| | USD/MNT 0₮

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрны мэргэжлийн дүгнэлтийг өнөөдөр УОК-т хүргүүлнэ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоох замд осол гарч хүнд даацын автомашинд тээвэрлэж явсан шингэрүүлсэн хий дэлбэрсэн. Энэ ослоос хойш хоёр сар гарны хугацаа өнгөрчээ. 

Энэ сарын 4-ний өдөр Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг галд өртсөн дөрвөн барилгад хяналт шалгалт хийсэн дүгнэлтээ танилцуулсан. Ингэхэд "Edu" апартмент буюу 207-р байрыг "Газар хөдлөлтөд тэсвэргүй" гэж дүгнэсэн юм. 

Харин тус байрны оршин суугчид уг дүгнэлтийг ойлгомжгүй, тодорхой шийдэлд хүрээгүй гэж үзсэн тул өнөөдөр /2024.04.10/ УОК, Шадар сайд С.Амарсайханд шаардлага хүргүүлэхээр Сүхбаатарын талбайд цугларч, дараа нь Барилга, хот байгуулалтын яам /БХБЯ/ дээр очсон байна. 

Энэ талаар 207-р байрны оршин суугч Г.Ганчимэгээс тодруулахад БХБЯ-аас галд өртсөн дөрвөн барилгын мэргэжлийн дүгнэлтийг өнөөдөр УОК-т хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдсэн гэв. Иймд оршин суугчид УОК-оос ямар шийдвэр гарахыг хүлээхээр болсон аж. 

Хэрэв барилгыг нураах болбол эргэн барихад хэдий хугацаа шаардагдах, тэр хүртэл түрээсийн байрны асуудлыг яаж шийдвэрлэх зэрэгт оршин суугчид хариу хүсэж байгаа юм. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.