| | USD/MNT 0₮

АСУУДАЛ: Сургуулиас нэхэж буй олон төрлийн ТАТААС айл өрхүүдийг ХООЛГҮЙ ХОНУУЛЖ БАЙНА

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн нуруун дээрх хүнд ачаа найман сараас эхэлдэг  нь нууц биш. Хүүхдүүдийнхээ сургуулийн бэлтгэлийг бүрэн хангаж 9 сарын нэгэнд жин тан сургуулийн босго давуулсан эцэг эхчүүд долоо хоногийн дараагаас эхлэн татлага татаасанд  дарагдаж эхлэх нь тэр. Эцэг эхийн хурал гэх үг тэдэнд за мөнгөө нэхэх гэж байна  гэж бодогдох нь олонтаа. Эцэг эхийн хурлын үеэр энэ жилийнхээ бүх л зардал, тооцоог ярьж өрнөнө. Ерөнхий боловсролын 41 хүүхэдтэй ангийн нэг хүүхдэд ноогдох улирлын хувьсах зардал 200 мянган төгрөг хүрэх нь энүүхэнд.

Тодруулбал:

·         Анги засвар-50.000

·         Намрын эксесур хичээл / намрын аялал/ - 40.000

·         Анги цэвэрлэгээ- 25.000

·         Биеийн тамирын хослол- 60-70.000 төгрөг

·         Багшид принтер, хор, хичээлийн хэрэгслийн бэлтгэл / түүнд: бичгийн цаас, ламинатор, принтерийн хор зэрэг багтана.../ -30.000 зэрэг нийт  зардал  дунджаар нэг  хүүхдийн 215.000 төгрөг болно. Гэтэл энэ нь зөвхөн нэг улирлын зардал юм.

Мөн 1-5-р ангийн сурагчдад IQ-ийн хичээл долоо хоног бүр орно гэж жилийн 80.000 төгрөг хурааж авдаг ч тус хичээл нь бусад хичээлүүдтэй мөн ижил хуваарийн дагуу орж хүүхдүүдэд нэг хайрцагтай тоглоом тарааж нүдийг нь хуурдаг. Энэ нь яг ямар учиртай болохыг эцэг эхчүүд илүү тунгааж ойлгохоос ч төвөгшөөдөг аж.

Угтаа бол салбарын яамнаас ХАНДИВ нэрийн дор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас мөнгө авахыг хориглосон шийдвэр гаргасан ч бодит байдал дээр эл шийдвэр огтоосоо ч хэрэгждэггүй.

Багш нар БИ МӨНГӨ ХУРААХГҮЙ ШҮҮ” гэж нүүрээ хааж, нэрээ аврах хэдий ч энэ ажлыг эцэг эхийн зөвлөл гүйцэлдүүлдэг нь уламжлал. Өрхийн орлого бага, боломжгүй айлын эцэг эхчүүдэд эдгээр татаас нь бас нэгэн ачаа, дарамт болдог бөгөөд Өгөхгүй бол хүүхэд дарамтад орно, гадуурхагдана гэх айдас дунд өгөхөөс өөр аргагүй байдалд орж дуртай дургүй мөнгөө хураалгадаг.

Энэ нь залуу гэр бүл, олон хүүхэдтэй өрх мөн түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй, хагас өнчин зэрэг олон өрхүүдэд нэг өдрийн хоолны мөнгөнөөсөө хугаслан тэрхүү татаасуудыг өгч буй нь  хоолгүй хоноход хүргэж байна.

 Мөн ерөнхий боловсролын сургуульд суралцдаг нэг хүүхэдтэй айл, таван хүүхэдтэй айлуудын хооронд асар том зөрүүтэй. Жишээлбэл:

ü  Иргэн А эхнэр нэг хүүхдийн хамт амьдардаг. Тэдний хүүхэд Ерөнхий боловролын 1-р ангийн сурагч. Тэд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд хоёулаа  хөдөлмөр эрхэлдэг. Ингээд сургуульд орсон хүүхдийнх нь нэг улирлын зардал 215.000 төгрөгийг иргэн А-гийнх төвөггүй гэгч нь хураалгана.

ü  Харин Иргэн Б эхнэр таван хүүхдийн хамт амьдардаг. Тэдний хамгийн том хүү нь Коллежид суралцдаг бол удаах гурав нь Ерөнхий боловсролын 2-5 ангийн сурагч, харин хамгийн бага нь улсын цэцэрлэгт хамрагдсан. Тэднийх олон бага насны хүүхэдтэй учир ээж нь хүүхдүүдээ зөөж, гэрийн даалгаварыг нь хийлгэх албатай бол зөвхөн аав нь ажил хийж өрх гэрийнхээ зардлыг, сургууль цэцэрлэгийн зардлуудтай хамтад нь даван туулна. Тэгвэл зөвхөн ЕБС-ийн гурван хүүхдийн ар араасаа нэхэгдэх зардал нэг хүүхдийн 215.000 гэж үзвэл тэд нийт 645.000 төгрөгийг нэг улиралд хураалгана. Үүн дээр коллежийн хүүхдийн хамгийн наад захын зардал автобусны мөнгө, өдрийн хоол. Нийгэмд бүх зүйлийн үнэ нэмэгдсэн маш өндөр өртөгтэй энэ үед дээрх бүх зардлыг ганцхан хүний цалингаар хэрхэн зохицуулах вэ. Энэ л тус айлын хамгийн том дарамт болоод буй юм.

Уг нь Улсын Ерөнхий боловсролын сургууль нь жилийн төсөв санхүү, хувьсах зардалаа улсын төсвөөс хэдэн тэрбумаар нь батлуулж авдаг атал яагаад эцэг эхчүүдээс ТАТЛАГА, ТАТААС дахин дахин татаж хүндрэл, дарамт учруулсаар байна.

Эцэг эхчүүдийн Бяцхан үрээ бүлтэлзүүлэхгүй юмсан гэсэн бодлын үзүүрт энэ асуулт үргэлж хадаастай л байдаг. Мөн бага ангийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцасны жигдрэлт улсад болон тэр сургуульд бүр цаашлаад тус ангид ямар шаардлагатай талаар нэг ч эцэг эх дурьддаггүй. Хүүхдүүд энгийн улаан цамц, өмдөө өмсөөд биеийн тамирын хичээлдээ орох нь юунаас дутна гэж. ЕБС-д формыг хүүхдүүдийн дунд ялгаварлал үүсгэхгүйн тулд жигдрүүлж өмсгөдөг. Тэгвэл энэ хэрэгжилт биеийн тамирын хувцас дээр яагаад хэрэгжиж болохгүй гэж. Хүүхдүүд зүгээр л 30 мянгын үнэтэй улаан, цэнхэр хослолоо өмсөөд  орог л дээ. Тэгвэл эцэг эхчүүдэд ирэх дарамт нэгээр ч гэсэн буурах нь тэр. Үнэтэй хувцасаар жигдрээд хурдан гүйж, илүү хурдан суниаж, сайн гоол оруулахгүй нь тодорхой. Тиймээс энэ асуудлыг цэгцэлж шийдэх цаг нь нэгэнтээ ирсэн байна. Ажилгүйдэл, ядуурал үнийн өсөлт гээд болж бүтэхгүй бүхэн нүүрлэсэн энэ нийгмийг залж залруулах ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэж буй ерөнхий боловсролын байгууллага нэр цэвэр, мөр бүтэн байгаасай. 

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (43)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.