| | USD/MNT 0₮

АТҮТ-ийн байцаагчид улс хоорондын С зөвшөөрлийг 99 мянгаас 1.5 сая төгрөг хүртэл өсгөж дамлан зарж байна

 

Хаа хаанаа, шат шатандаа хээл хахууль цэцэглэж, нүүрлэсэн энэ нийгэмд шударгаар ажил хөдөлмөр эрхэлнэ гэсэн ойлголт байхгүй болжээ. Шат шатандаа авлигын сүлжээ цэцэглэчихжээ. Борчуудад халтай, баячуудад ээлтэй шийдвэрийг ч төр засгаас гаргаж, ажил амьдралаа залгуулах гэж яваа ард иргэдээ шулж амьдарч байгаад арга барагдсан нүүрс тээврийн жолооч тэмцэнэ гэдгээ мэдэгдэв.

Тодруулбал, хоёр хоногийн өмнө “Тээвэрчдийн гэргий нарын холбоо”, “Баян зам” тээвэрчдийн холбоо ТББ-аас АТҮГ-ын байцаагчдад хамааралтай авлигын ноцтой баримтыг дэлгэсэн юм.

Тухайлбал, Тавантолгой-Гашуун сухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрт явдаг жолооч нарыг өдөрт торгох, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг өндөр үнээр буюу 1.5 сая төгрөгөөр дамлаж зарах тохиолдол гарч байгааг шүүмжилж, энэ асуудалд Ерөнхий сайдыг анхаарч харахыг хүссэн юм.

Тавантолгой Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж улсын нийт төсвийн 40 орчим хувийг бие даан бүрдүүлж ирсэн. Энэхүү нүүрсний экспортын тээврийг 170 орчим аж ахуйн нэгж байгууллагад бүртгэлтэй 14 мянга орчим тээвэрчин жолооч гүйцэтгэж, маш хүнд нөхцөлд ажиллаж, 20 мянга орчим өрх гэрийн амьжиргааг давхар залгуулж байна.

Гэвч сүүлийн хэдэн саруудад Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс нүүрс тээврийн үйл ажиллагааны зохицуулалт үйл ажиллагаанд оролцохдоо хүнд суртал, авлига хээл хахууль, төрөл бүрийн шахаа зэргийг өөгшүүлсэн шийдвэрүүд гаргах болсон. Нэг машинд нэг жолооч гэж хэлээд жолооч нарыг торгож эхэлжээ.

Тухайлбал, ААНБ-ын жолооч нарыг хоморголон торгож, бичиг баримтыг нь хураан авч, олон хоногоор чирэгдүүлж ажиллахад нь саад болж байна. Нэг компанид харьяалагдсан бол машиныг нь ямар ч жолооч барьж болно. Гэвч нэг машин дээр нэг жолооч байх ёстой гэсэн шалтгаанаар өдөр тутамд АТҮТ-өөс шалгалт хийж, жолооч нар өчнөөн хоног тээврээ явуулж чадахгүй байна.

Мөн олон улсын ачаа тээвэрт олгогддог С зөвшөөрлийг өндөр үнээр буюу 1.5 мянгаар дамлаж зарж байна. Энэ зөвшөөрөл нь олгогдох ёстой компаниуддаа олгохгүй, олон улсын тээвэр эрхлэх зөвшөөрөлгүй компаниудад олгож, дамлан зарж байгаа баримт бий. Тодруубал нүүрс тээврээр үйлчилгээ явуулдаггүй хятад эзэнтэй компаниудад С зөвшөөрөл хэн нэгнээр дамжиж очоод мөнгө угаах хэрэгсэл болчихоод байна. Тус компанийн хятад эзэд болон АТҮТ-ийн байцаагчид өндөр үнэд хүргэн дамлаж байна гэдгийг хэвлэлийн хурал хийсэн хүмүүс утасны баримтаар дэлгэсэн юм.

Бас нэг зөрчил бол торгуулийн асуудал өдөр бүр гардаг байна. Хамгийн багадаа 100 мянгаас хамгийн ихдээ 1 сая хүртэлх төгрөгөөр цагдаа нар торгодог. Дээрээс нь торгуулийн хуудас гэж огт өгдөггүй. Тэгвэл энэ торгуулийн мөнгө хаашаа ордог байх уу гэсэн хардлага байгааг нуухгүй юм.

Мөн мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх шаардлагыг биелүүлэхэд ойлгомжгүй асуудал үүсгэдэг аж. Тодруулбал, мэргэшсэн жолооч бэлтгэх ямар нэг тусгай дром, сургалтын танхимгүй хүмүүс Цагаанхад сууринд олноор бий болж, мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг 350 мянган төгрөгөөр зарж байгаа нь мэргэшсэн үнэмлэхэд тавигдах шаардлагыг унагаж байгааг онцлов.

Шивээхүрэн боомтод том тэрэг барьдаг жолооч С.Майхүү ярихдаа “Олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлөөр бохир мөнгө угааж байна. Энэ асуудлаас болж хятад компанийн эзэд нь албан журмын бус суутгалыг шууд авдаг. Гэтэл бид нэг эргэлтэнд явж байгаа мөнгөө ар гэр, хань ижилдээ явуулж чадахгүй байна. Зуун юань буюу монгол мөнгөөр 38 мянган төгрөгийг рейс тутамдаа хэн нэгний халаас руу авлига хэлбэрээр хийнэ гэдэг хайран байна.

Албан журмаар олгодог 99 мянган төгрөгийн үнэтэй үнэт цаасыг маань урд аваачаад 1.5 саяд хүргэж дамлаж зарах нь шударга зүйл мөн үү. Энэ нь эргээд жолооч нарт дарамт учруулдаг. Хэдэн жолооч нарын халааснаас мөнгө авч авлигачдыг тэжээдэг. Тиймээс энэ асуудалд Ерөнхий сайд анхаараач. Сэлмээ жаахан доогуур эргүүлж, авто тээврийн үндэсний төвд ажиллаж байгаа байцаагч нар хариуцлага тооцоод өгөөч” гэсэн юм.

АТҮТ-өөс гардаг 99 мянган төгрөгийн хураамжтай олгодог зөвшөөрлийн бичгийг 1.5 сая төгрөг буюу 15 дахин их үнээр дамлан зарах саналыг компани, ААН-ийн захирлуудад тавьдаг бүлэг хүмүүс бий.

Нэг улиралд ийм байдлаар багадаа 500-600 орчим С зөвшөөрлийн бичиг далд сүлжээгээр зарагддаг гэж үзвэл улирал бүр тэрбум орчим төгрөгийн ашигтай наймаа явагдаж таарах нь. Ерөнхийдөө нүүрс тээврийн С зөвшөөрөл авлигын уурхай болжээ.

Хамгийн их хүнд суртал АТҮТ болонТавантолгойд ажилладаг гэрээт цагдаагийн алба хаагч нарт байна гэдгийг онцлов. Шат шатандаа хүнд суртал гаргаж, шантааж хийж, төрийн ажлыг мөнгө олох хэрэгсэл гэж харж байгаа удирдлагууд байцаагч нарт нүүрс тээврийн жолооч нар хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлж холбогдох хүмүүст шаардлага хүргүүлэв. Шаардлагын хариу арга хэмжээг авахгүй бол нэгдсэн жагсаал цуглаан хийж, тэмцлийн хэлбэрт шилжих болно гэдгээ мэдэгдсэн.

Яагаад гэвэл ар гэрээ тэжээх гэж халуунд халж, хүйтэнд хөрж хар нүүрс болтлоо холын тээвэрт хүнд нөхцөлд ажиллаж байгаа тэднийг мөнгө ашиг хонжоо хэмээн харж байгаа авлигачидтай тэмцэхээр болжээ.  

 

 

Олон улсын ачаа тээвэрт олгогддог С зөвшөөрлийг өндөр үнээр буюу 1.5 мянгаар дамлаж зарж байна. Энэ зөвшөөрөл нь олгогдох ёстой компаниуддаа олгохгүй, олон улсын тээвэр эрхлэх зөвшөөрөлгүй компаниудад олгож, дамлан зарж байгаа баримт бий. Тодруубал нүүрс тээврээр үйлчилгээ явуулдаггүй хятад эзэнтэй компаниудад С зөвшөөрөл хэн нэгнээр дамжиж очоод мөнгө угаах хэрэгсэл болчихоод байна. Тус компанийн хятад эзэд болон АТҮТ-ийн байцаагчид өндөр үнэд хүргэн дамлаж байна гэдгийг хэвлэлийн хурал хийсэн хүмүүс утасны баримтаар дэлгэсэн юм
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.