| | USD/MNT 0₮

Бригадын генерал Р.Отгонжаргал авлигын үүр уурхайг шийдэхээр ГЕГ-ын даргаар томилогдсон ч хоёр жил чимээгүй албаа хашиж байна

Цагаан сарын баярын үеэр 7000 гаруй хуурамч шил архийг илрүүлсэн гэж ЦЕГ мэдээлсэн. Үүнээс шалтгаалж гааль яагаад хуурамч архийг нэвтрүүлээд байна вэ гэх асуулт тавигдаж байна. Энэ тухай Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд “Манайд энэ төрлийн тоног төхөөрөмж байхгүй” гэж бидэнд хариулсан боловч маргааш нь “байгаа” гэж эргэлзээтэй худал хариулт өгсөн юм. Угтаа 2022 онд Улсын төсвөөс 19.9 тэрбум төгрөг тоног төхөөрөмж шинэчлэх зорилгоор тус байгууллагад олгосон. Мөн л тухайн мөнгийг юунд зарцуулсныг дарга С.Цэрэнчимэдээс тодруулахад “Ихэвчлэн газрын тос, уул уурхай шинжилдэг тоног төхөөрөмж авсан” гэдэг хариулт өгсөн. Тухайн салбарт 30 гаруй жил ажилласан мэргэжилтэн уул уурай, газрын тосноос хүний эрүүл мэнд чухал гэдгийг мэддэггүй бололтой.

Хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал гаалийн байгууллагатай шууд хамааралтай. "Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй" гэдэг уриатай газар. Гэтэл төв лабораторийн дарга ийн мэдээлэл өгч байхад яагаад Гаалийн ерөнхий газрын дарга Бригадын генерал Р.Отгонжаргал чимээгүй байна вэ?

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, Бригадын генерал Р.Отгонжаргалыг хоёр жилийн өмнө ГЕГ-ийн дарга гэх үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Ерөнхий сайдын зүгээс гаалийн удирдлагыг дотроос нь томилох нь авлигын үүр уурхайг шийдэж чадахгүй хэмээн үзэж, гадны хүн томилох шийдвэрийг гаргасан гэж мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр хууль хяналтын байгууллага, тэр дундаа цагдаагийн мэргэшсэн хүн очиж эмх цэгцэнд нь оруулах, авлига албан тушаалтнуудын ажлыг нэг бүрчлэн шалгах ёстой хэмээн үзэж Р.Отгонжаргалыг томилох нь зүйтэй хэмээн үзсэн аж.

Гэтэл хоёр жилийн хугацаанд тэрбээр авлигын үүр уурхайг илрүүлэхгүй ихэвчлэн чимээгүй албаа хашсаар байгаа нь анхаарал татаж байна. Эсвэл гаалийн ерөнхий газарт авлига, албан тушаалын зөрчил огт байхгүй байгууллага юм болов уу?

Сэтгүүлч: А.Булганчимэг 

Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.