| | USD/MNT 0₮

Б.ЦЭГМЭД: “Петрочайна” компани үхсэн зээрийн сүргээс гадна бохир усны өтгөн, ялгадасаа байгальд шууд хаяж байсан

    БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петрочайна дачин тамсаг" компанийн ойролцоо их хэмжээний зээрийн сүрэг үрэгдэж, үхсэн зээрийн сэгийг булшлах гэж байгаад баригдсан гэх мэдээлэл олон нийтэд ил болоод удаагүй байна. Харин тус зөрчлийг анх илрүүлсэн төрийн бус байгууллагуудын төлөөлөл “Петрочайна” компанид хяналт, шалгалт хийж байх явцдаа бусад олон зөрчлийг илрүүлжээ. Тэгвэл энэ талаарх мэдээллийг тодруулахаар ТББ-ын төлөөлөл Б.Цэгмэдтэй ярилцсан юм.

 -Тухайн үед хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “Петрочайна” компани руу очсон бэ?

-Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин тамсаг” компанийн 19 дүгээр талбай дээр БОАЖЯ-ны сайдын тушаалаар хяналт, шалгалт хийхээр хамтарсан ажлын хэсэг очсон юм. Үүнд хөндлөнгөөс хяналт тавихаар манай ТББ болон Чойбалсан хотын “Нутгаа хамгаалах ТББ”, БОАЖЯ-ны ажлын хэсэг хамрагдсан.

-Хамтарсан ажлын хэсэг  очсон даруй зөрчлийг илрүүлсэн үү?

-Бид  эхний өдөр компанийн удирдлагуудтай уулзаж, маргааш нь ажлын дагуу бичиг баримттай танилцахад хамгийн анхны зөрчил илэрсэн. Тухайлбал, “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлахдаа сумын ИТХ-аар хэлэлцэж, санал авна” гэсэн хуулийн заалт байдаг. Гэтэл тэд тус хуулийн заалтыг зөрчиж, багийн иргэдийн нийтийн хурлын таван хүнээр батлуулаад л нарийвчилсан үнэлгээг шийдсэн байсан. Асуудал ингэж эхэлсэн юм.

-Олон тооны үхсэн зээр анх ямар байдалтай олдсон бэ?

-Шөнийн 12 цаг орчимд бид 21 дүгээр талбай дээр очиж, ажлын хэсгээ амраагаад, өөрсдөө гадаа хонохоор болсон юм. Ингээд ажлын хэсгээ амраагаад, хойд зүгт зам даган явж байхад ойр ойрхон үхсэн байдалтай зээрийн сүрэг олдсон юм. Цааш ажиглаад явахад шингэн хог хаягдлын далангаас урагш 200 метрт 300-400 орчим үхсэн зээрийг овоолсон байдалтай байхад тааралдсан. Маргааш өглөө нь тус газрыг нягтлахаар очтол хэсэг машинтай хүмүүс биднийг хараад зугтаж байсан. Тэд тухайн газарт нүх ухаж, зээрийг булах гэж байсан нь ил болсон л доо. Зөвхөн тухайн талбайд их хэмжээгээр үхсэн байсан нь хордсоноос гарцаагүй.

-Үүнээс гадна хэд, хэдэн зөрчил илэрсэн гэх мэдээлэл бий. Түүнийг цаг тухайд нь хянаж байв уу?

-Тийм ээ, дээрх зөрчлийг илрүүлсний дараа бид худгийн шалгалт хийж явахдаа зөвшөөрөлгүй ус ашигласан байж болзошгүй “Оюут” худаг, бусад эвдэрч, сүйдсэн гүний худгийг илрүүлсэн. Мөн хог хаягдлын ноцтой зөрчил ч бий. Жишээлбэл, хог хаягдлын тухай хуульд “Хог хаягдлыг ангилан ялгаж хаяна” гэсэн зүйл заалт байдаг. Гэвч тэд үйлдвэрлэлийн ажиллагаанд ашигладаг химийн бодис, их хэмжээний хуванцар уут, хаймар, эрзээн зэрэг байгальд хор нөлөө үзүүлэхүйц хаягдлыг ялгахгүйгээр шууд газрын хөрсөнд хаяж байсан нь тогтоогдсон юм. Үүнийг БОАЖЯ-ныхан зургаар баталгаажуулаад холбогдох байгууллагад хүргэсэн байх.

-“Петрочайна” компани бохирын усыг байгальд шууд хаяж байгаа талаар цахим орчинд дэлгэсэн байсан. Энэ талаарх нөхцөл байдлыг хэрхэн илрүүлсэн бэ?

-Усны тухай хуулийн 30.1 3-т заасан “усыг заавал цэвэршүүлж байгальд хаях ёстой” гэх заалтыг тэд зөрчсөн нь үнэн. Тус компани ямар ч цэвэршүүлэх технологигүйгээр өтгөн, шингэнтэй нь цуг ухсан нүхэнд шууд асгаж байсан. Ингэхдээ газрын хөрсийг бохирдохоос сэргийлсэн ямар нэгэн стандарт ашиглаагүй.  Мөн өтгөнийг нь лагийн талбай гэх ухсан нүх рүү ялгаж хийсэн байна лээ. Нүхэн жорлонгоос ялгаагүй хэрэг. Цаашлаад олон сараар гэрээгүй ус ашиглаж байсан нь ч тогтоогдсон.

Мөн санамсаргүй байдлаар бүтээлгэн уутан дор дөрвөн төрлийн химийн бодис найруулж 1800 метр газрын хөрс рүү шууд шахаж байгаатай тааралдсан юм. Гэвч химийн бодис найруулах тусгай зөвшөөрөлд “Стандартын дагуу бат бөх, битүүмж сайтай савлагаанд найруулж, хадгалах” ёстой байдаг. Гэтэл ил задгай байдлаар бүтээлгэн уут нөмрүүлэн шахаж байсан нь хамгийн ноцтой асуудал. Ийм бусармаг байдлаар үйл ажиллагаа явуулж байсан учраас химийн бодисуудыг лацдаж, агуулахад хийхээс өөр аргагүй байсан.

-Компанийн харуул хамгаалалт ТББ-ыг нэвтрэх хэсэг рүү оруулахгүй хориглож байсан. Юунаас шалтгаалан маргаан үүссэн бэ?

-Бид шалгалтын үр дүн тайлагнах  хурал зохион байгуулахаар компани дээр буцаж  очиход, төрийн байгууллагуудыг оруулчихаад ТББ-ын төлөөллийг оруулахгүй байсан. БОАЖЯ-ны сайдын үүрэгдсэнээр бол төрийн байгууллагын хяналт шалгалтад бид хөндлөнгөөс хяналт тавих ёстой. Энэ учир шалтгаанаа тэдэнд тайлбарлахад “Петрочайна” компани биднийг оруулахгүй байх үүрэг өгсөн байсан. Ингээд арай гэж хяналт шалгалтын комиссын дарга Нямжавтай уулзаж “Бид нарыг оруулахгүй байна. Та нар бид наргүйгээр үйл ажиллагаа явуулахгүй  шүү. Та нарт энэ компани нөлөөлөх гэж оролдож байна” гэж хэлсэн.  Ингэж байх зуур компанийн харуул хамгаалалтын дарга нар ажилтнууддаа биднийг “чирж гарга” гэх мэтээр үүрэг өгч байсан. Ингээд чирж гаргаж байх явцдаа намайг өвдөглөж, элдэв байдлаар үзсэн юм.

Одоо Засгийн газрын ажлын хэсэг болон бусад төрийн байгууллагын шийдвэрийг л хүлээж байна даа.

 

Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.