| | USD/MNT 0₮

Эмэгтэй хүний мөн чанарыг тод илтгэх “Юлий Цезарь Клеопатра” жүжиг

Усыг зөөлөн гэж андуурав аа! Хөлдөж хатуу төлөвтэй болно. Бударч ширхэглэнэ. Үерлэж сөнөөнө. Усыг зөөлөн гэж андуурав даа!

“Юлий Цезарь Клеопатра” жүжгээс түүхэн хатны дүрээр эмэгтэй хүний мөн чанарыг харуулах гэж  Нобелийн утга зохиол, Оскарын шагналт Бернард Шоу үзэглэсэн гэмээр. Клеопатра бол Египетийн сүүлчийн Фараон юм. Түүнийг төр барьж байх үед Ром улс дэндүү хүчирхэг болсон цаг үе байжээ. Улсынхаа тусгаар тогтнолын төлөө Ромын удирдагчидтай үүсгэсэн улс төрийн болон амраглалын ярвигтай харилцаанууд нууцлаг үлдсэн байдаг. Түүний хаан ширээнд суусан цагаас  амиа алдах хүртэл түүхийг тус жүжигт өгүүлсэн юм. Английн зохиолч Бернанд Шоу болон Улильям Шекспир нарын ижил нэрт зохиолыг нэгтгэн “Монгол театр”-ын хамт олон Монголд анх удаа тайзнаа толилуулж байна. Соёл, урлагийн салбарт, тэр дундаа тайзны урлагт шинэ өнгө төрхийг бий болгох мөн шинэ үеийн үзэгчдийг соён гэгээрүүлэх, оюуны хөтөч байх зорилготой байгуулагдсан театр аж. Тус жүжгийг СТА А.Чингүн найруулсан ба элдэв зангилаа байхгүй тул анх удаа театрын жүжиг үзэж буй болон шинэ үеийн залуус гол санааг саадгүй ойлгохоор байв. Найруулагчид жүжгээ гоё болгох гэж зангидаад бүр утгагүй болгох нь олонтоо. Аянга ниргэлтийг гэрлээр дүрсэлж, хөдөлгөөнт тайзны засалтууд нь өвөрмөц, шинэхэн. Театрын үүднээс эхлэн эртний Египетийн бурхдын манекен угтаж, хана баримлуудыг жүжгийн он цаг соёлыг илтгэн бүтээсэн нь олныг алмайруулжээ.  Яг л Эртний Египетийн түүхийн музейд очсон уу гэлтэй. Үзэгч бүр театрын үүдний хэсэгт олон цагийг өнгөрөөж байлаа.

Хатан хаан Клеопатрагийн дүрд жүжигчин Н.Баярмаа хувирчээ.  Клеопатрагийн гэнэн дэггүй охиноос хүчирхэг хатан хаан болох эсрэг тэсрэг байр суурийг нэгтгэсэн түүнээс мэргэжлийн өндөр ур чадвар харагдана. Клеопатрагийн залуу амраг Марк Антонигийн дүрд хувирсан жүжигчин П.Баттөрийг “Тусгай салаа” ОАК-аас эхлэн олны нүдэнд туссан юм. Эхнэртээ хардуулаад гүйгээд байдаг даруу төлөв цэргийн дүр байдаг даа. Гэтэл энэ жүжигт биеийн хөгжил сайтайгаас гадна хүчирхэг баатрын дүр зохисон болохыг үзэгчдийн уур амьсгал илэрхийлж байлаа. Харин Ардын жүжигчин Б.Жаргалсайханы хоолойны өнгө тээр доор, шивнэх төдийд ярьсан ч орчныг цуурайттал тодорхой сонсогдож байсан нь угийн  театрын уран бүтээлч болохыг илтгэнэ. Потины дүрд МУСТА Д.Бямбацогт тогложээ. Түүний тоголсон “Ноён солиот” киног нь Монгол хүн бүр мэднэ гэхэд хилсдэхгүй биз.  Мөн залуу жүжигчин Х.Сумъяадорж “Бид нэг гэр бүл” ОАК-ын Итгэлийн дүрээр энэ өвөл олны анхаарлыг татаад амжсан. Тэгвэл тэрбээр “Юлий Цезарь Клеопатра” жүжигт Октавианы дүрд тоглосон ба театрт зохицох сайн уран бүтээлч гэдгээ нотоллоо гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна билээ.

Эцэст нь философич С.Молор-Эрдэнэ “Клеопатра хатан бол эмэгтэй хүнд байх ёстой бүх чанарыг агуулсан. Тухайлбал, гоо зүй, хайр энэрэл, эрдэм мэдлэг, ёс суртахуун гэх мэт. Эдгээр нь явсаар байгаад үеийн үед эмэгтэй хүн ямар байх ёстой талаар идеалийг дэлхий дахинд түгээж өгсөн юм” гэж өөрийн цахим сувагт нийтэлжээ. Иймд хүн бүр дэлхийн сонгодог оюуны бүтээлээс эмэгтэй хүний мөн чанарыг тольдох нь зүйтэй биз ээ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.