| | USD/MNT 0₮

Г.НЯМДУЛАМ: БАРИЛГЫН САЛБАРТ ОЛОН МЯНГАН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭН ГАРГАДАГ Ч ГАДНЫ ОРОНД АЛДААД БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ

Өдгөө 70 жилийн түүхийг бүтээж, олон мянган барилгын салбарын боловсон хүчнийг бэлтгэн гаргаж буй ууган сургуулиудын нэг бол Барилгын коллеж юм. Тус сургууль нь жил бүр 2000 гаруй хүүхэд элслүүлж, 800 гаруй суралцагчийг төгсгөн үйл ажиллагаагаа явуулж байгаа барилгын төрөлжсөн сургууль юм. Тэрбээр сургуулийн нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудлын талаар Барилгын коллежийн захирал Г.Нямдуламтай ярилцлаа.

-Төгсөгчдөд ажлын байранд хийх ёстой ажлаас нь өөр ажил хийлгэснээс болж барилгын салбарт ажиллах хүсэлгүй болж байна-

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе?

Баярлалаа. Танд ч бас энэ өдрийн мэнд хүргэе.

-70 жил гэдэг багагүй хугацаа. Сургуулийн барилга нэлээд хуучирсан харагдаж байна. Сүүлд хэзээ засвар хийгдсэн бэ?

Манай сургууль өмнө нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа байсан. Одоо бол БШУЯ-ны харъяанд ирээд жил гаруй хугацааг өнгөрүүлж байна. Сүүлийн жилүүдэд ганцхан манай сургууль биш мэргэжлийн боловсролын сургуулиудад урсгал засвар болон их засварын төсөв хувиарлагддаггүй байсан. Манай сургуулийн хувьд бол мэдээж их засварын ажлын өөрсдөө хийж чадахгүй. Гэхдээ барилгын сургуулийн хувьд оюутнууд маань хичээлийн дадлагын хүрээнд барилгын засварыг шинэчилж засварлаад явж байгаа. Манай сургууль хичээлийн олон объеокттой. Дадлагын байр хичээлийн хоёр байр гэх мэт. Энэ байрнуудын засварын ажлыг хичээл дадлага болон төгсөх ангийн суралцагчдын ур чадварын шалгалтын явцад хийж засварладаг юм.

-Танай сургуулийн хувьд гол тулгамдаж буй асуудал юу байна вэ?

Энэ жил боловсролын багц хууль шинэчлэгдэж, шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Сургууль өөрсдөө орлого олох боломж бүрдсэн. Өмнө нь бол их хэцүү байлаа. Орлого олсон хэдий ч тэрийгээ захиран зарцуулах эрхгүй байсан. Тэгэхээр олсон орлогоо өөрсдөө захиран зарцуулдаг болсон нь авууштай.

-Танай сургуулийг төгсөж гарч байгаа суралцагчид ажлын байраар хэр хангагдажж байгаа вэ?

Манай төгсөгчдийн хувьд бол төгсөөд шууд ажлын байран дээр 100 хувь гардаг. Нэг үеэ бодоход одоо өөр болсон. Насны хувьд бага, ажлын дадлага туршлага муу гэх мэт асуудал байсан. Манай сургуулийн хувьд 1000 гаруй хүүхдийг уртын дадлагад гаргаж байна. Суралцагчид ажлын дадлага туршлагын хувьд маш сайн болж байгаа. Ямар ч газар очсон туршлагын хувьд гологдохгүй.

-Төгссөн хүүхдүүд ажлын байран дээр гарахад цалин өгөхгүй гэх шалтгаанууд байдаг. Энэ тал дээр ажил олгогчид хэр хандлагатай байдаг вэ?

Энэ хамгийн хүндрэлтэй зүйл. Төгсөгчид ажлын байран дээр гарахад тухайн аж ахуйн нэгжж буюу ажил олгогчид журамд зааснаас өөр ажил хийлгэх цаг тухай бүрт нь цалин мөнгийг нь өгөхгүй байх гэх мэт асуудлаас болж шинээр ажлын байранд очсон төгсөгчид ажил хийх сонирхолгүй, урам зориггүй болох гэх мэт хүндрэлдүүд байдаг. Ер нь бол нурууг нь авчихдаг гэж хэлж болно.

-Барилгын салбарт ажжиллах хүн байхгүй, цалин бага гэх асуудал байдаг?

Манай сургуулийн хувьд хүүхдүүдээ сурч байх хугацаанд гурвалсан гэрээ байгуулдаг. Яагаад гэхээр манай суралцагчид 9-р анги төгсөөд манай сургуульд элсэж байгаа учир насанд хүрээгүй байдаг. Тиймээс сургууль болон эцэг эхчүүд, ажил олгогч аж ахуйн нэгжтэйгээ гэрээ байгуулснаар хүүхдүүдээ ажиллуулдаг байгаа. Гэрээ хийж ажиллаж байгаа учир цалингийн асуудал дээр маш сайн тохиролцож ажилладаг. Гэхдээ яахав барилгын салбарын цалин манай улсын зах зээлийн хувьд бага нь бага шүү.

-Монгол ажилчид барилгад ажиллахгүй байгаагаас шалтгаалан Хятад улсаас ажилтан авчран барилгад ажиллуулдаг. Манай барилгын салбарын төгсөгчид Хятад ажилчдаас ур чадварын хувьд муу байгаад байна уу?

Гадны ажилчдаас ур чадвартын хувьд манай улсын барилгын салбарын боловсон хүчин дутах зүйл үгүй. Хятад ажилчид ажиллуулж байгаа шгалтгаан нь тухайн аж ахуйн нэгж буюу барилгын компанийн л асуудал юм.

-Ер нь манай залуучуудын гадаад руу гарч ажиллах нь түгээмэл үзэгдлийн нэг. Гадаадад очоод барилгад ажиллах тохиолдол олон байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

Энэ бол бидний хамгийн их сэтгэл зовоосон асуудал байна л даа. Ялангуяа барилгын салбарт боловсон хүчин бэлтгэж гаргадаг сургуулийн хувьд сэтгэл зовон, харамлах сэтгэл төрөөд байдаг юм. Боловсон хүчин бэлтгээд байдаг гадагш нь алдаад байвал энэ улсад хэн ажиллаж үлдэх юм. Энэ тал дээр төр засаг бодлогоор зохицуулах л хэрэгтэй. Барилгын ажилчдын цалин бол ний нуугүй хэлэхэд бага шүү дээ. Тиймээс цалин мөнгөний асуудал дээр анхаарч үзэх нь чухал юм.

-Ярилцсанд баярлалаа

 

 

 

 

 

 

Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.