| | USD/MNT 0₮

Германы Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр 10 жилийн дараа Монгол улсад айлчилж байна

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал өнөөдөр /2024.02.07/ эхэлнэ. Германы Ерөнхийлөгчийн манай улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буй "улс төрийн өндөр ач холбогдолтой” гэдгийг судлаачид онцолж байгаа юм.

Сонирхуулахад, анх 1998 онд Германы Ерөнхийлөгч Роман Херцог манай улсад анх айлчилсан бол Ф.В.Штайнмайер Монгол Улсад айлчилсан ХБНГУ-ын дөрөв дэх Ерөнхийлөгч болж байна.

-ХОЁР УЛС ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГАА ШАТ АХИУЛЖ МАГАДГҮЙ-

Энэ удаагийн айлчлалын үеэр Монгол, Германы "Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулах" баримт бичигт гарын үсэг зурж магадгүй байгаа. Учир нь манай хоёр улс “Харилцааны үндсийн тухай Монгол Улс, ХБНГУ хоорондын хамтарсан тунхаглал”-ыг 1995 онд анх байгуулсан. Энэхүү тунхаглалдаа хоёр орны харилцааны үндсэн зарчим, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлсон байдаг. Харин 2008 онд “Иж бүрэн түншлэлийн харилцааны тухай Монгол Улс, ХБНГУ хоорондын хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан.

Иймд энэ удаа "Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулах" баримт бичигт хоёр улсын төрийн тэргүүн гарын үсэг зурж магадгүй байгаа юм.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү гуай Германы төрийн тэргүүний манай улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь “хоёр улсын ирэх 50 жилийн хамтын ажиллагааны алсын харааг тодорхойлсон айлчлал байх болно" хэмээн онцолж байгаа. Герман бол дэлхийн дөрөв дэх, дэлхийн хамгийн том эдийн засагтай, манай улсын гуравдагч чухал түнш гэдгийг судлаачид энэ өдрүүдэд тэмдэглэж байна.

-Ф.В.ШТАЙНМАЙЕР 10 ЖИЛИЙН ДАРАА ГЕРМАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУВИАР МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА-

Ф.В.Штайнмайер нь ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн 2017, 2022 оны сонгуульд ялалт байгуулж Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй эрхэм юм. ХБНГУ-ын Ерөнхийлөгчийг 5 жилийн хугацаатай олонхын саналаар сонгодог ба нэг удаа дахин улиран сонгогдох боломжтой байдаг. Иймд 2017 оны хойш ХБНГУ-ын Ерөнхийлөгчөөр Ф.В.Штайнмайер сонгогдон ажиллаж байгаа юм.

Тэрбээр тус улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа 2014 онд болсон "манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой"-н хүрээнд монголд анх

айлчилж байсан юм. 2014 онд хийсэн Ф.В.Штайнмайерын айлчлалын үеэр, "хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид эдийн засаг, ашигт малтмал, байгаль хамгаалал, байгаль орчинд ээлтэй технологи, сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү хөгжүүлэх"-ээр хоёр тал тохиролцож байсан юм.

Товчхондоо, Ф.В.Штайнмайер манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоор Германы гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчилж байсан бол өнөөдөр  /2024.02.07/ хоёр орны харилцааны 50 жилийн ойгоор ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн хувиар хоёр дахь удаагаа манайд айлчилж байна.

Ф.В.Штайнмайерын ХБНГУ-ын Гадаад харилцааны сайд байхдаа манай улсад айлчилж байх үеийн гэрэл зураг. 2014.07.07

Ф.В.Штайнмайерын ХБНГУ-ын Гадаад харилцааны сайд байхдаа манай улсад айлчилж байх үеийн гэрэл зураг. 2014.07.07

ХБНГУ-д төрийг удирдах дээд эрх нь Холбооны канцлерт төвлөрдөг бол Ерөнхийлөгч нь Германы улс төрийн эрх мэдэл багатай албан тушаал юм. Харин төрийн тэргүүний хувиар хуульд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болгох, хориг тавих, уучлал үзүүлэх эрхтэй. Мөн гадаад оронд улсаа төлөөлдөг тул ХБНГУ-ын Ерөнхийлөгч гадаад айлчлалыг идэвхтэй хийдэг байна.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.