| | USD/MNT 0₮

Зургаан хүү, нэг охинтой өнөр гэр бүл байрны батламжаа гардаж авлаа

 
 
Цахим сүлжээнд нэгэн өнөр гэр бүлийн өхөөрдөм хөөрхөн зураг "од" болоод байсныг уншигч та бүхэн мэдэх байх.
 
Гэрийн эзнийг Х.Базаррагчаа, гэргийг нь Б.Даваасүрэн гэдэг. Эднийх ам бүл есүүлээ, СХД-т гэр хороололд таван ханатай гэрт энх тунх азжаргалтай амьдарч байна. Дэрсхэн өсч байгаа банди нар 3-11 насных. Хамгийн бага нь орчлонг үргэлжлүүлэх үүрэгтэй охин үр нь одоо хоёр настай. Үр хүүхдээр баян энэ айлд дутагдах гачигдах зүйл байхгүй ч гэрээ томруулна даа, байшинд орно гэсэн мөрөөдөлтэй байснаа гэрийн эзэн нуусангүй. 
 
Х.Базаррагчаагийн хувьд MSC Кока кола компанид худалдааны төлөөлөгч хийдэг аж. Харин эхнэр нь гэртээ хүүхдүүдээ хараад суудаг болохоор нэмэлт орлого байхгүй, байрны урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэх боломжгүй байсан гэнэ.
 
Харин өнгөрсөн зун НОСК-иос хэрэгжүүлсэн Түрээсийн орон сууц хөтөлбөрт бүртгүүлж, тэнцсэн байна.
 
Өнөөдрийн билэгт сайн өдөр "Буянт Ухаа- 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламж гардуулан өгөх арга хэмжээ төв талбайд болов. 
Энэ арга хэмжээнд Х.Базаррагчаагийнх гэр бүлээрээ хүрэлцэн ирсэн байв. Учир нь гурван өрөө байрны батламжаа гардаж авахаар хүрэлцэн ирсэн нь энэ ажээ.
 
 
Өрхийн тэргүүн Х.Базаррагчаа"Үнэхээр баяртай байна. Баярлаж догдолсондоо хэлэх үг олдохгүй байна. Манайх 4 ба түүнээс дээш насны олон хүүхэдтэй залуу гэр бүл гэсэн ангилалаар материалаа бүрдүүлж өгсөн. Тэгээд нэг орой ажил тарах үед албаны утаснаас залгаж тэнцлээ гэдгийг дуулгахад их баярласан. Ингээд хоёр дахь шалгаруулалтын материалаа бүрдүүлээд өгсөн. 10 хоногийн дараа дахиад тэнцлээ гэсэн сайхан мэдээ сонссон. Миний хувьд MSC компанид ажилладаг. Олон хүүхэдтэй, ганцаараа ажил хийдэг болохоор байрны урьдчилгаа бүрдүүлнэ гэж ёстой худлаа юм билээ. Гэтэл төр засаг иргэддээ ийм боломж олгож, түрээслээд өмчлөх хэлбэрийн байр санал болгож сонгон шалгаруулсанд баяртай байна. Энэ сайхан баярт үйл явдал болж байхад ажлаас утасдаад гурван өрөө байрны минь төлбөрийг 100 хувь төлж өгнө гэдгээ хэлсэнд бүр их баярлаж байна" гэв.
 
Эхнэр Б.Даваасүрэн "Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт шударга явагдсан гэж бодож байгаа. Бид тэнцэх болов уу гэж айж эмээж байсан. Олон мянган хүн орох хүсэлтээ өгсөн болохоор эргэлзэнэ. Гэхдээ аз таарсанд баяртай байна" гэлээ.
 
Дашрамд дуулгахад, байрны батламжаа авсан айлууд хоёр хоногийн дараа байрны түлхүүрээ гардан авч байрандаа орох ажээ. 
 
 
О.Гал 

 

Өнөөдрийн билэгт сайн өдөр "Буянт-Ухаа- 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламж гардуулан өгөх арга хэмжээ төв талбайд болов. Энэ арга хэмжээнд Х.Базаррагчаагийнх гэр бүлээрээ хүрэлцэн ирсэн байв. Учир нь гурван өрөө байрны батламжаа гардаж авахаар хүрэлцэн ирсэн нь энэ ажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.