| | USD/MNT 0₮

Газар нутгаа зарсан хэргээр Хоригдож буй Х.НЭХИЙТ шагнал гардуулан ТОЙРГОО УСАЛЖ ЯВНА

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт, Ш.Энхжаргал нарыг хууль бусаар БНХАУ-ын компаниудад өндөр үнээр газар эзэмшүүлсэн хэргээр 2023 оны арванхоёрдугаар сард цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Х.Нэхийт нь нийт 60 га газрыг дөрвөн компанид, Ш.Энхжаргал 59.1 га газрыг Хятад эзэнтэй дөрвөн компанид тус тус эзэмшүүлсэн аж.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдөр шүүхээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийтийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг хүлээн авсан. Харин Ш.Энхжаргалыг үргэлжлүүлэх хорих саналаас татгалзаж шийдвэрлэсэн.

Гэвч, Нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хоёрдугаар сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн нэг сар хоригдох прокурорын саналыг хүлээн авсан атал Х.Нэхийт Ханбогд суманд шагнал гардуулж явна.

Тодруулбал, Х.Нэхийт нь хоёрдугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд XVII жарны "Хилэнт Эх" хэмээх хөх луу жилийн сар шинийн баярт зориулсан баярын хурлын үеэр Засаг даргын нэрэмжит шагнал гардуулж, тайзан дээр зогсож буй бичлэг тус сумын фейсбүүк хуудаст шууд дамжуулалтаар хүрчээ.

Эргэн сануулбал, “Хуулийн байгууллагаас Ханбогд суманд гүйцэтгэх ажиллагаа явуулж эд хөрөнгө хурааж, заримыг нь цагдан хорих ажлыг явуулсан. Энэ үеэр Х.Нэхийтийн гэрээс 12кг алт гарсан гэх мэдээлэл цацагдсан ч тэрбээр “Захиалгатайгаар харлуулж байна, 12кг алт гарсан асуудал байхгүй” хэмээн үгүйсгэсэн байдаг.

Мөн тэрбээр цахим хуудсаараа дамжуулан "Манайх дэлгүүр ажиллуулдаг. Гэр, дэлгүүрээс 13 сая төгрөг хураан авч, эх үүсвэр тодорхойлохоор аваад явсан. Дэлгүүртээ зарахаар авчирсан найман ширхэг мөнгөн аяга, үйлдвэрийн мөнгөн аяга, гар хийцийн гурван ширхэг аяганы эх сурвалжийг батлахаар хураан авсан нь үнэн. Мөн албан ширээний нүдэнд байсан 860 мянган төгрөгийг авч явсан” хэмээсэн билээ.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.