| | USD/MNT 0₮

Д.Баатарсайхан:Төсвөөс зардал гаргуулж, төрд хохирол учруулдаг албан тушаалтнуудаар учирсан хохирлыг барагдуулдаг болно

 

Төрийн албанд анх орох иргэд шалгалт өгч тэнцсэн нь төрийн албан хаагч болдог. Энэ ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг уламжлалтай юм. Энэ жилийн хувьд төрийн албанд анх орох иргэдийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарыг дуустал явагдаж,  шалгалтыг ирэх арваннэгдүгээр сарын 11-25-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон.

Түүнээс гадна төрийн албаны хууль бус томилгооноос болж ажлаасаа халагдсан алба хаагчдыг шүүхийн шийдвэрээр ажилд нь эргүүлэн томилох, мөн ажилгүй байх үеийн цалинг нь төсвөөс биш ажлаас нь халсан албан тушаалтнаар төлүүлж байх хуулийг энэ жилээс эхлэн мөрдүүлж хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. 

Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхантай ярилцлаа.

 -Шалгалтыг гурван чиглэлээр авахаар болсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 -Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Энэ хуулиар төрийн албаны ерөнхий шалгалт гэж өгдөг болсон. Төрийн албаны шалгалтын бүртгэлийг энэ сарын 1-нээс цахимаар бүртгэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 1800 гаруй иргэн бүртгэлд хамрагдсан байгаа. Энэ нь иргэдийг төрийн албанд шууд томилох шалгалт биш. Ерөнхий шалгалт өгөөд нөөцөд орсон иргэн дараа нь албан тушаалын буюу тусгай шалгалт өгөх чиг үүргийн зохицуулалттай болсон. Ерөнхий шалгалтыг гурван чиглэлээр өгнө. Эдгээр гурван шалгалт тус бүртээ босго оноотой. Тухайлбал, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, түүх, соёл, мэдээллийн технологийн мэдлэгийн агуулга багтах бөгөөд энэ шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут байна. Шалгалтын эхний шатанд 35 ба түүнээс дээш оноо авбал тэнцэж, дараагийн шат болох Монгол хэл, Монгол бичгийн шалгалтад орох эрхтэй болно. Харин монгол хэл, бичгийн, кирилл бичгийн шалгалтын хугацаа 30 минут үргэлжилнэ. Ерөнхий шалгалтын хоёр дахь шат монгол хэл бичгийн шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авч дараагийн Дүн шинжилгээ хийх шалгалтыг өгөх эрхтэй болно. Энэ шалгалт нь 20 минут үргэлжлэх бол сэтгэхүйн чадамжийг үнэлэх шалгалт 10 ба түүнээс дээш оноо авсан иргэн тэнцэж, гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэнэ.

-Өмнөх жилүүдийнхээс юугаараа өөрчлөгдсөн байгаа вэ?

-Хуучин хуулийн хүрээнд хууль эрх зүйн шалгалтыг авдаг байсан. Мөн бичиг баримтын бүрдлээр оноо өгч байсан юм. Мөн ярилцлагын шалгалт авдаг байсан. Харин энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалтын хувьд ярилцлагын шалгалт байхгүй. Ярилцлагын шалгалтыг албан тушаалын буюу тусгай шалгалт авах үед авна. Өмнө нь хууль голлодог байсан бол энэ удаа Монгол Улсын түүхээс нийгэм эдийн засгийн бодлого зорилтоос тестэд орж ирнэ. Төрийн албанд бэлтгэж байгаа иргэдийн зүгээс шалгалтын тестийн номоо гаргаач гэсэн санал ирдэг. Энэ саналын хүрээнд тестийн ном гарсан байгаа. Хуучин хууль тогтоомжийг хасч шинээр нэмэгдсэн сэдвээс нэмж оруулж өгсөн.

 -Нөөц бүртгэгдсэн иргэд дарааллаараа орж байгаа гэдгээ яаж мэдэх вэ. Зарим нь дарааллаас түрүүлж орох тохиолдол гардаг?

-Өмнөх хуулийн зохицуулалтаар нөөцөд бүртгэгдсэн иргэдээс шууд албан тушаалд томилогдог байсан. Томилох эрх бүхий тушаалтан байгууллага нь ажлын байрны тодорхойлтыг өөрөө баталдаг байсан. Харин шинэ хуулийн зохицуулалтаар томилох эрх бүхий тушаалтан байгууллага нь ажлын байрны тодорхойлолт боловсруулж, Төрийн албаны зөвлөлөөр хянуулсны дараа баталж байгаа.

Шинэ хуулийн зохицуулалтаар нөөцөд орсон иргэн нөөцдөө байж байна. Харин нөөцөөс сул орон тоог нөхөх албан тушаалын болон тусгай шалгалт авах зар гарна. Үүнээс гадна шинэ зохицуулалтаар төрийн албаны тэргүүн түшмэл болон эрхэлсэн түшмэлийн ангилал хамаарч байгаа алба хаагчийн шалгалтыг төрийн албаны зөвлөл зохион байгуулж авна.

Төрийн албаны 48 салбар зөвлөл орон нутаг болон яам агентлагт ажиллаж байна. Ахлах түшмэл туслах түшмэлийн албан тушаалдаа хамаарч байгаа албан тушаалтны шалгалтыг салбар зөвлөл өөрөө зохион байгуулж авна.

-Төрийн албанд улс төрийн хууль бус томилгоо  их хийгддэг. Энэ томилгоонд яаж хяналт тавьдаг вэ?

-Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд энэ асуудалд дэс дараатайгаар арга хэмжээ аваад явж байгаа. Шинэтгэлийн хүрээнд улс төрийн албан тушаалтнаас томилдог албан тушаалтнуудын судалгааг өнгөрсөн жилээс авч үзэхэд 560 орчим албан тушаалтныг улс төрийн албан тушаалтан томилдог.

Энэ томилгоонд тэд өөрсдөө дур мэдэж томилдоггүй. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд томилдог. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд гэхэд улсын чанартай гуравдугаар шатлалд байдаг том эмнэлгийн дарга захирлыг томилж байгаа. Харин Боловсролын сайд БСШУСЯ-ны харьяа лаборатори сургууль болон их дээд сургууль, соёл шинжлэх ухааны байгууллагыг томилж чөлөөлдөг. Харин орон нутгийн хувьд орон нутгийн өмчит ерөнхий боловсрол сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг аймгийн Засаг дарга томилдог байгаа. Ийм зохицуулалт холбогдох хуулиндаа байгаа учраас энэ томилгоо хийгдээд байгаа юм. Төрийн албаны зөвлөлөөс барьж байгаа бодлогынхоо хүрээнд аль болох төрийн алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс улс төрийн томилгоог цөөрүүлж багасгаач гэсэн саналыг тавьж байгаа. Харамсалтай холбогдох хууль тогтоомжид энэ асуудал орохгүй байгаа учраас улс төрийн албан тушаалтнууд томилгоог нэлээд хийж байгаа гэдэг зүйл яригдаж байна.

 -Төрийн албан хаагчийг үндэслэлгүйгүйгээр ажлаас халдаг асуудал хавтгайрсан. Энэ асуудалд танайхаас ямар арга хэмжээ авч байна вэ?

-Төрийн албан хаагчид үндэслэлгүй халагддаг асуудал дээр төрийн албаны зөвлөл хяналт шалгалтынхаа хүрээнд ажиллаж байгаа. Шинэ хуулийн зохицуулалтаар төрийн албаны хүний нөөцийн аудит хийх үүрэг Төрийн албаны зөвлөлд ирсэн.

Он гарснаас хойш Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын хоёр алба хаагч хууль бусаар халагдсан байсныг буцааж ажилд нь томилуулсан. Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын дарга хууль бусаар ажлаас халагдсан байсныг буцаан томилуулж, буруутай этгээдээс холбогдох зардлыг гаргуулсан байгаа. Мөн БСУШСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга хууль бусаар ажлаас халагдсан маргаантай асуудлыг Төрийн албаны зөвлөл шийдвэрлэсэн.

-Хууль бусаар ажлаасаа халагдсан алба хаагчийг ажилгүй байх үеийн цалинг хаанаас яаж олгодог вэ?

-Хуульзүйн сайдын багцад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зардал туссан байдаг. Эхний ээлжинд төсвөөс төлчихөөд дараа нь буруутай албан тушаалтнаас болж ийм зардал гарчээ гэдгийг дотоод хяналт шалгалтаар тогтооно. Тэгээд учирсан хохирол мөнгийг буруутай албан тушаалтнаас өөрөөс нь гаргах нэхэмжлэлийг Төрийн албаны зөвлөлөөс прокурорын байгууллагатай хамтарч гаргана гэж ойлгож байгаа. Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд Аудитын ерөнхий газраас дэмжлэг хүснэ. Дээрээс нь АТГ-тай ч хамтарна. Буруутай албан тушаалтнаас хувиас нь зардлыг төлүүлдэг болно.

-Халагдсан алба хаагчид ер нь цалин хөлсөө олж авч чаддаг юмуу?

-Шүүхийн шийдвэр гарсан бол биелүүлэх ёстой. Ажилгүй байх үеийн цалинг төсвөөс гаргачихаад байсан. Төсвөөс олгосон ч гэсэн төрийг хохиролгүй байлгах үүднээс буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлдэг байх ёстой.

-Танай нэхэмжлэлтэй шүүх хурал маргааш/өнөөдөр/ Захиргааны хэргийн шүүх дээр болох юм билээ. Энэ ямар хэрэг вэ?

-Төрд хохирол учруулсан буруутай шийдвэрийг гаргасан албан тушаалтнаар нь мөнгийг нөхөж төлүүлье гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй шүүх хурал Баянзүрх дүүрэг дээр болно. Шүүх хурал болоогүй хариуцагчийг нь олон нийтэд зарлах боломжгүй.

-Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас хууль бусаар ажлаасаа халагдсан алба хаагчид танайд хандсан байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Хэлтсийн дарга, мэргэжилтнүүд гэсэн найман алба хаагч хууль бусаар халагдлаа гэж шүүхэд өргөдөл өгсөн. Хууль бусаар халсан нь үнэн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарчихаад байхад ажилд нь томилохгүй асуудал байсан. Үүнд манайхаас хууль дээдлэх үүднээс шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа тул буруутай этгээдээс төрд учруулсан хохирлыг нөхөн гаргуулъя гэж шийдсэн.

-Дүүргийн Засаг дарга Алдаржавхлангийн халсан шийдвэр үү?

-2016 оны сонгуулийн дараа халагдсан алба хаагчид байгаа юм.

-Төрийн албаны зөвлөлөөс яам, Тамгын газруудад шалгалт хийж байгаа гэсэн. Шалгалтаар ямар зөрчил илэрсэн вэ?

-Төрийн албаны зөвлөлөөс БОАЖЯ, ЗТХЯ-д шалгалт хийсэн. Одоо орон нутгийн нэг байгууллага болон хоёр яаманд хяналт шалгалт хийхээр төлөвлөж байна. Шалгалт хийнэ гээд нэрийг нь хэлчихээр бэлтгэлээ хангачихдаг. Иймээс нэрийг нь зарлах боломжгүй байна. Ирэх долоо хоногоос хяналт явуулна.

 -Төрийн алба хаагчдын сахилга хариуцлагын тухай хууль хэзээ батлагдах вэ?

-Энэ хуулийн төсөл өнгөрсөн онд гарч жижиг ажлын хэсгийн хүрээнд яригдсан. Сахилга хариуцлагын хууль хэзээ батлагдахыг хэлж мэдэхгүй байна. УИХ-д албан ёсоор өргөн баригдаагүй. Сахилга хариуцлагын хуулийн хүрээнд ёс зүйн асуудал давхар явж байгаа гэж ойлгож байгаа. Өнөөдрийн байдлаар төрийн захиргааны үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг Засгийн газраас баталсан. 25 ба түүнээс дээш албан хаагчтай төрийн байгууллагуудад ёс зүйн зөвлөл өөр дээр байгуулагдаж ажиллана. Ёс зүйн зөвлөлийг төрийн төв байгууллага, яам тамгын газраас ингэж байгуул гэж шахаж байгуулахгүй. 

 

О.Гал 

 

Ярилцлага

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.