| | USD/MNT 0₮

Э.Тодгэрэл: Шударга гэдэг үгийг энгэртээ зүүсэн залуугийн дүр үзэгчдэд их таалагдаж байна

МY CAREER-ийнхаа энэ удаагийн буланд жүжигчин Э.Тодгэрэлийг урьж оролцууллаа. Одоо тэрбээр аавын ажил хийгээд завгүй байгаа. 

Тэрбээр "Сити дээд сургуулийг мюзикл жүжигчнээр төгссөн. 2013 оноос 2019 он хүртэл УДЭТ-ын тайзны уран бүтээлчээр ажиллаж байгаад ковидоос хойш чөлөөт уран бүтээлч болсон. Хувь хүн өөрийгөө илүү сайн хөгжүүлэх, олон найруулагчтай ажиллах ч гэдэг юмуу дэлгэц талруугаа сонирхож эхэлсэн. Ерөнхийдөө хувийн асуудал байсан. Театрынхаа тайзан дээр гарах гоё хамт олондоо баярладаг. Манай театрын тайзны дээр Янжинлхам бурхан байдаг. Би амьтай гэж бодоод харж байгаад залбираад гардаг байлаа. Нэг л гоё уужраад явдаг. Хөшиг нээгдэнэ, хаана тэр бүхнээс эрч хүч авдаг байлаа.

Манай ээжийн ах урлагийн хүн болох нь гээд урлагаар нь явуулаарай гэсэн. Тэгээд хувь заяа төөргөөрөө урлагийн хүн болсон гэж боддог. Урлагийн хүн нэг амьдралаар амьдардаггүй. Олон амьдралаар амьдарна гэж боддог. Цагдаа ч болно нэг өдөр нь хулгайч ч болно. Дүрээрээ хүний сайхан эцэг ч болно хүний нууц амраг ч болно. Эсрэг дүр дээр ч гарна, эерэг дүр  дээр ч гарна. Үүгээрээ их онцлог. Маш гоё адал явдалтай мэргэжил. 

10 жилд байхдаа хэл уран зохиол ярих бичих талын хичээлдээ үнэхээр сонирхолтой. Анги хамт олноо урлагийн үзлэгт манлайлж, бүх юман дээр нь чирээд гардаг байлаа. Хэл уран зохиолын багш нар их урт шүлэг цээжлүүлдэг, цээжилсэн хүүхэд нь яваарай гэдэг байсан. Би хамгийн түрүүнд уншчихаад явдаг хүүхэд байлаа.  Ер нь их зожиг хүүхэд байсан. Найз нартайгаа нийлж тоглож нааддаггүй, хаалттай хүүхэд байсан. Одоо ч гэр амьтай, ажлаа дуусгаад гэр рүүгээ яарна. Эхнэр хүүхэд рүүгээ яарна. Миний хүү 4 сар хүрч байна. Хүүхэд ирэх ёстой цагтаа л ирдэг байх.  Дээр хүүхдийн тэнгэр байдаг байх гэж боддог. 

Манай эхнэр Японд барилгын инженер хийдэг. Тэнд ажиллаж амьдардаг. Би эндээ уран бүтээлээ хийдэг байлаа. Бид хоёр сошиалаар танилцсан. Нэг л өдөр тэндэхийн бүх ажлаа хаяад Монголд ирсэн. Энд ирлээ хамт амьдарлаа, удалгүй аав болсон. Бүх зүйл таарч тохирсон. Миний хүү аавдаа ирэх цагтаа л ирсэн дээ. Аав ээж хоёрыгоо бэлэн болсон цагтаа ирсэн, аавдаа аз олз омог бүх зүйлийг дагуулж ирсэн хүүхэд гэж бэлэгшээдэг. Хүүхэдтэй болсон цагаас хойш амьдрал үнэхээр амттай болж байна. Аав байхын үүрэг хариуцлагыг утгаараа мэдэрч байна даа. 

Фантастик продакшны Зура I, II, III гээд уран бүтээл бүр үзэгчдээ бэлдчихжээ. Хүмүүс хүсэн хүлээдэг болсон том төсөл болчихжээ. Үүн дээр Сэргэлэн гээд АТГ-ын комиссар болж дүр дээр ажилласан. Дүр нь өөрөө эерэг бөгөөд хүмүүст таалагдаж байгаа юм.  Өнөөдрийн нийгэмд хулгай хийдэг хүн луйварддаг хүн сайнаасаа илүү давамгай болчихсон. Авлигал хэрээс хэтэрчээ. Тэрний мөн чанар, галын шугаман дундуур чин үнэнч шударга гэдэг зүйлийг энгэртээ зүүгээд тэмцэж байгаа залуугийн дүр юм" гэлээ. 

 

 

 

 

My Career

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.