| | USD/MNT 0₮

Нисэхийнхэн 100 жилийн ойгоороо олон ангит кино хийнэ

Монгол улс анх удаа 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр “Ю-13” онгоцыг хөөргөж, агаарын зам нээснээр дотоодын нисэхийн салбарын түүх эхэлжээ. Энэ цагаас монгол залуус цэргийн болон иргэний зориулалтын онгоцуудыг чадварлаг эзэмшиж, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 онд болсон хилийн тулгаралтуудад оролцож явсны зэрэгцээ XX зуунд сансарт хүнээ нисгэсэн Ази тивийн анхны улс болсон юм. Тэгвэл 2025 онд тохиох 100 жилийн ойг угтан нисэхийн салбарынхан олон ангит кино хийхээр болжээ. Иргэний нисэхийн үндэсний төвөөс энэ оноос бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд кино зохиолчид болон кино зохиолд сэдэв, санаа, сонирхолтой үйл явдлууд, түүхээ тусгах хүмүүстэй энэ амралтын өдрүүдэд уулзалт зохион байгуулахаар болсон байна. Ингэхдээ бямба гарагийн 14-22 цагийн хооронд, ням гарагийн 09-16 цагуудад кино зохиолын багийнхан нисэхийн салбарт ажиллаж байсан хүмүүстэй нээлттэй  уулзаж, кино зохиолд орохоор шалгарсан түүхийн эздэд Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын нэрэмжит шагнал гардуулах гэнэ. Сонирхуулахад, манай улс БНМАУ-ын нисэхийн хүчний 60 жилийн ойд зориулж 1973 онд “Цэлмэг тэнгэрийн харуул”, 1987 онд “Би нисэх дуртай” киног тус тус бүтээж байсан юм.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.