| | USD/MNT 0₮

Т.ОТГОНБАЯР: Тайгын ариун дагшин байдлыг хэвээр авч үлдэхийн тулд гурван жил алтны нинжа нартай тэмцэж байлаа

          Монгол орны хоймор нутаг хэмээгдэх Хөвсгөлийн хөвч тайгад 10 гаруй жил байгаль хамгаалагчаар ажиллахдаа хууль бус ашигт малтмал олборлогчид болон ан агнуурчидтай тэмцэж, тайгын онгон дагшин байдлыг аварч, хамгаалсаар ирсэн нэгэн эрхэм бол Т.Отгонбаяр юм. Тэрбээр өчигдөрхөн БОАЖ-ын яамны сайдын нэрэмжит “Шилдэг байгаль хамгаалагч” шалгаруулах мэргэжлийн уралдаанд тэргүүн байр эзэлж, “Шилдэг байгаль хамгаалагч” шагналын эзэн болжээ. Өдгөө Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчаар ажиллаж, ян сарьдагийн орой, хөвч тайгын гүнд байгаль эхээ харуулдан байгаа түүнтэй бид ярилцлаа. 

  -ХҮНИЙ ГАРААР СҮЙДЭЖ БАЙГАА ХӨВЧ ТАЙГЫГ БИД АЮУЛЫН ИРМЭГЭЭС МУЛТЛАХ ЁСТОЙ БОЛСОН-

-Сайн байна уу. Юун түрүүнд уншигчдад байгаль хамгаалах үйлсэд хэзээнээс ажиллаж эхэлсэн талаараа хуваалцахгүй юу?

-Анх 2012 онд Хөвсгөл аймгийн тусгай хамгаалалттай газар нуур хамгаалалтын газарт ажилд орж байлаа. Удалгүй “Улаан тайгын улсын тусгай хамгаалалтын газар”-ын хамгаалалтын захиргаанд Хорьдол сарьдагийн дархан цаазат газрын байгаль хамгаалагчаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш даруй 10 гаруй жил өнгөрчээ. Өдий 50 наслахдаа байгаль хамгаалах үйлсэд чамгүй хугацааг зориулсан байна.

-“Шилдэг байгаль хамгаалагч” хэмээх шагналыг хүртэхэд чамгүй олон жилийн хөдөлмөр зарцуулсан байх?

-Тийм ээ. Хэлсэнчлэн 10 гаруй жил байгаль хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Энэ хугацаанд эх орныхоо хоймор нутгийн нэгээхэн хэсгийг ариун дагшин хэвээр хадгалж, хамгаалсаар ирсэн минь надад энэ шагналыг хүртэх тохиол олголоо. Үүний цаана байгаль хамгаалагч залуусын минь шаргуу хөдөлмөр, байгаль дэлхийгээ гэсэн чин хүсэл, зорилго бий. Энэ л залуустай “Улаан тайгын тусгай хамгаалалттай газар”-ын тулгын гурван чулууг анх тавилцсан хүний нэг нь би. Бид анх айлын түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм. Түүнээс хойш өөрсдийн хүч хөдөлмөрөөр тусгай хамгаалалтын байр байгуулан үйл ажиллагаагаа тэлсээр л явна.

-Байгаль хамгаалагчаар ажиллаж эхэлсэн үеэс цөөнгүй саад бэрхшээлтэй тулгарч байв уу?

-Улаан тайгын тусгай хамгаалалттай газар байгуулагдахаас өмнө тайгад ашигт малтмалын олборлолт ихсэж, хууль бус ан агнуур гаарч байсан юм. Бид яг л ийм цаг үетэй нүүр тулж, алтны олборлолт, ан агнуураас дархан цаазат газраа аварч үлдэх үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл хүний гараар сүйдэж байгаа хөвч тайгыг бид аюулын ирмэгээс мултлах ёстой болсон юм даа.  Мэдээж энэ бүхэн амар байгаагүй.

-ГУРВАН ЖИЛ ГУЧИН ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ХУУЛЬ БУС АНЧИД, АЛТНЫ НИНЖА НАРТАЙ ТЭМЦСЭН-

-Тэр цаг үеийн явдлаас бидэнд хуваалцвал?  

-Тайгад алт ихээр илэрч байсны улмаас алтны нинжа нар хаа сайгүй л нүх ухаж, олборлолт хийж байлаа. Харин төрийн шийдвэрээр тусгай хамгаалалтад авснаар тэднийг тайгаас бүрмөсөн албадан гаргах, торгууль шийтгэл оногдуулах болсон юм. Ингээд давхардсан тоогоор мянга гаруй алтны нинжа нартай өдөр, шөнөгүй тэмцэх ажил эхэлсэн. Шөнө уул руу нууцаар гарах гэж оролдох, байгаль хамгаалагчидтай ёс бусаар харьцах зэрэг асуудал энүүхэнд байлаа. Бид ийм маягаар ердөө 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр гурван жил тэдэнтэй тэмцсэн. Байгаль хамгаалагчдын үндсэн үүрэгт хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг хүчин зүйл нь хүн. Харин бид зогсолтгүй ажилласны үр дүнд одоо тусгай хамгаалалттай газар маань бүрэн эдгэрч, хууль бус үйл ажиллагаа огт явагдахүй болсон доо.

-Ажил үүргээ гүйцэтгэж байхад олон хоногоор явган алхах ч хэвийн үзэгдэл гэдэг. Энэ тухай ?

-Тусгай хамгаалалтын газрын үйл ажиллагаа эхэлсэн дөрвөн жилийн хугацаанд морь, мотоцикл ховор байлаа. Тийм учраас шаардлагатай нөхцөлд тайгад явган үүрэг гүйцэтгэдэг байсан. Одоо бол зундаа морио уначихна. Өвөлдөө морь, мотоциклоо хослуулж, хяналт, шалгалтаа хийнэ. Манай бүс нутаг байршлын хувьд ян сарьдаг ихтэй. Тийм учраас морь л хань болно доо. Зарим тохиолдолд сүлжээгүй гурваас дөрвөн хоног ууланд ажиллах үе ч бий. Амрах эрхгүй л байгальдаа хүчин зүтгэдэг дээ.

-Таны одоогийн хариуцан ажиллаж байгаа газрын байгалийн онцлог, давуу талаас дурдахгүй юу?

-Миний одоогийн хариуцаж байгаа тусгай хамгаалалттай газар бол Хөгийн голын орчим. Хөгийн голын ойр орчим нь тайгын гүн дэх ан амьтдын хоол тэжээлийн гол бүс нутаг. Тус нутагт янгир ямаа, буга, хандгай, баавгай зэрэг ховор ан амьтад элбэг бий. Түүнээс гадна ховор эмийн ургамал, өвс тэжээлийн соргог бүхэн энд ургадаг.

 -Ховор ан амьтдын тоо толгой тухайн бүс нутагт хэр хэмжээгээр өсөж байна вэ?

-Хууль бус ангаас болж ховор ан амьтад тун цөөрч байсан юм. Харин сүүлийн жилүүдэд байгаль хамгаалагчдын хараа хяналт илүү сайн байгаа учраас ан амьтдын тоо толгой өссөөр байна. Түүгээр зогсохгүй тайгад нутагладаг малчдын бүс нутаг руу ойрын жилүүдэд ан амьтад бэлчээрлэх, идэш тэжээлээ олох нь их болсон. Энэ нь тэдний тоо толгой өссөнтэй холбоотой. Зарим үед янгирын тоо толгойг бүртгэхийн тулд малчны хотноос дурандаад л бүртгэчихдэг болсон шүү дээ.

-Байгаль эхийн төлөө хийж бүтээсэн бүхнээ эргээд харахад ямар санагддаг вэ?

-Байгаль эхийн төлөө хийж бүтээсэн бүхнээ эргээд харахад чамгүй хөдөлмөр шаарджээ. Ялангуяа байгаль орчноо хайрлах, хамгаалах сэдлийг ард түмэндээ хэрхэн төрүүлэх вэ гэж их хичээж ажилласан. Хүн бүрийн зүрх сэтгэлд нь хүртэл ажиллана гэдэг хөдөлмөр шаардах нь аргагүй. Цаашдаа ч үүнээс илүүг хийж бүтээхэд 10 гаруй жилийн хугацаа байна даа. Одоо харин сурч мэдсэн бүхнээ хойч үедээ зааж, сургаад л явна.

 

Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.