| | USD/MNT 0₮

НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИД БОЛ ТӨРИЙН ДАЙСНУУД

Тод манлай уяачаар цоллуулдаг “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, нүүрсний хулгайчаар зарлуулаад эхэлсэн. Нүүрсний хулгайн хэрэг анх сөхөгдөх үеэс 340 мянган тонн нүүрсний асуудал хөндөгдсөн юм. Дээрх тооны  нүүрс 2013-2017 онд хулгайд алдагдсан нь тогтоогдсоныг хууль хяналтын байгууллага мэдээлж, нийгэм даяараа шуугиад байгаа.

Тухайн он жилүүдэд Өмнөговь аймагт АН-ынхан засаглаж байлаа. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргаар Б.Бадраа, ИТХ-ын даргаар Л.Батчулуун нар ажиллаж байсан бол орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-ийн даргаар Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж ажиллаж байсан юм.  Тод манлай маань "Тавантолгой" ХК-ийн  51 хувийг Өмнөговь аймаг,  16.9 хувийг "Шандас импекс" ХХК, 19.7 хувийг "Ажнай корпораци" ХХК, үлдсэн 12.4 хувийг гадаадын 23 орны хувьцаа эзэмшигчид эзэмшдэг тоон хувь нь түмэнд ил болсон.

Энэ нь шууд утгаараа УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хулгайд хамааралтайгаар зарлуулах үндэслэл болж таарах нь зүй. Бүр “бүлэглэл”-ийн толгой ч гэж нэрлээд байгаа юм. Сэтгүүлчид сэвсэн гэх боловч сэжүүр нь бий юм даа.

Мөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нь нүүрс тээврийн “Сан тээвэр групп”, “Тэгри транс групп”, “Ульгансар транс” ХХК гэх гурван компани дээрээ С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд  100 мянган ам.долларын авлига өгсөн нь тогтоогдсон. АТГ-аас ч шалгуулах урилга, заллага гардсан эрхэм. Жолооч нарын амьдралыг залгуулж Монголын тодорхой тооны иргэдийн амьжиргааг жи залгуулж байгаа хэмээн бахирсан тэрбээр тээврийн компани хил, гаалиар нүүрс гаргах ямар ч эрх мэдэлгүй шүү дээ хэмээн туниад ч авсан. Гэтэл төмөр замаа бэлдээгүй манай засгийн бодлогод нүүрсийг нүүрс тээврийн компани л гаргаж байгааг хэн ч мэднэ.

Энэ ч утгаараа УИХ-ын гишүүн, тээврийн КОМПАНИУДЫН хувьцаа эзэмшигч, нэр бүхий компанийн эзэн нь А.Адъяасүрэн нүүрс хулгайлсаар байсан нь илэрхий. Харин нүүрсний тээвэрчдэдээ цалин мөнгийг нь өгөөгүй жагсаал цуглаан үүсгэснийг бодоход тэрбээр нүүрс ба нүүрсний орлогоо давхар “цөлмөдөг” нь ч тодорхой юм даа.

Дараагийн нүүрс дагасан хэргүүдийн толгойд Монголын ард түмний баялгийг нийлж цөлмөдөг нэгэн бүлэглэл байна. Тухайлбал УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын  төрсөн дүү Ж.Нарантуяа нь Х.Азбаяр гэгчтэй “Оргил үүдэн зам” ХХК-ийг саяхныг болтол хамтран эзэмшсэн ирсэн. Гэтэл Х.Азбаяр нь мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай “Монголиан транс ложистик” ХХК-ийг хамтран эзэмшиж иржээ. Х.Азбаяр, Б.Дэлгэрсайхан нарын “Монголиан транс ложистик” ХХК нь өнгөрсөн 2022 онд Засгийн газартай 400 сая ам.долларын концессын гэрээ байгуулж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг барьж ашиглалтад оруулсан байдаг. Чухамдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар бизнесийн “нууц” хамтрагчид байж болзошгүй сэжүүр үүгээр гарч ирж байгаа юм. 

Ийм ч утгаараа УИХ-ын Б.Дэлгэрсайханы “Дорнын говь” ХХК-ийг түүний төрсөн дүү Б.Ганхуяг, түүний хүү Г.Гантулга нар хамтран эзэмшдэг. Тэгвэл Г.Гантулга гэгч нь өдгөө “Нүүрсний хулгай”-н хэргээр хоригдож буй “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдоржийн хүү Х.Батхишигтэй хамтран “Сора интернэшнл” ХХК-ийг эзэмшдэг ажээ. Монголын төмөр замаас ч толгой өндөр 1000 вагонтой эрхэм нүүрснээс цэвэр үлдээгүй нь тодорхой.

Нүүрсний хулгайчид бол төрийн дайснууд мөн боловч одоогийн төр засаг маань тэдний толгойг цаагуураа илээд байгаа нь нууц биш. Иргэд хэчнээн бухимдан, сэтгүүлч нар хөдлөшгүй баримт сурвалжлан, АТГ урилга, заллага явуулан хэргийг нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг үүрэгдсэн ч хулгайч нар төрийн толгойд байсаар байна. Гурилын хулгай баригддаг гэдэг шиг нүүрсний хулгай баригдаж хулгайч нар ил болсон ч “давсыг хулгайлж авдаг шүү дээ” гэдэг шиг бидэнд боломж байсан гэх ухааны юм яриад хээв нэг сууж байгаа нь иргэдэд таалагдахгүй байгаа.

УИХ-ын нэр бүхий нүүрсний хулгайчид АТГ-ын шалгалтаа өгөөд морилох газраа саатахыг Монголын ард түмэн хүлээсээр л байх юм даа...

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.