| | USD/MNT 0₮

ЕРТӨНЦИЙГ ҮХСЭН ХҮМҮҮСИЙН СҮНС ЗАХИРЧ БАЙДАГ

Төв Азийн өвөрмөц соёл иргэншлийг бүрдүүлсэн нүүдэлчин монголчуудын эртний шүтлэг бол бөө мөргөл юм. Бөө мөргөл нь мөнх хөх тэнгэр, байгаль дэлхий, өвөг дээдсээ дээдлэн шүтдэг. Гадаад түүхэн эх сурвалжаас авч үзвэл хүн анх бий болохоос үүссэн байсан ба Монголын алтан ургийн сүүл хүртэл бөө мөргөл гол шүтлэг нь байсаар иржээ. Монголд Шарын шашин /Хинаян/ нэвтэрснээс хойш уламжлалт байдлаа цөөнх нь хадгалан үлдсэн ба бөөгийн зан үйлийг авч үлдэхийн тулд шарын шашны эд зүйлсийг хэрэглэх болсноор шарын бөө гэх өрөөсгөл ойлголт бий болж үүнээс үүдэн хоорондоо эрс ялгаатай болсон байна. Бөө мөргөлийг онго тэнгэр, улаач, түшээ нар авч явдаг.

Бөөгийн тахилга ёс нь антропологич Тайлорын онолоор бол “Ертөнцийг үхсэн хүмүүсийн сүнс захирч байдаг” гэж эртний хүмүүс ойлгож иржээ. Иймээс тэднийг аргадаж тайвшруулахын тулд янз бүрийн тахилга үйлдэж ирсэн гэж үздэг. Эртний хүмүүс өөрт нөлөөлж буй далдын хүчийг муу тэнгэр, сайн тэнгэр гэж хуваан үзэж сайныг нь хөхүүлэн дэмжиж, мууг нь зайлуулах олон төрлийн янз бүрийн ёслол бий болгосон гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн шашнууд үүсэхээс өмнө бий болсон шүтлэгийн хэлбэрийг бөө мөргөл хэмээн үздэг. Монгол хүний оюун санаанд эртнээс нааш уламжлан ирсэн шүтлэг бол бөө мөргөл юм. Овог аймгууд НТӨ III зууны үед ангит нийгэмд шилжихээс өмнө хүй нэгдлийн зохион байгуулалтанд байсан учраас бөө мөргөл нь шинэ чулуун зэвсгийн үеэс шүтсээр ирсэн нэлээд эртний шүтлэг ажээ.

Өөрөөр хэлбэл, шүтлэгийн анхдагч хэлбэр бөгөөд өвөг дээдсийн сүнс, тэнгэр, газрын эздэд итгэж ирсэн сүсэг бишрэл юм. Эртний монголчууд байгаль, ертөнц, хүн ба амьтдын цаана тэр бүгдийг харж ханддаг тусгай эзэн тэнгэр нуугдаж байдаг гэсэн ойлголттой байв. Эл ойлголт нь бөө мөргөлийн ертөнцийг үзэх үзлийн гол үндэс болж бүрэлдэн тогтжээ.

Өөр ертөнцөөр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.