| | USD/MNT 0₮

Зеленський, Ши Жиньпин нар дайн эхэлснээс хойш анх удаа утсаар ярьжээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Орос-Украины дайн эхэлснээс хойш Хятадын тэргүүн Ши Жиньпинтэй анх удаа утсаар ярьжээ. Тэдний хооронд урт бөгөөд утга учиртай яриа өрнөсөн тухай Зеленський мэдээлсэн байна.

БНХАУ-ын тэргүүн Москвад өнгөрөгч гуравдугаар сард гурван өдөр айлчилснаас хойш ийнхүү холбоо барихаар төлөвлөж байсан аж. Энэхүү хэлэлцээг Украины санаачилгаар хийхээр болсон тухай Бээжин мэдээлжээ. Зеленський өнгөрсөн гуравдугаар сард “Yomiuri Shimbun” сонинд өгсөн ярилцлагадаа БНХАУ-ын даргатай хэлэлцээ хийх саналыг дипломат шугамаар илгээсэн гэж хэлсэн байна. Дөрөвдүгээр сарын эхээр Хятадын удирдагч Украины Ерөнхийлөгчтэй ярилцахад бэлэн гэдгээ мэдэгджээ.

Зеленський Твиттертээ "Утсаар ярилцсан маань, мөн Хятадад суух Украины Элчин сайдыг томилсон нь манай хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хүчтэй түлхэц өгнө гэдэгт би итгэлтэй байна" хэмээн бичжээ. Тэднийг утсаар ярьсны дараа Украин улсаас Хятадад суух Элчин сайдаар  Стратегийн аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Павел Рябикиныг томилсон нь ил болжээ.

Украин руу явах тусгай төлөөлөгчөөр БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд асан Ли Хуэй ажиллах юм байна.

Орос-Украины дайны нэг жилийн ойгоор Хятад энх тайван тогтоох санаачилга гаргасан ч Киев үүнд болгоомжтой хандсан бол барууны улс орнууд шүүмжлэлтэй байгаа юм. Ши Жиньпин Украинд тусгай төлөөлөгчдөө илгээж, энх тайван тогтохын төлөө ажиллаж буй бүх талуудтай хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Зеленськийд хэлсэн гэж Хятадын төрийн хэвлэлүүд мэдээлжээ.

Одоогоор Бээжин Оросын түрэмгийллийн эсрэг төвийг сахисан байр суурьтай байгаагаа харуулахыг хичээсээр байна. Ши Жиньпин дайныг буруушаахаас зайлсхийсэн дэлхийн хамгийн нөлөө бүхий удирдагч юм. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш тэрээр 12 зүйл бүхий энх тайвны төлөвлөгөөг сурталчилж эхэлсэн бөгөөд Киев сайшаан хүлээж авсан ч болгоомжтой хандсан гэж Ройтерс агентлаг мэдээлж байв.

Хятад улс энхийн хэлэлцээ хийхэд анхаарч, гал зогсоохын төлөө хичээн ажиллах болно гэж Ши Жиньпин Зеленськийтэй утсаар ярих үедээ хэлсэн тухай Хятадын төрийн хэвлэлүүд мэдээлжээ.

"НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, хариуцлагатай улс орны хувьд бид гараа хумхиад суухгүй, ашиг хонжоо харах байтугай гал дээр тос нэмэхгүй" гэж Хятадын удирдагч хэлсэн байна.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, Хятад улс Украинд тусгай элчээ илгээж, "мөргөлдөөнийг зохицуулах" асуудлаар хэлэлцээ хийх гэнэ. Украин руу явах тусгай төлөөлөгчөөр БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд асан Ли Хуэй ажиллах юм байна.

Эх сурвалж: ВВС

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.