| | USD/MNT 0₮

Зургаадугаар сард төвийн болон зүүн зүгийн нутгаар гэнэтийн аадар бороо орох магадлал өндөр байна

   Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.  Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундаж(ОЖД)-аас дулаан, хур тунадас ихэнх нутгаар дунджаас бага, харин Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна.

    Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ОЖД-аас 1-3°С-аар дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 1-3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэж болзошгүй байна.

     Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн нутаг, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна, хур тунадас Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ОЖД-аас 1-4°С-аар дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД-аас 1–3°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

    Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэж болзошгүй байна. Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ийн орчим байна, хур тунадас Хэнтий, Дорнодын нутгаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

   Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ОЖД-аас 1-3°С-аар дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ОЖД-аас 1-4°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэж болзошгүй байна.

          Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хагастаа ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД-аас 1-3°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэж болзошгүй байна.

ЗӨВЛӨМЖ

Энэ сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй байгаа боловч төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орох төлөвтэй байна.

Ялангуяа гэнэтийн аадар бороо орох магадлал өндөр байгаа тул дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн цаг агаарын мэдээг цаг тухайд нь авч ашиглахыг зөвлөж байна.

2017, 2018 оны зургаадугаар сард төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 34–39°С хүрч халж байжээ

ЦУОШГ-аас зургаадугаар сарын цаг агаартай холбоотой зарим онцлох мэдээллийг өгөв.

Тухайлбал, зургаадугаар сард агаарын дундаж температур сүүлийн жилүүдэд, ялангуяа 2017–2018 онуудад хамгийн дулаан буюу ОЖД–аас 2-3°С-аар дулаарч өдөртөө төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 34-39°С хүрч халж байв.

Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1979–1982, 1995–2007, 2017, 2018 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага хур тунадас орж хуурайшилт ихтэй байсан бол 1983–1986, 1993–1994, 2008, 2011–2016 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна.

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.