| | USD/MNT 0₮

И.АНАР: МИНИЙ ХУВЬД “ҮЗЭЛ БОДЛОО” “ХУДАЛДАХГҮЙ” БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ

Арванзургаан настайгаасаа бие дааж амьдарч эхлэн, “бүгдийг болгоно бүтээн” гэсэн итгэл найдвартаа хөтлөгдөн өдгөө хорин настнуудын тэр бүр бүтээж чадаагүй амжилтад хүрч чадсан охины амьдралын түүх, баримталдаг зарчим, үзэл бодол ирээдүйн зорилго нууцхан хүслийн талаар илэн далангүй ярилцаж ярилцлагаа уншигч та бүхэндээ хүргэж байна.  

Цахим сүлжээнд өөрийн хэл сурсан арга барилаа хуваалцагч төдийгүй боловсролын салбарт өөрийн  хувь нэмрээ  оруулж буй Americano English Course- ийн үүсгэн байгуулагч Ивановын Анарыг  ASU.MN  сайт энэ удаагийн “MY CAREER” буландаа онцоллоо.

 Хэзээнээс ер нь хэл сурч өөриймшүүлэх хэрэгтэй юм байна гэж бодож хэрэгжүүлж эхэлсэн бэ. Анхны алхмынхаа талаар яриагаа эхлүүлье.

-       Миний хувьд Англи хэлний  хэрэгцээ байгаагаа хамгийн эхэнд мэдэж байсан. Гадагшаа явж сурах хэтийн зорилготой, бас болоогүй “дэлхийн иргэн болно” гэсэн бодолтой, бага байхдаа янз бүрийн лекц, семинарт очоод суучихсан амбицтай хүүхэд байсан. Тэгээд 14 настайгаасаа англи хэлийг сонирхож эхлээд маш их кино үзэж, англиар өөрөө өөртэйгөө ярьдаг байсан. Дараагаар нь сургуульд сураад дүрмийн түвшнээ ахиулж, 16, 17 насандаа эрчимтэй сайжруулж эхэлсэн.

Хүн болгонд өөрийн гэсэн сурах арга барил байдаг. Таны хувьд суралцах хамгийн үр дүнтэй арга барил чинь юу вэ? Өөрийнхөө нууц жороос манай уншигчдад хуваалцаач.

-       Толгой дотроо харилцан яриа болон нөхцөл байдлын дүрийг төсөөлөн бодоод, “ингэж хэлбэл тэгэх байсан даа” гэх маягаар  сонирхолтой байдлаар л сурсан. Дан ганц дүрмээр ч юм уу, орчуулгаар сайжруулсан гэвэл бас учир дутагдалтай. Тэгээд хүнтэй ч хамаагүй, өөрөө өөртэйгөө ч байсан англиар аль болох ярихыг хичээдэг байсан.

Сошиал медиагаар дамжуулж хэл сурах арга барил болон боловсрол түгээх болсон шалтгааныхаа талаар ярьж болох уу.

-           Миний хувьд утас интернэт ухаж байгаад л англи хэлнийхээ сонсох чадвараа сайжруулж байсан. Бусдаар надтай англиар эсвэл оросоор ярих хүмүүс орчин нөхцөл бол байгаагүй. Хэл сурах боломж сошиал орчинд  үнэгүй байгаад байдаг. Тэрийг л бусад хүмүүст ашиглахад нь жоохон ойртуулаад өгчихвөл хэрэгтэй юм болов уу гэж бодож байсан. Хамгийн эхний зорилго бол хүмүүс утсаа үзэж байгаад миний бичлэгийг үзээд англи хэлний мэдлэгээ дээшлүүлээд хоёр ч болтугай үг сураад өнгөрч байвал зүгээр юм байна гэсэн бодол. Дараагийнх нь боловсролын салбарт ямар нэгэн нөлөө үзүүлэх бага ч гэсэн тус дэм болох, нөлөө үзүүлж чадах зүйл миний зүгээс юу байгаа билээ гэж бодож байгаад хамгийн анхны бичлэгүүдээ хийж байсан. 

Ихэнх хүмүүс хэл сурахдаа хаанаас яаж эхлэхээ мэддэггүй, гэхдээ хэзээ нэг өдөр сурах болно доо гэж бодоод сууж байгаа хүмүүст хандаж зөвлөгөө өгвөл.

-       Ер нь ямар нэг юм сурахад зорилго байх хэрэгтэй. Ямар ч зорилгогүй байгаад юм сурна гэвэл үлгэр. Яг яагаад сурах гээд байгаа юм, ямар зорилгоор, зүгээр хүн болгон хэл сураад байгаа болохоор сурах гэж байгаа юм уу,  гадагшаа сурах зайлшгүй шаардлагатай байгаа юм уу. Тодорхой нарийн аминд тулсан зорилгоо тодорхойлоод бага багаар хийгээд эхэлбэл зүгээр.

 

Таны хувьд англи хэлийг Монголд сурч эзэмшсэн гэсэн үг үү?

-           Тийм ээ би Монголд англи хэл сурсан. Ерөөсөө гадагшаа явж үзээгүй, гадаад хүнтэй олон удаа ярилцаж үзээгүй байж байгаад сурсан. Цаашдаа ч сайжруулна гэж боддог.

Сошиал инфлюенсэр, нөлөөлөгч хүн  гэж таны хувьд ямар хүнийг хэлэх вэ?

-       Миний өөрийн хувь хүн дээр баримталдаг зарчим гэвэл худалдагдаагүй байхыг эрхэмлэдэг. Ямар нэгэн буруу үлгэр дуурайлал үзүүлэхгүй байхаас гадна хэтэрхий нэг талыг барьсан зүйлийг олон нийтэд хүргэхгүй байхыг хичээдэг. Одоогоор фейсбүүк дээр би 200 мянга орчим дагагчтай байгаа, миний хандалттай бичлэгийг 100-200 мянган хүн үзлээ гэж бодоход тэр дунд би буруу алдаатай мэдээлэл, хэтэрхий нэг талыг барьсан, нам сонгууль сурталчлах ч юм уу, ярихаар тэр хүмүүст би их бага хэмжээгээр нөлөөлөл үзүүлж байгаа болохоор. Нэгэнт л намайг хүмүүс үзээд юу хэлэх нь үү гээд хараад байж байхад  зөв зүйл рүү чиглүүлж чаддаггүй юм аа гэхэд ядаж чимээгүй байж байх ёстой гэж боддог. Тэгэхээр нөлөөлөгч  хүн гэж байгаа учраас нэг ч гэсэн хүний амьдралд сайхнаар нөлөөлж байх нь чухал. Тэрнээс биш реклам хийгээд 200 мянган төгрөг аваад бичлэг болгон дээрээ ундаа ч юм уу алим рекламдах нь надад сонин биш.

Видео контентын санаа олоод түүнийгээ бичээд, эвлүүлэн, үзэгчдэд хүргэх хүртэл маш их хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг байх. Таны анхны контентын санаа, юун тухай видеог  хэр хугацаанд бэлтгэж сошиалд хүргэж байсан бэ?

Сонирхолтой байдлаар хүмүүсийг уйдаахгүйгээр богинохон бичлэгүүд хүргэх ёстой юм байна гэж бодож байсан. Хамгийн анх 2022 оны нэг сард бичлэг хийнэ гээд найз руугаа холбогдоод гурван “рийл”  \богино хэмжээний бичлэг\ хийж байсан. Бүтэн нэг өдрийг зарцуулсан. Өглөө 11 цагийн үед уулзаад орой 9, 10 цаг болж байхад тарж байсан. Маш туршлагагүй л байсан. \инээв\

Тухайн үеийн мэдрэмж боломжийн санагдсан уу. Хэцүү байсан уу? Ямар баг бүрдүүлж  байгаад видео контентоо хийж эхэлсэн бэ?

-       Анх IPHONE 5 тай, түүгээрээ бичлэг хийгээд эвлүүлдэг. Дээрээс нь нэг тийм асаж, унтардаг компьютертой, компьютер рүүгээ шууд  залгадаг гэрлийн чийдэнтэй, тэр нь студийн гэрлийг орлож байгаа юм. Бас нэг микрофонтой тэр нь бас сайн ажиллаж өгөхгүй байсан болохоор утасныхаа аудиогоор бичиж байсан. Тэгээд  IPHONE 5 дээр бичих нь бас хаашаа юм гээд миний  утсан дээр бичиж байсан. Тэр нь IPHONE 6  байсан байх. Жоохон дээшлүүлж байгаа нь тэр. Хамгийн эхний бичлэгээ 2022 онд тэгж л гаргаж  байсан.

Зүгээр гараа хумиад сууж байгаад амжилтад хүрэх боломжгүй. Эрж хайж хөдөлмөрлөсний эцэст өнөөдрийн Анар үеийнхнээсээ түрүүлж алхаад өөрийгөө бий болгосон байх. Таны хувьд өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

-       Миний хувьд ямар нэгэн боломж гарч ирвэл тэрийг яаж ийгээд өөртөө хэрэгтэй  байдлаар ашигладаг. Харин боломжит нөхцөл нь бүрдэхгүй бол тэрний араас нь хөөцөлдөж байгаад “боломж” үүсгэдэг хүн юм байна гэж өөрийгөө сүүлийн үед дүгнээд байгаа. Энэ зан чанар маань надад маш их тусалдаг гэж боддог. Түүнээс биш би бусад хорин настай хүүхдүүдээс, бусдаас илүү боломжтой, илүү IQ өндөртэй эсвэл боломжтой айлын хүүхэд байгаадаа ч юм уу зоригжоод байгаа юм бол байхгүй. Ер нь бол “болно, бүтнэ,  сайн сайхан юманд хүрнэ дээ” гэсэн зорилго тээгээд явж байгаа болохоор л өдий зэрэгтэй  нэг юм хийгээд яваад байдаг байх гэж боддог.

Энэ хүртэл ирэхэд шантрах үе байсан уу. Хэрхэн даван туулсан бэ?

-       Контент бүтээхэд надар шантрах зүйл нээх их тохиолдож байгаагүй. Хамгийн хэцүү шантармаар байгаа үеийг би бол “Одоо” л гэж харж байгаа. Яагаад гэхээр анх IPHONE 5 дээрээс эхэлж байсан контент маань жил хагасын дараа бүхэл бүтэн сургалтын төв болчихсон. 100-120  хүүхэд хүлээж авах чадалтай, сар болгон элсэлтээ зарлаад англи хэл заагаад түүн дээр нэмэгдээд өндөр хариуцлага, дээрээс нь 10-12 хүн удирдаад явах нь хорин настай хүний хийхэд төсөөлөх юм бол жоохон хэцүү санагдаж байгаа. Яг арван өөртэйгөө адилхан залуусыг чиглүүлээд захирал нь болоод явахад миний хувьд жоохон ахадсан ажил. Тэрийг давж гарахын тулд нэлээн олон менторуудаас зөвлөгөө авч янз бүрийн судалгаа уншиж юм юмыг л туулж байна. Энэ бүхний дараагаар надад туршлага гэж зүйл хэзээ нэгэн цагт ирэх байх гэж бодоод хүлээгээд сууж байна даа.

Төв аймагт  төрж өссөн гэж сонссон. Хаана ямар сургуульд суралцаж байсан бэ? ахлах сургууль болон их сургуулийнхаа талаар хуваалцаж болох уу?

 Иванов буюу Цэдэвдорж гээд айлын хамгийн бага охин. Нэгдүгээр ангиасаа есдүгээр анги хүртлээ тав аймагт амьдраад аравдугаар ангиасаа Улаанбаатар хотод ирээд 18-р сургуульд суралцаж төгссөн. Тэгээд LETU Mongolia American University гээд монголд байдаг Америкийн их сургуульд сурч байгаа.

Чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлж байна. Шинэ содон зүйл хэр их туршдаг вэ?

Миний хувьд шинэ содон  зүйлд нэлээн соргог. Манай үеийнхэн ер нь тийм болчихсон юм шиг харагддаг. Ажилчид ойр дотно найзуудыгаа ажаад байхад нэг юмыг тууштай барьж аваад  удаан хийх хүмүүс ерөөсөө биш юм шиг санагдсан.  Шинэ боломж гарч ирвэл тэрийг яаж “өөрийн болгох уу” гэсэн сэтгэлгээтэй. Би ч бас яг тийм төрлийн хүн.  Өдөр тутмын амьдралаасаа хуваалцах юм бол аль болох дасгал хөдөлгөөнтэй байхыг хичээдэг. Эрүүл мэнд талаасаа ч гэсэн нөгөөтээгүүр сэтгэл зүйн хувьд гаргах ёстой бодисоо гаргаад явах юм бол  тайван байхад дэмтэй  юм шиг санагддаг. Сүүлийн үед бясалгал ёог  их сонирхож байгаа.

Өөрийн чинь хувьд энэ бол хэзээ ч надад тохирох, миний хийж чадах ажил биш байна гэж бодож байсан зүйл байгаа юу?

Нэг байрандаа удаан байдаг ажил. Жишээ нь компьютер дээр удаан суугаад код бичих ч юм уу,  нэг зүйл дээр төвлөрөөд удаан суудаг тийм ажил надад хэзээ ч тохирохгүй байх аа.

Хүнд нэг тийм нууцхан хүсэл байдаг даа. Тэгчих юм сан ингээд үзэх юм сан гээд  танд тийм хүсэл байгаа юу, бид бүхэнтэй хуваалцаж болох уу? Жишээ нь кинонд тоглох ч юм уу.

-       Хэлчих юм бол бодитой болчих юм болов уу. \инээв\ Би нохойтойгоо хамт дэлхийг тойроод үзчих юм сан гэж боддог. Сонин байж магадгүй л дээ. Хэзээ нэг өдөр болох ч юм бил үү. Кинонд тоглох юм сан гэж боддог. Гэхдээ монгол киноноос илүү холливүүдийн кинонд жижиг дүр бүтээчих юм сан гэж бас боддог. Тэр болтол гэхдээ хаа ч байсан юм. Бодож явбал болох л байлгүй дээ.

Мэдээж өөрийг чинь дэмждэг олон дагагч эргэн тойрныхон чинь байгаа, нөгөөтээгүүр шүүмжлэгчид ч бас байдаг байх. Таны урмыг тань хугалах таагүй үг сэтгэгдэл ирж байсан уу? Хэрвээ тийм бол та шүүмжийг яаж хүлээж авч ханддаг вэ?

-       Таагүй  сэтгэгдлүүд ирэх нь харьцангуй бага байдаг. Ихэвчлэн хурдан яриад байна, таргалцан байна гэх ч юм уу жижиг сажиг зүйлүүд л ирдэг. Гэхдээ ажил хийж байгаа болохоор шүүмжлэх хүмүүс бас байдаг.  Тэгж хий ингэж хий, маяглаад бай ч гэх юм уу. Тиймэрхүү шүүмжүүд ирдэг. Нээг их сүртэй хүлээж авдаггүй юм л хийж байгаа юм чинь ирэх нь ойлгомжтой.

Ер нь дэмжлэг, шүүмжлэл хоёрын аль нь их ирдэг вэ?

-       Дуртай шүү, дэмждэг шүү гэдэг хүмүүс зөндөө л байдаг. Гэхдээ хүн чинь бас их сонин тэр олон эерэг сэтгэгдлүүд дундаас сөргийг нь олоод харчихдаг. Битгий далдганаад хурдан яриад байгаач гэх ч юм уу тийм сэтгэгдлийг олоод уншчихаар арван сайхан сэтгэгдэл байсан ч тиймхэн л байдаг. Бусдаар бол дэмждэг хүмүүс олон байгаа  болохоор баяртай байдаг.

Олон нийтийн сүлжээнд ирж буй хандлагуудаас тааламжтайд нь ташуурчихгүй, таагүйд нь хугарчихгүй явах нь бас чухал. Таны баримталдаг зарчим чинь юу вэ?

-       Амьдралын  зорилгоо одоохондоо  олж харж чадаагүй л байна.  Гэхдээ хүнд буруу үлгэр дуурайлал үзүүлэхгүй,  хүмүүст хэрэгтэй хүн байхыг хүсдэг. Ганц хоёр бараа материал зарахаас илүү боловсрол зардаг гэдэг шиг хүнд аль болох  хэрэгтэй зүйл хийхийг эрмэлзэж явна даа. Буцаад сайн үйл биш юм аа гэхэд буянтай л амьдарч байвал болоо доо.

Олон ажил хэргийн хамтрагчидтай уулзаж ажил ярилцана. Таны хувьд ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ. \Сар, жил, өдрөөр нь\

-       Ер нь бол хувийн төлөвлөгөө гэж гаргадаг. Одоогоор хоёр жилээр гарчихсан байгаа. Төлөвлөгөөнийхөө биелэлт дээр долоо хоног, сараар нь төлөвлөөд ажиллаад явдаг. Зарим гоё боломжууд гарч ирээд төлөвлөгөөг өөрчлөх тохиолдол байна. Заримдаа санаснаар бүтэхгүй үе ч бас байна. Төлөвлөгөөнийхөө дагуу ажиллахын тулд өдөр өдрөөр нь нарийвчлан гаргаж ирдэг.

Ер нь ажил хэргийн хамтрагч гэлтгүй хүмүүсийг өнөө цаг үед ямар байгаасай гэж хүсдэг вэ? Ажилдаа тэгж хандаасай ч юм уу. Хандлагаа тэгээд өөрчилчихвөл ч юм уу?

-       Миний дуртай төрлийн хүмүүс бол хариуцлагатай хүмүүс. Хариуцлагатай өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй, санаачилгатай хүмүүст дуртай. Аль болох эргэн тойрноо тийм хүмүүсээр хүрээлүүлэхийг хичээдэг. Би ингэмээр байна, тэгмээр байна, байгаа зүйлээ ийм болгоод өөрчилчихвөл гээд тэрнийхээ араас үйлдэл хийдэг үнэнч хариуцлагатай хүмүүс таалагддаг. Тийм хүмүүстэй хамт байхаар суралцаад мотиваци аваад явдаг.

Хариуцлагатай хүмүүс таалагддаг гэж ярилаа. Таны хувьд хэр хариуцлагатай хүн бэ?

-       Би  хариуцлагагүй байгаад энд сууж байх уу. \инээв\.  Би чинь бас гайгүй ээ. Хариуцлагатай байх нь өөрөө модон ойлголт л доо. Хариуцлагатай байдал гэж юуг хэлээд байгаа юм түүнийгээ тодорхойлох хэрэгтэй байх. Миний хувьд цаг барьдаг, хэлсэндээ хүрч чаддаг, чадахгүй бол чадахгүйгээ хэлэх, ер нь хүний ажилд төвөг удахгүй байхыг л хариуцлагатай байдал гэж тодорхойлно. Би ч бас тийм зарчмаар ажилладаг гэж өөрийгөө дүгнэдэг болохоор бусад хүнээс  бас тийм хүлээлт тавиад байдаг. Тэр хүлээлтэд минь хүрч чадвал өө миний ганц гээд л улам хүндэлдэг. Гэхдээ заавал хариуцлагатай байх албагүй л дээ. Тэглээ гээд муу хүн болчихгүй.

 

Цаг хугацааг ухраагаад бага нас руу чинь очъё. Багадаа ямархуу хүүхэд байсан талаараа ярих уу. Тухайн үед ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог байсан бэ?

-       Би багадаа маш олон мэргэжилтэй хүн болно гэж боддог байсан. Дуучин жүжигчин , боксчин, зураач, тогооч, шүдний эмч гээд бүх төрлийн мэргэжил эзэмшчихсэн төгс хүн болно гэж боддог байсан. Хүүхэд байхдаа дуулж бүжиглэх сонирхолтой цовоо хүүхэд байсан.  Аав ээж хоёр маань ч намайг их дэмждэг “Өө Анар аа гарын үсгээ өгөөч” гэх мэтээр тоглодог байсан. Тэр нь одоо ч гэсэн миний  дотор өшөө гоё юм хийе, том юм хийе ирээдүйд болгоно гэсэн хүсэл зорилго төрөөд багтаад байдаг нь аав ээж хоёрын маань надад бага насанд минь үлдээсэн хүмүүжил өөртөө итгэх итгэлийг өгсөн юм болов уу гэж боддог. Нөгөөтээгүүр аав минь логик сэтгэлгээгээр аливаа зүйлийг ойлгуулахыг оролддог байсан. “Нар хиртэхээр  яадаг юм бол оо”  гэж асуухаар эргүүлээд “чи яадаг гэж бодож байна” гэх маягаар надаар ухуулж бодуулдаг. Тиймэрхүү логик сэтгэлгээ,  бүтээлч байдлыг зөвөөр хөгжүүлж суурийг минь сайн тавьж өгсөн гэж хардаг.

Өөрийн чинь хувьд тэр үед тэгчихгүй яав даа гээд өнгөрсөнд харамсаж байсан удаа бий юу?

-       Гайгүй дээ. Нээх их харамсаад байх юм харьцангуй бага байдаг. Би ер нь өнгөрсөн гэхээсээ илүү ирээдүйдээ санаа зовж амьдардаг юм шиг санагдсан. Одоо хийхгүй бол ирээдүйд маань болохоо байх гээд байгаа юм шиг санагдаад зүгээр сууж чаддаггүй. Өнгөрсөнд үлдсэн алдаа, оноо болгон өнөөдрийн намайг бүтээчихсэн байгаа болохоор тэрэнд талархаад дараагийнхаа алдааг гаргахгүй байхыг л хичээдэг.

Танай гэрийнхэн өөрийг чинь хэр дэмждэг вэ. Тусалж дэмждэг хүмүүстээ хандаж сэтгэлийнхээ үгийг дамжуулбал?

-       Үнэнийг хэлэхэд яг сургалтынхаа төвийг нээхэд  гэр бүлийн зүгээс ямар ч тусламж дэмжлэг байгаагүй. Манай аав намайг 11 настай байхад ээж маань найман настай байхад бурхан болж байсан. Тэрнээс хойш би ганцаараа бие даагаад л  явах болсон. Арванзургаан настайгаасаа эхэлж ганцаараа амьдарч эхэлсэн.  Мөнгөө олоод хичээлдээ яваад, түрээсээ төлөөд, хоолоо олж идээд амьдардаг байсан. Хамаатан садан ах дүү нар байсан ч тэд нартайгаа өөрөө нээх их дотно биш байсан болохоор мөнгө төгрөг аваад ч юм уу, сэтгэл зүйн хувьд ч гэсэн дэмжлэг аваад байсан юм бол байхгүй.

Яг сургалтын төвөө нээж байхад тоотой хэдэн хүн л тусалж байсан.  Ширээ маань ирэхгүй гацаж байсан үед ширээ түр зээлэх ч юм уу.

 LETU Mongolia гээд манай сургуулийн захирал болон багш нар маань надад тусалж дэмжиж байсан. Тухайн үед хамт эхэлж байсан найзууд бичлэг хийгээд явж байсан хүмүүс минь байгаа. Мэдээж хэцүү үед дэргэд минь байж, тусалж дэмжсэн хүмүүстээ баярласнаа хэлэх нь зүйтэй байх.  Бусдаар бол тэр маань энэ маань гээд байх хүмүүс байхгүй.

Өөртөө хайртай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ таны бодлоор. Та өөртөө хайртай хүн мөн үү?

-       Эрхлүүлэх цагтаа зөв эрхлүүлээд бусад цагтаа бага багаар хөгжүүлж байх нь хайр юм болов уу. Хэтэрхий өөрийгөө эрхлүүлж байна гээд янз бүрийн амттан авч идээд унтаж хэвтээд байхыг хэлэхгүй байх. Миний хувьд дасгал хөдөлгөөн хийж, хааяадаа амралтаа аваад хөдөө уул хад руу гараад алхаж байгаа минь бас өөрийгөө хүчилж бясалгал хийж байгаа нь нөгөөтээгүүр сэтгэл санаагаа тайван байлгахын тулд хийж байгаа хайрын нэг хэлбэр юм болов уу. Тэгэхгүй зөвхөн ажил, хичээлээ хийгээд өөрийгөө гаргуунд нь хаяад явахаар сэтгэл зүйн хувьд  хямардаг бие маань ч дийлэхгүй байх. Нэгдүгээрт эмэгтэй хүн, хоёрдугаарт хорин настай. Одоо бол өөрийгөө хайрлаж, өөртөө талархаж, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж сурч байгаа. Бас сул талаа хүлээн зөвшөөрөөд тэрийгээ бага багаар өөрчилж сурах нь нэг талаараа бас  хайр гэж бодож байна.

Цаашдын зорилго төлөвлөгөө юу байна.

-       Хол ойрын зорилгууд нэлээдгүй байна. Дундаас нь шинэ боломжууд гарч ирээд өөрчлөгдөөд байдаг. Саяхан шинэ төрлийн аяллын нэвтрүүлэг гаргана гэж бодож байгаа. Тэр маань ер нь хэрэгжих нь тодорхой болоод явж байна. Цаашлаад контентууд дээрээ өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийгээд явах бодолтой байгаа. Ирээдүйд холын зорилго гэх юм бол медиа компанитай болох. Хөдөлшгүй зорилго гэвэл ийм л байна даа.  

 Б.Отгонзаяа

 

Ярилцлага

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.