| | USD/MNT 0₮

М.МӨНХДЭЛГЭР:ТУСГААРЛАЛТААС ГАРЧ БАЙГАА ХҮМҮҮС ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ УХАМСАРТАЙГААР БИЕЛҮҮЛМЭЭР БАЙНА

Тусгаарлах байрнаас гарч байгаа иргэд гэрийн хорионд буюу гэртээ өөрсдийгөө 14 хоног тусгаарлах ёстой. Гэтэл тусгаарлалтаас гарчихаад гэртээ өөрийгөө тусгаарлахгүй гадуур сэлгүүцэх, мөн олон хүн цуглуулж найр наадам хийсэн тохиолдол ч холбогдох байгууллагуудад бүртгэгдэж, хариуцлага тооцуулсан байна.

Иймээс тусгаарлалтаас гарч, гэртээ өөрийгөө дахин 14 хоног хязгаарлаж, дэглэм сахих ёстой иргэдэд Нийслэлийн эрүүл мэндийн газар болон хороо дүүргийн засаг захиргаа, өрхийн эмнэлгийн эмч нар мөн цагдаагийн байгууллагаас хяналт шалгаж тавьж байгаа юм.

Ингээд НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэртэй ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд яг хэчнээн иргэн тусгаарлах байрнаас гарсан байна вэ?

-Гуравдугаар сарын 27-ноос өчигдөр өглөөний байдлаар гэвэл гэрийн ажиглалтад нийт 2019 хүн байна. Харин өнөөдрийн байдлаар 1069 хүн өрхийн эмчийн хяналтанд байна.

Манай 142 өрхийн эмнэлэг болон тосгоны эрүүл мэндийн төвүүд гэрийн ажиглалтад байгаа иргэдийг хянаж байна. Харин 947 иргэний гэрийн 14 хоногийн ажиглалтын хугацаа дуусаад хяналтаас гарсан. Хөдөө орон нутгаас шилжиж ирсэн 271 иргэн байна.

-Ер нь иргэд тусгаарлалтаас гараад гэрийн ажиглалтад байхдаа юуг анхаарч, ямар зөвлөмж дагаж мөрдөх ёстой вэ?

-Олон хүнтэй газраар явахгүй байх. Олон хүн цуглуулахгүй байх. Өгч байгаа зөвлөмжийн дагуу гараа угааж, амаа угаах, өөрсдөдөө зориулсан аяга таваг нь тусдаа байх ёстой. Эдгээр зөвлөмжийг ягштал биелүүлж, дэглэм зөрчихгүй бол 14 хоногийн хугацаагаа дуусгаад гарч болно. Хэрвээ ямар нэгэн зовиур биед илрэх юм бол өрхийн эмнэлэгтээ утсаар шууд мэдэгдэх ёстой.

Сүүлийн хоёр хоногийн хугацаанд гэрийн ажиглалтад байгаа иргэд өрхийн эмч нарынхаа үгэнд орж зөвлөмжийг дагаж байгаа нь сайшаалтай. Гэхдээ хөл хорионы дэглэм зөрчиж байгаа, гадуур явж байгаа иргэд мэр сэр байна. Энэ халдварт өвчин маань ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байгаа учраас уг халдварыг нийтэд нийгэмд тараахгүй тулд өвчтнийг гэрээр ажиглалтад авч байгаа шүү гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй байна.

-Тусгаарлалтаас гараад гэртээ байх хугацаандаа олон хүн цуглуулж найр наадам зохион байгуулсан тохиолдол байгаа гэсэн. Иргэд иргэний үүргээ ухамсарлахгүй байна уу даа?

-Тийм, ийм тохиолдол өмнө нь гарсан. Ийм иргэнд цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно.

-Тусгаарлалтаас гарч байгаа иргэн гэртээ өөрийгөө яаж тусгаарлах вэ. Магадгүй олон ам бүлтэй хэрнээ монгол гэрт амьдардаг хүн байвал яаж тусгаарлагдах уу?

-Гэрт байхдаа өөрийнхөө хэрэглэж байгаа аяга тавгаа тусад нь байлгах. Маскаа зүүх, болж өгвөл гэр бүлийнхэнтэйгээ нэг метрээс дотогш ойртож харьцахгүй байх зөвлөмжийг өгч байгаа.

-Тусгаарлалтаас гарангуутаа гэрийн хаягаа буруу хэлсэн байх, эсвэл утасны дугаараа буруу өгсөн байх гэх мэтээр эргээд ямар ч холбоогүй ор сураггүй алга болж байгаа иргэдийг яаж олж байгаа вэ?

-Ийм тохиолдол 13 бүртгэгдсэн. Эдгээр хүмүүсийг дүүргийн штабад болон нийслэлийн цагдаа, тагнуулын газарт мэдэгдээд тэр иргэдийг олсон. Ингээд зөвлөмж өгсөн, гэртээ зөвлөмжөө дагаж, тусгаарлагдсан. Харин өнөөдрийн байдлаар нэг иргэний утас холбогдохгүй байна.

-Тусгаарлалтаас гараад биед нь ямар нэг зовиур илэрч, эргээд эмнэлгийн байгууллагад хандсан хэчнээн тохиолдол байгаа вэ?

-Зөндөө байлгүй яах вэ. Ийм тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвтэйгээ утсаар холбогдоод зөвлөгөө авах, шаардлагатай тохиолдолд эмнэлэгт хэвтүүлж, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа.

-Эмнэлгийн тусламж гэхээр яг ямар тусламж үзүүлэх вэ?

-Гадаадад хавдрын улмаас тусламж үйлчилгээ аваад эх орондоо ирсэн хоёр ч тохиолдлыг эмнэлэгт хэвтүүлсэн. Элэгний үйл ажиллагаа нь алдагдсан гэх оноштой. Мэс заслын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг өрх болон дүүргийн эмнэлгээрээ мөн үзүүлж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

-Тусгаарлалтаас гарсан иргэдийг эргээд хянахад ачаалал хэр байна. Ямар ямар байгууллагууд хамтран хяналт тавьж байгаа вэ?

-Улсын онцгой комиссоос хаяг нь ирж байгаа. Ингээд дүүргийн онцгой комиссоор дамжиж иргэдийн нэрс Өрхийн эмнэлэгт очиж байгаа. Дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан хяналт хийхэд ачаалал өндөр байсан. Харин сүүлийн үед иргэдийн ухамсар дээшилж, өрхийн эмнэлгийн эмч нарынхаа хяналтанд хариуцлагатай байж сурч байна.

Гэхдээ дахин дахин сануулахад, энэ тусгаарлалтаас гарсан иргэд маань олон хүн нэг дор цуглуулахгүй, гадуур сэлгүүцэхгүй байх, амны хаалтаа сайн зүүх, өөрөөсөө шалтгаалах эд зүйлсдээ хариуцлагатай цэвэр хандах, дээрээс нь гэртээ чийгтэй цэвэрлэгээг маш сайн хийх ёстой.

-Та нараас өгч байгаа зөвлөмж зөвлөгөөг хэр дагаж, хэрэгжүүлж хийж байгааг гэрт нь очиж үзэх боломж байдаг уу?

-Тодорхой хэмжээнд буюу шаардлага зөрчиж байгаа тохиолдолд утсаар зөвлөнө. Харин дүүргийн Онцгой комиссоор дамжуулан зөрчил байвал түүнийг нь арилгуулж байгаа.

-Өрхийн эмнэлгийн эмч нар хэр ажиллаж байгаа вэ?

-Дүүргийн Онцгой комисс болон хороо хорины Засаг дарга нар, өрхийн эмнэлгийн эмч нар, хорооны нийгмийн ажилтан, Улаанзагалмай, цагдаагийн байгууллага нар хамтран уялдаа холбоо сайтай ажиллаж байгаа.

-Тусгаарлалтаас гарсан иргэд гараад яг ямар дэглэм зөрчөөд байна вэ?

-Улсын онцгой комиссоос нэр ус, хаяг нь ирдэг. Бид холбогдох гэтэл утас нь холбогддоггүй. Хаяг нь тодорхой биш, үгүй бол тэр хаяг дээрээ байхгүй. Мөн гадуур сэлгүүцэж, архидах тохиолдол байсан. Дэлхий нийтийг сандаргаж байгаа энэ халдварт өвчнөөс иргэн та өөрийн өөрийгөө л хамгаалж чадна. Иргэний үүргээ биелүүлэх нь чухал байна.

-Ойрын үед тусгаарлах байрнаас гарах хэчнээн хүн байгаа вэ?

-Нарийн тоог нь мэдэхгүй. Улсын онцгой комиссоос нэрс ирсний дагуу бид хувиарлалтаа хийнэ.

-Иргэдэд хандаж хэлэхэд халдвар хамгааллын дэглэмийг яаж сахих вэ?

-Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулах, ялангуяа бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байх. Зайлшгүй шаардлагатай бол маск бээлийг нь сайн өмсгөх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ сайн хийх, гараа зайлшгүй сайн савандаж сайтар угаах, биеийн дархлаагаа дэмжих хэрэгтэй шүү.

-Хаврын улиралд халдварт өвчин их гардаг. Энэ жил харьцангуй гайгүй байх шиг?

-Тийм. Эрүүл мэндийн байгууллагууд судалгаа хийсэн. Хоёр дугаар сарын 07-ноос эхэлж энэ халдвар бүртгэгдсэн бөгөөд манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд амны хаалт хэрэглэж сурсан. Ингэснээр гар хөлийн халдвар өвчин болон томуу томуу төст өвчин буурлаа. Мөн хүүхдүүдэд тохиолддог менингит өвчны тохиолдол бас буурсан. 

 

Гэрийн ажиглалтад байгаа хүмүүс гэртээ байхдаа өөрийнхөө хэрэглэж байгаа аяга тавгаа тусад нь байлгах. Маскаа зүүх, болж өгвөл гэр бүлийнхэнтэйгээ нэг метрээс дотогш ойртож харьцахгүй байх зөвлөмжийг өгч байгаа.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.