| | USD/MNT 0₮

ӨНӨӨДРИЙГ БУС МАРГААШАА БОДСОН ТОГЛОЛТ

    Үндэсний шигшээ баг Гүржийн талбайд зочлон ОУХБХ-ны албан ёсны нөхөрсөг тоглолтыг хийж, цэнхэр дэлгэцийн өмнө багаа дэмжин суусан хөгжөөн дэмжигчдээ суудлаас нь өндөлзүүлсэн тоглолтыг үзүүлэв.Дэлхийн чансаанд даруй 105 байр урд бичигддэг Европ тивийн хүчтэй багийн эсрэг тоглоно гэдэг асар том туршлага болох нь бүх хүнд ойлгомжтой байсан биз ээ. Гэхдээ манай шигшээ багийнхан зөвхөн туршлага хуримтлуулах бус олон туршилтуудыг хийж тоглолоо.
    Монголын шигшээ баг энэ оны намар ДАШТ болон Азийн АШТ-ий урьдчилсан шатны эхний шатанд хүч үзнэ. Тус тэмцээнд гараанд гарч тоглох өндөр магадлалтай, гол тоглогчдоо Гүржийн эсрэг гараанаас тоглуулахад тэдгээр 11 тоглогчийн дундаж нас 25 байв.Тоглолтын сүүлийн хагаст хоёр баг сэлгээний тоглогчдоо талбайд гаргахад Гүржийн багаас Польш, Турк, Украйны лигт тоглодог чадварлаг тоглогчид орж ирсэн юм. Харин манай шигшээ багийн ирээдүй гэгдэж буй өдгөө 23 нас ч хүрээгүй Г.Буяннэмэх, У.Тэмүүлэн, Н.Хашчулуун, Г.Бат-Оргил гэсэн залуусыг гаргасан нь өнөөдрийн нэг тоглолт биш ирээдүйн олон тоглолтыг бодож гаргасан шийдвэр байсан нь дамжиггүй.
    Зөвхөн Монголчууд бус дэлхий даяараа Наполигийн залуу од Хвича Кварацхелияг уг тоглолтыг харахыг хүссэн ч Гүржийн шигшээ энэ сарын 29-нд Мартин Одегаарьд ахлагчтай Норвегтой Европын АШТ-ий урьдчилсан шатанд тоглох учраас гол тоглогчоо талбайд гаргасангүй. Өнгөрсөн хугацаанд манай шигшээ анх удаа ДАШТ-ий урьдчилсан эхний шатыг давж Япон, Киргизстан, Тажикстан, Мьянмарын багуудтай нэг хэсэгт багтан эзэн, зочин тоглолтуудыг хийсэн билээ. Мөн Азийн АШТ-ий урьдчилсан шатны гуравдугаар шатанд Филиппин, Палестин, Йемен гэсэн улсуудтай ч тоглоод амжсан. Нэгэнтээ тамирчдын ур чадвар өсөж, цаашид хүчирхэг багуудтай тоглох учраас чансаа хол зөрүүтэй ч том орны, хүчирхэг шигшээтэй тоглоно гэдэг асар чухал.
    Тэр тусмаа Европ тивийн багтай тоглож, талбайд нь гоол оруулна гэдэг манай шигшээ багийн залуусын өөрсдөдөө итгэх итгэл, багийн уур амьсгалд эерэг нөлөөтэй юм.
    Урьд өмнө манай шигшээ ОУХБХ-ны албан ёсны нөхөрсөг тоглолтод оролцдоггүй байсан бөгөөд МХБХ шигшээ багийнхаа тамирчдаа олон улсын тоглолтын туршлагатай болгох ажлыг эхлүүлж, анх 2017 онд Тайванийн багтай албан ёсны нөхөрсөг тоглолтод оролцож байсан түүхтэй.Түүнээс хойш Тайвань, Лаос, Маврик, Сингапур, Бангладеш зэрэг шигшээ багуудтай тоглож байсан бол энэ удаад хөлбөмбөгийн арвин түүхт Европ тивийн Гүрж улстай тоглолоо. Манай шигшээгийн Гүрж улс дахь тоглолт дуусаагүй бөгөөд 3-р сарын 28-нд Гүржийн мэргэжлийн лигт “Динамо Тбилиси” клубтэй адил 13 оноотой ч гоолын зөрүүгээр хоёрдугаарт бичигдэж яваа “Динамо Батуми”-тай нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байна.
    Цаг уур, улирлын чанартайгаар амьд зүлэгтэй талбай манай улсад байдаггүй ч жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийх битүү дээвэртэй талбайг төв аймаг дахь шигшээ багуудын бэлтгэлийн баазад босгосон учраас шигшээ багийнхан маань тогтмол формтой байх боломжтой болсон билээ. МХБХ шигшээ багийн тамирчдын дотооддоо тогтмол бэлтгэлтэй байх орчин нөхцөл, гадаад улсуудад тоглох боломж бололцоог хангахын зэрэгцээ шигшээ багийн цугларалттай үед цалин урамшуулал ч олгож буй. Монгол улсын нэр хүндийг тив дэлхийд гаргадаг шигшээ багийн тамирчдаа цаашид ч үргэлж дэмжин ажиллах болно.
    Энэ дашрамд Европын АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж буй хүчирхэг улсын шигшээ баг хэдий ч хоёр улсын хөлбөмбөгийн холбоодын найрсаг харилцааны үүднээс манай багийг хүлээн авч тоглосон Гүрж улсын шигшээ баг, хөлбөмбөгийн холбоонд гүн талархал илэрхийлье.
ТАЛЫН ХӨХ ЧОНОНУУДЫН ХИЙМОРЬ СҮЛД ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ БАЙХ БОЛТУГАЙ

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.