэл гаарч байгааг ч анзаарах тэнхэлгүй болсон гишүүд төрд сууж байна гэв. Түүнчлэн УИХ-д сууж буй эмэгтэй гишүүдийн хүний эрхийн мэдрэмж ингэтлээ доройтсоныг хараад ард түмэн бухимдаж байгаагаа илэрхийлсээр байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.