| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг илэрсэн С.Батдөлд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албаны дарга С.Батдөл холбогдох хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл прокуророос түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн  тулд үргэлжилсэн үйлдлээр бусдаас хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/,  18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

Хэргийн талаар эргэн сануулахад, ЭЦА-ныхан энэ оны нэгдүгээр сард С.Батдөлийг их хэмжээний бэлэн мөнгөтэй байхад нь хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулж, нэгжлэг хийхэд олдсон 7.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй учраас хэрэг нээн шалгаж эхэлсэн билээ. Улмаар С.Батдөлийг их хэмжээний татварт ногдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутагт байрлах орон сууц болон өөрийн гэртээ нууж татвар төлөхөөс зайлсхийсэн, гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7.3 тэрбум төгрөгийг мэдсээр байж ашиглан хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэмээн яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Батдөлийн мөнгөний эх үүсвэрийг тодорхой болгосон аж. Түүний гэрээс олдсон дээрх мөнгөний зургаан тэрбум гаруй нь төмөр замаар ачаагаа тээвэрлүүлэх гэсэн аж ахуйн нэгжүүд өөрсдөдөө давуу байдал олгуулахын тулд УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асанд өгсөн хахууль гэдгийг хууль сахиулах байгууллагынхан тогтоожээ. 10-аад аж ахуйн нэгжийн удирдлагаас зургаан тэрбум гаруй төгрөг хахууль болгож авсан нь тодорхой болсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж байсан юм.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.