| | USD/MNT 0₮

А.ДАШНЯМ: ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТЭЭС ХОЙШ АЛБА ХААГЧДЫН СЭТГЭЛ САНАА ХҮНД БАЙНА

Нийгмийг цочроосон томоохон дэлбэрэл гарч, үүний улмаас долоон хүний эрдэнэт амь эрсэдсэн үйл явдал болсоноос хойш нэг сарын хугацаа өнгөрчээ.

Тодруулбал, Байгалийн хий буюу газ тээвэрлэж явсан автомашин /2024.01.24/-ны өдөр Дүнжингарав худалдааны төвийн авто зам дээр давхар эргэлт хийхдээ суудлын машинтай мөргөлдөж, дэлбэрэлт болсон. Үүний улмаас орон сууцны барилга, олон арван автомашин галд шатаж, долоон хүн амиа алдсан юм.

Тэгвэл Дүнжингаравын ослын үед болон ослын дараа юу болсон талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Хурандаа А.Дашнямтай ярилцлаа.

-Осол гарсан үед нийт хэдэн алба хаагч үүрэг гүйцэтгэж байсан бэ?

-Унтраах ажиллагаа дээр Нийслэлийн хэмжээний 11 ангийн 350 гаруй алба хаагчид оролцсон. Гурван цаг орчим хугацаанд унтраасан. Ингэснээр 830 айлын орон сууц, Глобал сургууль, Эм Жи Эс моторс гээд гурван том объектыг богино хугацаанд шуурхайлан хамгаалах ажлыг зохион байгуулсан.

-Тухайн ослын үед ажиллаж байсан алба хаагчдын эрүүл мэнд болон, сэтгэл санааны байдал ямар байна вэ?

-Одоогоор биеийн эрүүл мэнд хэвийн байгаа. Ослоос шалтгаалж алба хаагчдын сэтгэл зүйд нэлээн хүнд туссан. Ослын дараа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийх болон сэтгэл зүйн туслалцаа эмчилгээ хийлгэх ажлыг шат дараалалтай зохион байгуулсан. ОБЕГ-т хөтөлбөр хамгаалал аюулгүй байдлын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэх хүмүүс байгаа. Цаг тутамд биеийн байдлыг хянаад явж байсан гэсэн үг.

-ОДОО Ч ЗУРГААН ХҮН ГЭМТЛИЙН ЗЭРЭГТЭЙ ГАДААДАД ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА-

-Хэчнээн хүн энэ ослоос болж эмчлүүлж байна вэ?

-Нийт зургаан иргэн бэртэлтэй гэмтэлтэй байгаа ба одоогоор эмчлүүлж байгаа. Биеийн байдал тогтвортой байна. Эрүүл мэндийн байгууллага хянаад явж байгаа.

-Галын дүгнэлт нь гарсан уу?

-Гараагүй байгаа. Цагдаагийн байгууллага болон бусад холбогдох мэргэжлийн хүмүүс шалгаж байна.

-Амь насаа алдсан алба хаагчдын ар гэрт байр өгнө гэж байсан. Өгсөн болов уу?

-Өгсөн. Тухайн үеийн нөхцөл байдалд Монгол Улсын Шадар сайд, Хотын засаг даргын тамгын газрын төлөөлөл, ОБЕГ-ын удирдлагууд ажил явдалд нь оролцсон. Өнөөдрийн мэдээллээр хоёр алба хаагчийн ар гэр байранд орсон байгаа. Нэг алба хаагчийн гэр бүл орох бэлтгэл ажлаа хангаж байна.

-Наад талын газны машин биш цаад талаас гал гарч эхэлсэн камерын бичлэг байсан. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Тэрийг цагдаагийн байгууллага тогтоох байх. Хий алдагдсан нэг газраас галын эх үүсвэр гарсан нь тодорхой байгаа. Яг хаанаас гарсан бэ гэдгийг Цагдаагийн байгууллага тогтооно.

-Газ угаасаа дэлбэрэх нь ойлгомжтой байхад яагаад алба хаагчдыг гал руу оруулсан юм бэ гэж олон нийт шүүмжилж байсан шүү дээ.

-Мэдээж эхний газ алдагдаж, гал гарлаа гэсэн дуудлага манай дээр ирсэн. Энд Онцгой байдлын байгууллага өөрсдийн Монгол Улсад заагдсан стандартын дагуу л ажиллаж, гүйцэтгэсэн. Энд бол зөрчсөн юм байхгүй.

Мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.